УИХ-ын чуулган шөнө дөл болтол хуралдаж Засгийн газар сайдуудаа томилоод авлаа. Харин үүнтэй зуузай холбон  Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын нэрс ч дуулдаад эхлэв.

Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол хамгийн мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай хүн байх ёстойг үе үеийн Засгийн газар харуулсаар бас сануулсаар ирсэн. Яагаад гэхээр тэд жинхэнэ ажлын талбарт гүйцэтгэгч байдаг учраас тэр байх. Тиймээс албан ёсоор Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын нэрс тодроогүй ч хэвлэлүүд хамгийн ойрын эх сурвалж болон бусад таамгыг дэвшүүлээд эхэлжээ.

 

    Юутай ч Дэд сайдын энэхүү жагсаалтад  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг удирдаж буй О.Магнай, мөн Цөмийн энергийн газрыг удирдсан Н.Тэгшбаяр, Хөдөлмөрийн дэд сайдаар тус яамны Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Б.Баттүвшинг, Батлан хамгаалахын дэд сайдаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх байсан М.Хүдэрбаатар нарын нэрс явна. Энэ бол эрх баригч намаас тодрч буй дэдүүд. Харин бусад нам эвслүүдийн сайдууд хараахан сураг алга.

 

      О.Магнайн хувьд өнгөрөгч хугацаанд барилга, нефть, банк, гар утасны оператор компаниудыг ёстой л жижигрүүлсэн. Тэрээр хэт монополь эрхтэй байгууллагуудтай тэмцсээр өнөөдөртэй золгосон хүн. Тиймээс эрч хүчтэй энэ залууг Засгийн газрын бүтцэд дэвшүүлэн ажиллуулахад болохгүй зүйл алга. Б.Баттүвшингийн хувьд салбартаа газрын даргын алба хашиж байсан гээд туршлага дутах зүйл алга. Нөгөө талаар Б.Баттүвшин нь УИХ-ын гишүүн асан Бадамдамдингийн хүү учраас аавын нөлөөлөл ч энэ томилгоонд байж таарна. Харин М.Хүдэрбаатарын хувьд өнгөрөгч 2012 оны сонгуульд Хэнтий аймагт зодоглоод өвдөг шороодсон. Тиймээс Н.Алтанхуягин албан бус зөвлөхөөр ажиллаж байсан бизнесмэн нөхөр. Намдаа боломжийн хандив өргөсөн энэ залууд төрийн ажлын дадлага туршлага тааруухан байж мэднэ. МАХН-д квот ёсоор очсон Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанааг АН-ынхан хэвээр үлдээх тухай ярьж байгаа ч салбартаа төдийлөн суудлаа бэхжүүлж чадаагүй бөгөөд МАХН болон Г.Шийлэгдамба дэд сайдаа солихыг эрхэмлэж байгаа аж.  

 

       Харин Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярын хувьд Монгол Улсад сая цөмийн гэх ойлголтыг бий болгож энэ чиглэлд дотоод гадаад харилцааг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг. Нөгөө талаар Н.Тэгшбаярын удирдаж байгаа Цөмийн энергийн газрыг татан буулгах тухай УИХ-ын даргын лүндэн бий. Нөгөө талаар Цөмийн энергийн газар татан буугдсанаар ураны асуудал Уул уурхайн яаманд очих байх. Тэгэхээр энэ чиглэлд туршлага сууж ажилласан Н.Тэгшбаярыг энэ яамны дэд сайдад дэвшүүлсэн ч болохгүй зүйл алга. Учир нь хуулиараа агентлагийг удирдаж байсан албан тушаалтныг түүнтэй дүйх албан тушаалыг санал болгодог учраас Уул уурхайн дэд сайд болох магадлал өндөр байгаа юм. Гэхдээ Уул уурхайн сайдад Р.Жигжид дэвшин томилогдсон учраас дэд сайд О.Эрдэнэбулган улирах магадлал ч бас бий.

       

     Юутай ч Хууль зүй, Эрчим хүч, Аж үйлдвэр, Хүнс хөдөө аж ахуй, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Гадаад хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам зэрэг нийт есөн яамны дэд сайд Ардчилсан намын угшилтай гишүүд байх тохироо нам эвслүүдийн дунд байгаа гэх.

 

 

А.Гал