энхсайханМАХН-ын дарга Н.Энхбаяр Монголдоо ирж улс төрийг сонирхолтой болгож байна. Түүний талаарх элдэв мэдээлэл урьдын адил хөврөх боллоо.

Тэрээр Монголд Н.Алтанхуягийн Засгийн газрыг аврах гэж ирсэн нь тодорхой болсон. Харамсалтай нь "Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь ухлаа" гэдгийг харуулав. АН-тай 10 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь нийгмийн өргөн эсэргүүцэлтэй тулгарлаа. Ялангуяа АН-ын гишүүд өргөн фронтоор эсэргүүцэж байна. Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, М.Зоригт гээд АН-ын нөлөө бүхий хүмүүс асуудлыг буруутгав. АН-ын бүлэг ч гэсэн хаалттай хуралдаанаараа асуудлыг хэлэлцэж Н.Алтанхуягийг зэмлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч гэсэн "Засах байх" гэж анхааруулга өгөв. Өөрөөр хэлбэл энэ гэрээ Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяаг шийдчих шиг боллоо. 

    Харин гэрээг санаачлагч, байгуулагч, гэрээний талаар хамгийн түрүүнд байр сууриа илэрхийлсэн Н.Энхбаяр одоо болтол усанд хаясан чулуу шиг чимээгүй болов. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол тэрээр гэрээнийхээ алдаа оноог дүгнэж байгаа бололтой. Ийм ажил хийхийн зэрэгцээ намын гишүүдтэйгээ уулзсаар байна. Засгийн газрыг огцоруулах ёстой гэж гарын үсэг зурсан УИХ-ын дэд дарга Л.Цогтой уулзаж их ятгалаг хийсэн сураг гарав. Харин Л.Цог өөрийн зарчим, сонголтондоо үнэнч үү эсвэл Н.Энхбаярын дарамтад орсон уу гэдэг нь Н.Алтанхуягийг огцоруулах кноп дарах үед ил болно. 

    Н.Энхбаяр ирснээсээ хойш олон хүнийг голд нь ортол гомдоож байгаа мэдээлэл ирлээ. Тэрээр Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат гээд хамгийн хэцүү үед дэргэдээ байсан хүмүүсийг "баяртай" гэж хэлж байгаа гэнэ. Тиймээс энэ гурав ихээхэн гомдолтой болсоноос гадна Н.Энхбаяраас үлдсэн хугацааны улс төрийн амьдралаа салгаж байгаа гэж тайлбарлагсад саарал ордноор их тааралдав. 

    Н.Энхбаярын үл тоож байгаа өөр нэг чухал хүн бий. Тэр бол МҮАН-ын дарга М.Энхсайхан юм. Н.Энхбаяр Монголд ирснээсээ хойш М.Энхсайханаас бултах болжээ. М.Энхсайхан хэд хэдэн удаа уулзах гэсэн боловч уулзаагүй гэсэн яриа эрчимжиж байна. Уг нь М.Энхсайхан түүнийг хэцүү үед түшсэн. Даанч замын дунд Н.Энхбаярын тухай хэдэн эвгүй үг унагасан л даа. Түүнд юм санадаг гэсэн яриаг тасалж М.Энхсайхан БНСУ-д эмчлүүлж байхдаа Н.Энхбаяртай уулзсан зургаа түгээж байсан. Тэдний уулзалтын зургийг харсан хүмүүс хоёр дарга ойртжээ гэж дүгнэсэн. Харамсалтай нь тэр дүгнэлт андуу бололтой. Н.Энхбаяр хамтарч "Шударга ёс" эвсэлийг байгуулсан М.Энхсайханаа УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээс ч доогуур үнэлж басч байгаа бололтой. Үүнийг сүүлийн үеийн олон үйл явдал баталж байна. Нэгд МҮАН-ын Засагт сайдгүй үлдээх гэж санаархсан. Хоёрт МҮАН-ынханыг гадуурхан харьцдаг болсон гэх. ГуравтН.Алтанхуягтай гэрээ байгуулахдаа М.Энхсайханыг оролцуулаагүй. Дөрөвт байгуулсан гэрээндээ М.Энхсайхны өмнөөс нь асуудлыг шийдвэрлэсэн заалтууд оруулсан. Тавд МҮАН-ын асуудлыг М.Энхсайхан биш би шийддэг болсон гэсэн хандлагыг үзүүлэх болсон гэж ажиглагчид үзэж байна. Энэ бүхэн М.Энхсайханыг дэндүү их басаж байгаагийн илрэл боллоо. Харин энэ бүх үйл явдлын талаар М.Энхсайхан ямар нэгэн тайлбар өгөхгүй чимээгүй сууж байна. Удахгүй тэр хэн болохоо харуулж бөмбөг тэсэлж мэдэх л юм. Эсвэл Н.Энхбаярт бүхий л байр сууриа алдаж, намын гишүүдээ гадуурхуулж, улс төрчийн хувьд хэн ч биш болон хувирах үйл явцыг түргэтгэж болох юм.