Ёстой л толгой эргүүлсэн учир нь олдохгүй зүйл УИХ дээр яригдаж эхэллээ. Монгол Улсын өрийн хэмжээг нуун дарагдуулж УИХ-ын гишүүдэд буруу, худлаа мэдээлэл өгч байсан нь илэрлээ. Хэн гээч “бүдүүн зүрх”-тэй нь ингэснийг бүү мэд.

Ямар ч гэсэн өр нуусан тухай яриад л байцгаана. Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын үед болсон үйл явдал юм уу. МАХН-ын Ч.Улаанаас МАН-ын Ж.Эрдэнэбат Сангийн яамыг хүлээж авснаар илэрсэн нь үнэн. УИХ-ын гишүүд “өглөө босоход л , өр нэмэгдээд” гэсэн хайку зохиохдоо туллаа.  Төсвийн байнгын хорооны дарга нь өр нэмэгдсэн тухай “үнэр” аваагүй байхыг бодоход ихэд нууцаар тавьсан өр бололтой.  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Монгол Улсын өрийн нэгдсэн мэдээллийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хүсэлтээр ирүүлсэн. Засгийн газрын өр 2.5 их наяд, дотоод өр нь 1.2 их наяд,  гадаад баталгаа 2.2 их наяд, компаниудын өр 888 тэрбум гэх мэтээр 9.9  их наяд төгрөгийн өртэй байна гэсэн. УИХ-ын гишүүдийн асуултад ийм л хариулт өгсөн шүү дээ. Гэтэл Сангийн сайд Ж.Эрдэнэбат 14 их наяд төгрөгийн  өртэй гээд байх юм. Таван их наяд төгрөг буюу 2.7 тэрбум төгрөгийн өр нэмэгдээд гараад ирлээ. УИХ-ын гишүүдэд худлаа яриад байсан юм уу”  гэж гайхжээ. Шинэчлэлийн Засгийн газрын үед Төсвийн байнгын хорооны дарга байсан хүн шүү дээ. Өрийн хэмжээг янз бүрээр хэлсээр байгаад УИХ-ын гишүүдийг  будилуулж орхисон нь үнэн. Ямар сайндаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “ “Улсын өр ДНБ-ийн 55.2 хувьтай тэнцэж байгаа гэсэн. Одоо болохоор өр ДНБ-ийн 58.3 хувь” гэх. Ойлгохоо байлаа” гэж дуу алдах билээ.  Таван  их наяд төгрөгийн өрийг яагаад нуусан бэ. Хэн бэ гэдэг асуулт гарч ирж байна. УИХ-аас  ажлын хэсэг гарч Чингис бондын  зарцуулалтыг шалгахаар болсон. Асуудал ч  ундрах бололтой. Энэ үеэр дөрвөн их наяд төгрөгийн өрийг хэн хаанаас аваад, яагаад нуусны учир шалтгаан тодорхой болж ч магадгүй юм. Үүний буруутанг УИХ, Засгийн газар дотроосоо хайх нь тодорхой.

УИХ-ын гишүүн  Ж.Батзандан “Өнөөдөр өр ДНБ-ийн 58.3 хувьд хүрчихсэн байна. Өрийн  хэмжээг хууль бусаар нэмсэн этгээдэд хариуцлага ярих ёстой. Ер нь Н.Алтанхуягийн Засгийн газар худал ярьдаг байсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар түүнийг нь засах гээд явж байна” гэсэн нь голоор нь хэлсэн үг байв. Худал ярьж, өр тавьсан эзэнтэй хариуцлага тооцвол Ц.Нямдорж гишүүний хэлсэнээр таван жилийн ялтай юм билээ. Гурван сая дахь иргэнээ өлгийднө гээд хөөрцөглөөд байдаг. Төрсөн иргэн  бүр нь дааж давшгүй өртэй болоод байдаг. Монгол минь хаашаа яваад байна вэ?