УИХ-ын нэр бүхий 28 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг УИХ-ын даргад өнгөрсөн тав дахь өдөр өргөн барьсан билээ.

Ерөнхий сайдыг огцруулах саналд МАН-ын 26 гишүүн гарын үсэг зурсан бол Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Ж.Батзандан, МАХН-аас УИХ-ын гишүүн Л.Цог нар дэмжиж гарын үсгээ зуржээ. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг гарын үсэг зурсанд намын зарим гишүүд эгдүүцлээ илэрхийлж байгаа аж.

Харин Ж.Батзандан өөрийн цахим хуудаснаа  “Би гарын үсгээ зурсан, миний байр суурь анхнаасаа энэ Засгийн газар муу ажиллаж байна. Огцрох шаардлагатай гэдгийг маш олон удаа илэрхийлж байсан. Одоо ч энэ итгэл үнэмшил маань хэвээрээ байгаа болохоор гарын үсгээ зурсан юм. Засаг сайн ажилласан, иргэдийн амьжиргаа дээшилсэн, эдийн засгийн үзүүлэлт өссөн бол засгийг огцруулах шалтгаан байхгүй. Даанч эсэргээрээ ажилласан. Эх орныхоо газрыг гадныханд 100 жилийн хугацаатай өгөх хуулийн төсөл оруулж ирсэн Засгийн газрыг огцруулахаас өөр аргагvй. Засагт асуудал байна, намаараа хэлэлцье, шийдэл гаргая гэхээр Их хурлаа, ҮЗХ-ны хурлаа хийхгvй, намын дvрмээ зөрчөөд олон жил боллоо” гэсэн байна.