Өнгөрсөн онд улс орондоо өрнөсөн үйл явдлыг тоймлон "Дуулиант-7" нэртэйгээр уншигч авхай танд хүргэсэн билээ. Тэгвэл шинэ оны эхний тоймоо "Тойм-7" нэртэйгээр хүргэж байна. 

-Төсвийн тодотголыг он гарахаар хэлэлцэнэ-

Н.Алтанхуягийн засгийн газар байх үед 2015 оны төсвийг тухай хуулийг өргөн барьсан билээ. Төслийг өргөн бариад удаагүй байхад Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан байгаа. Тиймээс Монгол улс анх түүхэндээ анх удаа Засгийн газрын оролцоогүйгээр 2015 оны төсвийн төслийг баталж орхисон. Засгийн газрын ээлжит хуралдаан болж улмаар ирэх оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Үнэндээ Монгол Улсын 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1.0 их наяд гаруй төгрөгөөр буурахаар байгаа бөгөөд ирэх 2015 онд ч эдийн засгийн нөхцөл байдал энэ оныхоос сайжрах төлөв байдал ажиглагдахгүй байгаа тул ирэх 2015 оны төсвийн орлогыг бодитойгоор тооцох, батлагдсан хэмжээг бууруулах зайлшгүй шаардлага бий болоод байна. 2015 оны батлагдсан төсвийн орлогыг бодитойгоор дахин төлөвлөх, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцож, төсөвт тусгах зорилгоор 2015 оны төсвийн тодотголыг боловсруулжээ. Энэ талаар Засгийн газраас: Дэлхийн эдийн засагт гарч буй өөрчлөлтийн улмаас манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурч байгаагийн зэрэгцээ Оюутолгой ордын үйлдвэрлэл багассан тул энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй байна. Энэ өөрчлөлт ирэх онд ч үргэлжилнэ. Учир нь Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах үед тооцсон эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, хэмжээ, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд буурахаар байна.Дээрх нөхцөл байдалд үндэслэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан үзүүлэлтүүдийг өөрчлөхөөр Засгийн газар шийдвэрлэж, үүнтэй уялдуулж холбогдох хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийслэл хотын албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Бууны албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслүүд энд багтаж байна.Ийм өөрчлөлт хийснээр макро эдийн засгийн суурь үзүүлэлт, түүний дотор Монгол Улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбараас төвлөрүүлэх орлогыг зөв тооцож, улсын төсвийг үр нөлөөтэй зөв төлөвлөх, хуваарилах асуудал бодитой болно” гэж үзэж байгаагаа мэдэгдсэн.

Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7,159.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.8 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 7,599.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 439.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1.8 хувь байхаар баталсан юм. 

-ЗГ-ын шийдвэрээр тусгай 26 санг татан буулгана-

Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тусгай 26 санг татан буулгахаар болжээ.
 
Эдгээрээс дурдвал, Цэвэр агаарын сан, Монгол судлалын сан, Сургалтын төрийн сан, Хүний хөгжил сан, бүх нийтийн үүргийн сан, Эрүүл мэндийн дэмжих сан, Замын сан тэргүүтэй нийт 26 санг татан буулгахаар судалгааны ажилдаа орсон байна. Ч.Сайханбилэгийн тэргүүлж буй Шийдлийн Засгийн газар нь эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас үүдэлтэйгээр улс орныг бүхэлд нь хэмнэлтийн горимд шилжүүлэх бодлого барьж ажиллахаа зарласан. Тиймдээ ч 1500 гаруй төрийн албан хаагчийг цомхотгож, хүүхэд болон оюутны мөнгийг заагтай олгоно гэж буй юм. Үүний хүрээнд улсын мөнгийг хий дэмий зарлагаддаг олон жил ашигүй ажиллаж ирсэн агентлаг, төрийн сангуудыг татан буулгах нь тодорхой болжээ. Тодруулбал иргэдийн хэл ам тасарч үзээгүй Цэвэр агаарын сан байна. Тус сан нь байгуулагдсан цагаасаа зуух тарааснаас өөр дорвитой ганц ч ажлыг хийж ирээгүй гэдэг.
 
Харин улсаас авч зарлагадсан мөнгө нь хэмжээлшгүй их. Хамгийн наад зах нь хуучин удирдлагууд нь улсын 1.9 тэрбум төгрөгийг хувьдаа завшиж ял сонссон байдаг. Улсын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулахаар “Агаарын бохирдолыг бууруулах үндэсний хороо”, “Цэвэр агаарын сан”, “Цэвэр агаар төсөл” зэрэг хэд, хэдэн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд агаарын бохирдол багассан нааштай үзүүлэлт огт мэдэгдэхгүй байгаа билээ. Тиймээс Цэвэр агаарын санг татан буулгаж Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хороотой нэгтгэх нь зүйтэй гэдэг саналд хүрчээ. Харин Сургалтын төрийн сангийн хувьд мөн л татан буулгах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. 70 мянган төгрөгийг бүх оюутнуудад ижил, тэгш системээр үргэлжлүүлэн өгөх шийдвэрийг хэвээр үлдээвэл тус сан үлдэж магадгүй гэнэ. Харин 70 мянгыг оюутнуудад өгөхгүй гэвэл тус санг татан буулгахаас өөр аргагүй юм байна. Учир нь тус санд 70 мянгыг тарааж түүнд хяналт тавихаас өөр хийдэг чухал ажил байдаггүй бололтой. Хүний хөгжил сангийн хувьд 20 мянган төгрөг хүн бүрт тарааж дууссанаас хойш ямар ажил хийж байгаа нь тодорхой бус байгаа юм.
 
Цаашлаад тус санг татан буулгаж эрхэлж буй ажлыг нь яам болон боловсролын газар эсвэл бусад хариуцах албадад өгөх нь бас л хэмнэлт хийх талтай гэж үзэж байгаа аж. Энэ мэт өөр бусад нь хийж болохоор ажлуудыг тусад нь мөнгө төвлөрүүлж сан байгуулж хийлгэж байхын оронд эртхэнээс цэгцэлж улсын мөнгийг хэмнэх нь зүйтэй гэж Засгийн газар шийдвэрлэхээр болжээ.
                                                                                                                                                      Т.Энхэлээ
Эх сурвалж: www.24tsag.mn
 

-Ч.Сайханбилэгийн мэдэгдлийг эрдэмтэд эсэргүүцэн эргүүлэн олон зүйлийг шаардлаа-

Манай улсын эдийн засаг хямарч хүндрэлд орсон гэдэгтэй эдийн засагчид, улс төрийн гишүүдээс эхлэн хүлээн зөвшөөрөх болсон. Ч.Сайханбилэг ерөнхий сайд болонгуутаа л эдийн засгаа аварна хэмээсэн. Тэгвэл түүний эдийн засгаа аврах бодлогод зарим талаараа шүүмжлэлийг дагуулж эхэллээ. Тодруулбал,

Засгийн газраас ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийг төрийн өмчийн их сургуулиудад нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Ийнхүү нэгтгэх болсоноо тэд эдийн засгийн хямрал нэрээр Монгол улсынхаа Шинжлэх Ухааны Академиа санхүүжлэх боломжгүй гэдэг шалтгааныг хэлж байх юм. Харин үүнийг эсэргүүцэн Я.Содбаатар тэргүүтэй 700 гаруй албан хаагчид өчигдөр Чингисийн талбайд идэр есийн хүйтнийг ч үл анзаарч академиа авч үлдэхийн төлөө жагсаал хийлээ.

Жагсаалын дараа тэдний 20 гаруй гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлсэн юм. Энэхүү шаардлагад парламентад суудалтай улс төрийн намуудын 22 гишүүн гарын үсэг зуржээ. Тус академийн ажилчид "ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийг төрийн өмчийн их сургуулиудад механикаар нийлүүлэх нь шинжлэх ухаанаа хөгжүүлэх олон улсын жишиг, өөрийн улсын уламжлалаас ухарсан ноцтой үйлдэл гэж үзэж байна. Дэлхийн аль ч улсад шинжлэх ухаан нь зөвхөн их сургууль дээр хөгждөг, эсвэл ШУА нь харьяандаа хүрээлэнгүй байдаг хэмээн худлаа тунхаглаж явдаг цөөн хүмүүсийн хоосон үгэнд дөрлөгдөн ийм ноцтой алдаатай шийдвэр гаргахгүй байхыг Танд зөвлөе. Ийм шийдвэр гарснаар улс орныг эдийн засгийн хүндрэлээс гарахад ямар ч эерэг нөлөө үзүүлэхгүй бөгөөд харин хөл дээрээ тэнцэж яваа шинжлэх ухааны салбараа унагах аюултай. Тиймээс ШУА-ийн харьяа хүрээлэн, төвүүдийг их, дээд сургуулиудын хананд нааснаар эерэг, сөрөг ямар үр дагавар авчрахыг эхлээд сайтар нягтлах, энэ талаар УИХ-ын холбогдох байнгын хорооноос гаргасан шийдвэрүүдийг судлан үзэх, цаашид УИХ-аар хэлэлцэж буй "Төрөөс шинжлэх ухааны салбарт баримтлах бодлого"-ын баримт бичгийн хүрээнд авч үзэхийг гишүүд шаардлагадаа онцлон дурджээ. Мөн уг асуудлыг өнөөгийн хууль эрх зүйн хүрээнд олон талын оролцоотой, судалгаа тооцооны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа гишүүд илэрхийлэв. Өдгөө Ерөнхий сайд уг шаардлагын хариуд юу өгүүлэхийг хүлээж суух л үлдлээ. Түүний хариуг сонсож байж ШУА-ийнхан дараагийн шатандаа хэрхэхээ шийдэх биз ээ. Түүнчлэн ШУА-ийн ажилчид, Засгийн газраас олгодог санхүүжилтийг шууд олгохыг, Хуульд заасан санхүүжилтын хэмжээнд ойрын 3 жилд багтаан хүргэх, Санхүүгийн олон эх үүсвэртэй болгох, Шаардлагатай багаж төхөөрөмж, орчин үеийн лобаритараар хангах, Цалин хөлсийг 3 дахин нэмж, Хүний нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэхийг шаардлаа. Тайван байсан газрыг бужигнуулж түүнийхээ хариуд өчнөөн их зүйлийг нэмж нэхүүлэх гэж дээ. Хямрал гэж тус академийн төрөөс олгодог санхүүжилтийг төсвөөс 2-3 удаа танасан гэдэг.

-Цомхтголд өртсөн ажилчид гомдолтой байна-

Дэлхийн зах зээл болон дотоодын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан төгрөгийн ханш сүүлийн хоёр жилийн дотор 30 хувийн уналт үзүүллээ. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналт үргэжилсээр байгаа бөгөөд ирэх жил эдийн засагт дарамт учруулсан хэвээр байх уу гэдэг асуултад эдийн засагчид толгой дохин хариулж байна. Төгрөгийн уналтад нөлөөлж буй гол зүйл бол мэдээж гадаад валютын хомсдол.

Монгол Улсын гадаад валютын нөөцийг төв банк 1.3 тэрбум доллар хэмээн зарласан ч үүнээс багассан байж болохыг үгүйсгэмгүй юм. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээгүй, энэ жил Хөгжлийн банкаар дамжуулан авсан 300 сая, алт зарсан 300 саяыг эс тооцвол нүүрс болон уул уурхайн салбараас өмнөх жилүүдтэй харьцуулахад доллар орж ирэх нь багассан.

Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад зарж байгаа долларын ханш 1890-1894 төгрөгтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1888 төгрөгтэй тэнцэж буй юм. Ирэх жилийн улсын төсөвт ам.долларын ханшийг 1700 төгрөгтэй тэнцэхээр суулгасан юм. Тиймээс хахир хавраас л төсөвт тодотгол хийх хэрэгтэйг эдийн засагчид сануулсаар байсан ч улстөрчид сандал суудлын хэрүүл хийсээр тодотгол хийхгүйгээр ирэх жилийн төсвийг баталчихсан билээ.

Эдийн засгийн хямралын үед яам, агентлагийн ажилчдыг цомхтгох нь ашигтай гэж үзээд байгаа.

Тэгвэл төрийн албан хаагчдын гэнэт халагдсаны дараа тэтгэмж олгох нь түүнээс илүү их мөнгө зарцуулах учраас ажилчдыг халахгүй гэдэгт санал нэгдсэн ч зарим татан буулгасан агентлаг, яамдын ажилчид гэнэт халагдсан тэтгэмжээ авч чадахгүй байгаа аж. Тодруулбал, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны ажилчид гэнэт халагдсаны тэтгэмж байтугай сүүлийн хоёр сарынхаа цалинг авч чадаагүй байхдаа цомхотголд орж халагдсан байна. Тэд хэзээ цалингаа авахыг мэдэхгүй хүлээлтийн байдалтай байгаа аж.

Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийхдээ "Төрийн албан хаагчдыг 10 мянгаар цөөрүүлэх шаардлага байгаа ч тэднийг шууд гудамжинд гаргахыг хүсэхгүй байна. Маш олон хүн гудамжид гарах учраас нэг жилдээ төрийн албан хаагчдыг ажилгүй болгох гэхээс илүүтэй цалингаа нэмэхгүйгээр тэднийг ажилтай нь үлдээх боломж байна” гэсэн билээ.

Эх сурвалж: www.new.mn

Г.Мягмарсүх

 

-МУИС-ийн захирал А.Галтбаяр ажлаа өглөө-

МУИС-ийн захирал А.Галтбаяр өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр үүрэгт ажлаа өглөө.

Түүний албыг  БСШУЯ-ны газрын дарга н.Бат-Эрдэнэ хүлээн авсан юм. МУИС-ийн захирал А.Галтбаяр нь удаа дараа дүрэм журам зөрчиж,  буруутай үйл ажиллагаа явуулсан гэдгийг  АТГ,  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар тогтоосон байдаг.

-Иргэд, ААН-ийг төлөөгүй татвараас чинь алданги тооцно хэмээн “дарамталж” эхэлжээ-

Улс орон даяар хямрал нүүрлэж байгаа энэ хүндхэн цагт ачааны хамаг хүнд бэрхийг улсад татвар төлдөг иргэд, ААН, компаниуд үүрч байгаа гэхэд хилсдэхгүй. Уг нь хөнжингүй улс орнуудад нийгэм улс оронд үүсэж байгаа хямралыг даван туулахын тулд татварын бодлогодоо өөрчлөлт оруулж, татвар төлөгчид дээр ирэх ачаалалыг бууруулах замаар асуудлыг шийдвэрлэдэг ажээ.

Татвар төлөгчдийн хувьд “Туулын голын мөсийг долоох шахаж” байж олсон хэдэн төгрөгөөсөө өөрөө өөрөөсөө харамлан улсад төлөх татвараа арай ядан өгч байхад татварын байцаагч нар татвар бүрдүүлэх орлогоо давуулан биелүүлэн нэрийдлээр хүн санахааргүй их хэмжээний мөнгө төгрөгөөр бие биенээ шагнаж урамшуулсан бодитой баримт мэдээлэл олон нийтэд ил болсон.

Манай улсад бол төсөв бүрдүүлэх нэрийдлээр татварын газрынхан татвар төлөгчдийн нөхцөл байдал ямар байгаагаас үл хамааран ямарч аргаар хамаагүй татварын орлогоо бүрдүүлэхээр “улайран зүтгэж” улмаар татвар төлөгчдийг төрийн нэр барин айлган сүрдүүлж, хянаж, шахаж дарамталж улмаар аж ахуйн нэгжийг зохиомлоор дампууруулахад хүргэж байна.

Тэгвэл саяхнаас дүүргийн татварын газрын байцаагчид ах ахуйн нэгжүүд залгаж, та бүхэн төрийн өрөө барагдуулахгүй бол он гараад татварын өрөөс чинь алданги тооцох программ ажиллаж эхлэнэ шүү хэмээн “дарамталжээ”. Аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын өртэй байхыг хүсэхгүй нь ойлгомжтой боловч иргэдийн худалдан авалт 0-тэй тэнцүү болж, орлого нь ноль заасан энэ хүндхэн цаг үед хэрхэн татвараа хугацаанд нь төлж барагдуулж хэрхэн чадах билээ.

Дээр нь УИХ-аас НӨАТ -ийн босгыг дээшлүүлэх хуулиа яаралтай батлахгүй бол ганц удаа 10.0 саяас дээш орлого орсон аж ахуйн нэгжүүд НӨАТ-д дарагдан дампуурах дээрээ тулж байна. Энэ мэтээр аж ахуйн нэгж компаниудын хувьд нэг бол ажилчдаа цомхотгон, үйл ажиллагаага хумих, улмаар ингэснээр хэмнэлт гарган татварын өрөө барагдуулах, нөгөө бол дампуурлаа зарлах гэсэн хоёр арга зам л үлдэж байгаа бололтой. Монголын ард түмнийг үнийн хөөрөгдөл, элдэв татвар, мөнгөний үнэгүйдэл өвдөгөөр нь сөхрүүлэхээр “хуйлран дайрч” айсуй.                                                                                                                                                                                                                                                                                        Ц.Мөнх

-Улсын аварга С.Мөнхбат Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хоёр дахь удаагаа гардан авав-

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Увс нуур" дэвжээ, “Монголросцветмет” нэгдлийн бөх Улсын аварга С.Мөнхбат хоёр дахь удаагаа түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг гардан авав.

Тэрбээр 2011 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн цомын төлөөх анхны барилдаанд түрүүлж цом гардаж байсан юм.

Уг барилдаанд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат "Алдар" спорт хороо, "Таванхан" дэвжээ, "Ноёд" группийн бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаанд түрүүлсэн Улсын аварга С.Мөнхбатад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн зүүж явсан бугуйн цагийг дурсгал болгон бэлэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос зохион байгуулж буй чансаа өндөр шигшмэл 128 бөхийн барилдааныг нээж Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж үг хэллээ.

Тэрбээр “Энэхүү өргөөнд хуран цугларсан ард, иргэдийн төлөөлөл, биднийг харж, сонсч байгаа Монголын нийт ард, иргэддээ монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн түүхт ойн халуун мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөж мэндчилье.

Бид энэ сайхан баярыг, энэ сайхан өдрийг бүтэн жил хүлээдэг. Юм бол учиртай. Бидний өвөг дээдэс 103 жилийн өмнө Монгол орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг хуучин он хулжирч, шинэ он шилжирч ирж байгаа энэ цаг мөчид олж, Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг мандуулсныхаа их баярыг тэмдэглэж байжээ. Их өвөг дээдсийнхээ тэр ариун үйл хэргийг үргэлжлүүлж, бид бүгдээрээ энэ их өргөөнд хуран цуглаж ард нийтээрээ энэ сайхан баяраа хамтдаа тэмдэглэх гэж байна. Та бүхэндээ баяр хүргэе. Эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө.

Энэ 2014 ондоо ард түмнээ баярлуулан чансаа өндөр, сайхан барилдаж, хийморь золбоо бүрдсэн бөхчүүдийнхээ барилдаанаар өнөөдрийн баяр цэнгэл наадмаа бид нээж байна.

Өнгөрч байгаа жилдээ манай ард иргэд, айл гэр бүрт байсан тэр сайн сайхан бүхэн үргэлжилж, шинэ ондоо та бүхний маань аз жаргал, хамгийн сайн сайхан дэлгэрч, монгол хүн бүхний хийморь дэлгэрч, монгол бөхийн цагаан хийморь үргэлж өөдөө байж, Монгол Улс минь мандан бадарч яваг ээ. Миний Монгол мөнх орших болтугай. Баяр хүргэе ээ, та бүхэндээ. Аз жаргал хүсэн ерөөе. Их баярлалаа” хэмээсэн юм.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваадэмбэрэл