Өнгөрсөн долоо хоногт "Амжилтын төлөө" нэвтрүүлгийн зочноор Монголын ухааны академийн захирал Х.Хатанбаатар, тус академийн сурагчид уригдан оролцсон билээ. Нэвтрүүлгийн үеэр Х.Хатанбаатар үзэгчиддээ шоог харахгүйгээр эвлүүлж үзүүлсэн юм. Харин энэхүү бичлэгийг үзсэн фэйсбүүк хэрэглэгчид гайхалтай хэмээн магтан сайшаасан. Гэвч сайн уу хажуугаар саар зүйл ямагт дагаж явдагийн жамаар хэсэг бүлэг нөхөд тааруухан сэтгэгдэл бичин үлдээжээ. Цахим ертөнцөд түүний оролцсон тус нэвтрүүлгийг маш олон хүн шэйр хийж, лайк дарсан. 

Х.Хатанбаатар нэгэн цахим хуудсанд нийтлэгдсэн сөрөг сэтгэгдлийг харан өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Сайн байцгаана уу, шоо эвлүүлж буй бичлэг маань энэ хуудсанд байгааг хэд хэдэн найз mention хийсэн байна. Хэсэг хугацаанд хүмүүсийн сэтгэгдлийг уншлаа. Юуны өмнө дэмжиж урмын үг илгээсэн хүмүүст талархсанаа илэрхийлье. Сөрөг сэтгэгдэл бичиж байгаа хүмүүст зориулаад энэ бичлэгийн талаар мэдээллийн чанартай хэд хэдэн тайлбар хийе.

1-Нэвтрүүлэгчийн хүсэлтээр ой тогтоолтын нэг даалгавар гүйцэтгэх хэрэгтэй байсан юм. Тиймээс шоо харахгүйгээр эвлүүлэхийн тулд хольж өгсөний дараа бүх нүдийг алгоритмтай хослуулан цээжилсэн ба даалгаврыг үнэнчээр гүйцэтгэж дуусгасан. Толинд ойлгож хараад эвлүүлсэн зүйл байхгүй.

2- Харахгүй эвлүүлэх төрөлд хамгийн богино хугацаа маань 1 минут 05 секунд. Дэлхийн Рекордоос 3 дахин бага гэсэн үг. Мөн MultiBlindfold буюу 40 минутад нэг дор 10 шоог алдаагүй эвлүүлж байсан. Шоо эргүүлэх хурдны хувьд би мэргэжлийн тамирчин биш. Хааяадаа л нэг эвлүүлдэг. Энэ удаа нэлээн удаан эвлүүллээ. Тиймээс шоо эвлүүлэхийг мэргэжил болгосон дэлхийн дээд амжилт тогтоосон хүмүүстэй битгий харьцуулаасай гэж хүсэж байна.

3- Шооны хувьд хэдэн алгоритм цээжлээд эвлүүлж сурах нь нэг хэрэг. Хамгийн гол ач холбогдол нь юундаа байна вэ гэхээр ХУРДТАЙ эвлүүлэхэд л оршдог. 10 секунд, 15 секунд гэх мэт. Энэ үед маш хурдтай сэтгэх шаардлага гарна. Бүх нүдийг тооцоолж хамгийн цөөн үйлдлээр эвлүүлэх хэрэгтэй болдог. Энэ түвшинд хүрсэн нөхцөлд сэтгэх чадвараа гайхалтай түвшинд хөгжүүлж байгаагийн илрэл гэж үздэг. Манай тамирчид дунд хараад 7 секундэд, харахгүйгээр минутаас бага хугацаанд эвлүүлдэг хүүхэд, залуус бий. Манай байгууллага дээр ирээд бодитоор үзэж харж болно шүү. Бүх хүнд нээлттэй.

4-Миний хувьд Дэлхийн Шооны Холбооны Монгол дахь албан ёсны төлөөлөгч, Монголын Шооны Холбооны тэргүүн учраас Монголд олон жил тасалдаад байсан энэ спортыг хөгжүүлэхийн тулд 2009 оноос хойш 5 жил зүтгэж олон арван тэмцээн уралдаан зохиож мянга гаруй хүүхэд, залуусыг хамруулан авъяастнуудыг тодруулж гадны тэмцээн уралдаанд оролцох боломжийг хангаад явж байна. Анхны нээлттэй тэмцээнийг 2013 онд Чингис зочид буудалд зохиож байсан. Энэ тэмцээнд дэлхийн Шооны Холбооны Ерөнхийлөгч Рон ван Брухем ирж байсныг зарим шоо сонирхогчид маань санаж байгаа байх.

Өнөөдөр аль ч сургуулийн ямар ч ангид ороход шоо эвлүүлээд зогсож байгаа хүүхдүүд байдаг болсон нь манай хамт олны хийж буй ажлын үр дүн гэж боддог. Удахгүй шооны үндэсний лигийн тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа учраас хүүхэд залуусын сэдлийг төрүүлэх үүднээс энэ нэвтрүүлэгт шоо эвлүүлж үзүүлсэн юм. Ингэснээрээ сар бүр 21 аймагт тогтмол тэмцээн зохиогдож олон мянган хүүхдийг хамруулах боломжтой болно. Тиймээс Монголын Шооны Холбооны нийслэл болон орон нутаг дахь албан ёсны төлөөлөгч болж хамтдаа энэ гэгээлэг үйлсийг түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй хүмүүсийг бидэнтэй хамтарч ажиллахыг урьж байна.

Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Хүндэтгэсэн, Х.Хатанбаатар" гэлээ.