БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын аялал жуулчлалыг зохицуулах хурал боллоо. "Монгол-БНХАУ-ын хилийн бүсийн аялал жуулчлалыг зохицуулах хурал" нэрээр зохиогддог байсан тус арга хэмжээ нь 2014 оноос эхлэн Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын аялал жуулчлалын уулзалт болон өргөжиж шинээр Улаанбаатар хот, ОХУ-ын Өвөрбайгалын хязгаар нэмэгдсэн байна. Уг хурлаар Манжуур-Чита–Улаан-Үд–Эрхүү–Улаанбаатар–Архашаат чиглэлд автомашины аяллууд явуулж эхлэх, “Талын од” нэртэй жуулчны галт тэргийг Хөх хот-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд аялуулах, ӨМӨЗО, ОХУ-ын Өвөрбайгалын хязгаарын залуучуудын аяллыг Улаанбаатар хүртэл өргөжүүлэн явуулах,  гурван улсын санаачлагаар явагдаж байгаа “Цайны зам” аяллын маршрутыг үргэлжлүүлэн дөрөвдөгч орны жуулчдыг татах, хамтарсан сурталчилгаа явуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.