С.Баяр, М.Энхболд нарын түүх АН-д давтагдах уу?  

МАН-аас өргөн барьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, 54.5 хувийн саналаар уг асуудал дэмжигдлээ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 36 нь Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг огцруулах нь зөв гэж үзсэн бол 30 гишүүн татгалзсан кноп дарсан юм. Ийнхүү  Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулснаар түүний орыг хэн залгамжлах вэ гэсэн асуулт Монголчуудын анхаарлыг татаж байна. Ялангуяа Засгийг огцруулах асуудал тавигдахтай зэрэгцээд дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг яриа  улстөрийн хүрээнийхний дунд хөндөгдөж эхэлсэн юм.  УИХ-ын дарга З.Энхболдыг Ерөнхий сайд болно гэсэн  ч  “Ерөнхий сайд болох хүсэлгүй” гэдгээ хэвлэлээр зарласан.  Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, БСШЦУ-ны сайд Л.Гантөмөр, Улсын Ерөнхий прокурор Дорлигжав, “Эрдэнэс Оюутолгой”-н ТУЗ-ийн дарга Д.Ганболд, хотын дарга Э.Бат-Үүл нарын нэр дуулдана. Маргааш болтол өөр хүмүүсийн нэр нэмэгдэх байх. АН-ын ҮЗХ-г маргааш хуралдуулна. Эндээс үндсэндээ 28 дахь Ерөнхий сайдын нэр тодрох болов уу. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг намынхаа даргаар үлдэж магагүй гэсэн мэдээлэл ч бий. Тэгвэл дараагийн Ерөнхий сайд намын дарга бус хүн байх нь. МАН-ын даргаар С.Баяр томилогдоод буцаж орж ирэнгүүтэй, “Ялыг нь үүрч байна,  ямбыг нь ч бас эдэлнэ” гээд М.Энхболдоос Ерөнхий сайдын албан тушаалыг нь авсан удаатай. МАН-ын дарга нарын түүх АН-д давтагдах уу гэдгийг харах л үлдэв. АН-ын фракциудын ойлголцлоос их зүйл шалтгаална.

28 дахь Ерөнхий сайд улстөрийн ямар сонголт хийх вэ?

Монгол Улс тун удахгүй 28 дахь Ерөнхий сайдтай болно. МАН, АН,  улстөрийн бусад хүчин дотроо хүлээлттэй, бас үгүй “хор найруулаастай”  хоногууд үргэлжилнэ. АН-ын ҮЗХ-ны хуралдааныг бүгд л анхааралтай ажиглаж байна. Хэн Ерөнхий сайдад нэр дэвшихээс улстөрийн аль намтай хамтрах вэ, “Шударга ёс” эвсэлтэй хэвээр үлдэх, эсвэл С.Баяцогтын хэлээд байгаа шиг Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах уу гэдгийг шийдвэрлэнэ. “Шударга ёс” эвсэл АН-тай хамтарсан Засгийн газраа үргэлжүүлээд явах сонирхолтой  байх биз. Мөн хөндлөнгөөс МАН-ынхан зүгээр хараад суухгүй нь мэдээж. Энд бас нэг зүйл бий. 2008 онд МАН УИХ-д 45 суудал авчихаад АН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан. Харин 2012 оны сонгуулийн өмнөхөн хамтарсан Засгийн газраас гарч буйгаа АН-ын дарга Н.Алтанхуяг зарлаж,  сайд нараа С.Батболдын танхимаас гаргасан.  АН-ын шинэ Ерөнхий сайд нь МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан тохиолдолд 2016 оны сонгуулийн өмнө энэ түүх бас давтагдахгүй гэх баталгаагүй. Сөрөг хүчин улстөр хийнэ. Аль нам сонгуульд олонхи болж,  төр засгийн эрх мэдлийг авахын төлөө байдаг  шүү дээ. Тиймээс М.Энхболд Засгийн газарт сайд нараа оруулаад,  сонгуулийн өмнө гараад явчихвал  яах вэ. Ийм хувилбар сонгохгүй  байж болох  ч  Ерөнхийлөгч болон сөрөг хүчний зүгээс "дан дээл"-тэй сайд нар томилохыг  шаардаж, сануулж байгаа. Энэ мэт олон асуулт хариулт нэхсээр байна.