Сүүлийн жилүүдэд улсын Нийслэлд өндөр өндөр барилга орон сууц ар араасаа сүндэрлэх болсон. Энэ нь сайшаалтай хэрэг бөгөөд Нийслэлд өнгө үзэмж нэмээд буй билээ. Үүнээс гадна манай улсын авто машины тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь замын хөдлөгөөний ачаалал нэмэгдэх болжээ.
 
   Замын хөдөлгөөний ачаалал ихэсч байгаа энэ үед зөв зохицуулалт хэрэгтэй болоод буй бөгөөд үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийсэн ба нэгдүгээр эгнээнд хөдөлгөөнд саад учруулан машинаа байрлуулсан тохиолдолд ачиж тээвэрлэн торгууль ногдуулдаг болоод багагүй хугацааг ардаа орхиод буй. Энэхүү арга хэмжээнүүд нь цагаа олсон бөгөөд хэрэгжилт сайн байгаа билээ.

   Гэсэн хэдий ч хөдөлгөөний ачаалал тэгтлээ буурахгүй байгаа юм. Үүнээс гадна өнөөдөр манай Нийслэлд 200 мянга хол давсан машин хөлхөж байгаа. Тиймдээ ч замын түгжрэл, авто машины зогсоолын хомсдол чинээндээ тулчихсан.  Тэр дундаа авто машины зогсоолын асуудал үйлчилгээ авах гэж буй иргэдэд ихээхэн хүндрэл учруулж байгаа юм.  Уг нь орчин үед тавигдаж буй шаардлагаар бол шинээр баригдаж буй барилга байгууламж гадна дотноо автомашины зогсоолтой байх ёстой аж.

    Гэтэл энэ шаардлагыг хангаж буй барилга байшин нийслэл хотод маань хуруу дарам цөөн байна. Үнэндээ бодит байдал дээр огт байхгүй гэхэд болно. Машины зогсоолтой барилга баригдлаа ч тэр нь зөвхөн тухайн байгууллага болон ажиллагсдад л хамаарагддаг байна. Харин орон сууцны хувьд оршин суугчдад нь хүрэлцэхтэй үгүйтэй байдгаас гадна ирж буцаж буй хүмүүст бүр ч хүндрэлтэй байгаа юм.

   Сүүлд баригдсан орон сууцны хувьд дотор талбай зогсоол зэрэг нь бөгс эргэх зайгүй баригдсан байдаг. Осолдохгүй нэг хүүхдийн тоглоомын талбайтай байх жишээний. Нийслэлийн төвийн дүүрэгт жаахан л зай гарвал барилга барьчихдаг бөгөөд аль болох л хотынхоо төв рүү байвал үнэ нь өсдөг тул бизнесмэнүүд ихээр сонирхдог аж. Гэвч нөгөө талаас төрийн болоод үйлчилгээний байгууллагуудын ихэнх нь хотынхоо төвд төвлөрч бөөгнөрсөн байдалтай болчихоод буй.

  Дэлгүүр, ресторан, газрын алба нь нэг хэсэг газар бөөгнөрсөн бөгөөд Нийслэл хотыг дэд төвүүдэд хувиарлан хөгжүүлэх төлөвлөгөө гарсан боловч энэ нь ойрын хэдхэн сарын дотор бий болчих зүйл биш билээ. Ийм нөхцөлд төрийн, амины үйлчилгээ авахын тулд хотын төвийг зорихоос өөр аргагүй. Харин машин тавих газар тун хомс байна. Үүнтэй холбоотойгоор байгууллагынхаа урд зогсоолыг хашаатай болгоод л төлбөр авч байгаа газрууд байна.

   Зарим байгууллага 30 минут зогсоход 2000 төгрөгийн төлбөр авч байна. Ийн асуудал хүндэрсээр байгаа бөгөөд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хийж буй ажлуудынхаа нэг хэсэгт бүх төлбөртэй зогсоолуудыг нэгдсэн үнэ тарифтай болговол дээр санагдана. Зогсоол олдохгүй тохиолдолд нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулах хүмүүс өнөөдөрийг хүртэл байсаар байгаа. Азтай байвал ачаагүй, азгүй байвал ачсан байх нь тодорхой.

   Энэ мэтчилэн нийгэмд тулгамдаад буй асуудлуудын нэг бол авто машины зогсоол болоод байна. Зогсоол олдохгүй тохиолдолд сүүлчийн ганц арга нь нэгдүгээр эгнээнд машинаа тавих. 200, 300 мянган машинтай Улаанбаатар хотод 2-3 мянган машин зогсчих хэмжээний зогсоол байхгүй байхад өөр яах вэ дээ. Ингээд машинаа ачуулахаас өөр сонголт үлдэхгүй болж байгаа юм. 

   Манай дарга нар зогсоол барих ажлаа яаравчлаагүй байж нэгдүгээр эгнээ тагласан машиныг авч явдаг техникүүдийнхээ тоог нэмчихсэн. Эхлээд автомашинаа байрлуулах зогсоолыг хангалттай байгуулсанаар мөрдөх дүрэм журмыг гаргах хэрэгтэй билээ. Харин тэд эхлээд дүрэм журомаа гаргаад дараагаар нь мөрдөх боломжыг нь бүрдүүлдэг. Гэхдээ өнөөдрийг хүртэл бүрдээгүй байгаа юм.

Ч.Гэрэлтуяа