“Талх чихэр” ХК-ийнхан Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Модон хонин жилийн Сар шинийн баярт зориулсан хэвийн боовны үйлдвэрлэлтээ өчигдөр албан ёсоор нээж, хүндтэй зочдыг урин, ном хуруулж, багачуудаа баярлууллаа.

Шинжлэх ухааны үндэслэлтэй гурил, гурилан бүтээгдэхүүний тослог, чихэрлэгийг тогтоосон хэвийн боов үйлдвэрлэх технологи, стандарттай уламжлалт арга технологийг хослуулсан “Талх Чихэр” ХК-ийн хэвийн боов жил бүрийн Сар шинийн баяраар монголчуудынхаа гэрийн хойморт залран, идээ будааных нь өнгийг тодорхойлдог билээ. Монгол шар тосонд багсарч, түмэн насан хээгээр чимэглэсэн энэ бүтээгдэхүүнийг хадгалах горим нь олон жилийн туршлагаар баталгаажсан учраас хамгийн эрүүл, аюулгүй сонголт болж чаддаг юм.

Тус компанийн хамт олон хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, сонголтод нийцүүлэн Төр амгалан оршихын бэлгэдэл “Түмэн насан” хэмээх баяжуулсан орц найрлагатай амт чанар, өнгө үзэмж хосолсон хэвийн боов, мөн “Атар” хэвийн боов, “Атар” иж бүрдэл, шанзтай еэвэн, хоёр төрлийн зөөлөн чихэр, бүржмэл зэрэг сар шинийн тавгийн идээ засах төрөл бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, стандартад нийцсэн зориулалтын цаасан хайрцагт савлан худалдаалж байгаа юм.

Билэгт сайн өдөр хэвийн боовныхоо худалдааг эхлүүлсний зэрэгцээ тус компанийнханд талархлаа илэрхийлэн захидал илгээсэн СХД-ийн 6д ангийн сурагч Х.Солонго болон түүний ангийнхныг үйлдвэртэйгээ танилцуулж, зөвхөн тэдэнд зориулан үйлдвэрлэсэн амтат бялууг гардууллаа.

Энэ үеэр тус “Талх Чихэр” ХК-ийн борлуулалтын албаны дарга Б.Баттулгаас Сар шинийн баярт зориулсан хэвийн боовны худалдааны талаар тодрууллаа.

-Жил бүр “Талх Чихэр” ХК-ийнхан хэрэглэгчдэдээ хамгийн баталгаатай, өнгө үзэмжтэй хэвийн боовыг өргөн барьдаг. Энэ жил танайх бүтээгдэхүүнээ ямар ямар дэлгүүрт борлуулж байгаа вэ?

-Манай компани Сар шинийн баярт зориулсан бүтээгдэхүүнийхээ худалдааг өнөөдрийн билэгт сайн өдөр эхлүүлж байна. Энэ жил манай бүтээгдэхүүн өнгөтэй, сайхан байна. Энэ жилийн хэрэглэгчиддээ өргөн сонголт бий болгож “Атар” хэвийн боовыг 9, 15, 21 ширхэгээр, “Түмэн насан” хэвийн боовыг 15, 21, 25 ширхэг, “Түмэн насан” тахилын боовыг 10 ширхэгээр тус тус савлан худалдаалж байна. “Түмэн насан” брэнд хэрэглэгчдийн хүсэн хүлээдэг захиалгын бүтээгдэхүүн хэдийнэ болсон учраас бид энэ жил үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж хэрэглэгчдийнхээ захиалгыг алдалгүй нийлүүлэх боломжтой боллоо. Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, үндсэн бүтээгдэхүүн “Атар” хэвийн боовыг 2300 төгрөгөөр худалдаж, хайрцаг тутамд суурь еэвэнг урамшуулалд бэлэглэж байна. Энэ жил манай бүтээгдэхүүнийг Сар шинийн баярт зориулсан гэр худалдаа болон нэрийн барааны дэлгүүрүүдээс авах боломжтой.

Мөн хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэн “Түмэн насан” хэвийн боов, “Атар” иж бүрдлийг 1900-1950 лавлах утсаар захиалга авч үнэгүй хүргэж өгөх төдийгүй захиалгыг “Талх Чихэр” ХК-ийн борлуулалтын албаны 98111955, 98301955 дугаарын утсаар авч байна.

Ардын уран зохиолч Ш.Дулмаа болон гавьяат жүжигчин С.Дамдин нар энэ нээлтийн үйл ажиллагаанд уригдан оролцож, хурсан олонтой Түмэн насан хээний утга учир, Сар шинийн баяр хийх болсон ёс, уламжлалын тухай ярилцсан юм.

С.Дамдин гуайн бэмбээ нухаж, хэвийн боов хийдэг байсан бага насаа дурсахын зэрэгцээ “Талх чихэр” ХК-ийн “Түмэн насан” хэвийн боовны үнэнч хэрэглэгч болсноо дуулгасан бол Ш.Дулмаа гуай “Сар шинийн баяраар идээ будаагаа өнгөтэй засаж, ихэс дээдэстэйгээ золгож, ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг болохоор хамгийн сайхан баяр юм. Энэ баяраар ахан дүүстэйгээ уулзан золгож, сэтгэлийн үгээ хэлэлцэж магнайгаа тэнийлгэдэг. Монголчууд эртнээс нааш Цагаан сараар тарган морио унаж, торгон дэлээ өмсөж, айл зоноороо ах дүүгээрээ хэсэн золгоно хэмээн хэлэлцдэг байсан. Энэ баярын хамгийн чухал нь тавгийн идээ, ул боов байдаг. Монголчууд идээгээ өөрсдийн гараар үе удамжин хийж ирсэн. Элбэг дэлбэг байгааг илэрхийлсэн тавгийн идээний ул боовыг түмэн насан хээгээр чимэглэж, төгсгөлгүй жаргалын бэлгэдсэнд нь би талархаж байна” хэмээн ярилаа.

“Талх Чихэр” ХК үйлдвэрээ өргөжүүлж, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлсэн болохоор энэ удаа сурагчдын аялал илүү урт, сонирхолтой болсон юм. Тус компанийнханд хандан талархлын захидал илгээсэн Х.Солонго охины сэтгэгдэлийг сонслоо.

-Манайх нэгдүгээр хорооллын 32 дугаар байранд байдаг юм. Гэртээ засвар хийж байх хугацаандаа би Москва хороолол дахь ахынхаа гэрт хэсэг амьдарсан юм. Тэр үед л би өглөө бүр “Талх Чихэр” компанийн ах эгч нарыг харж, бас талхны анхилам үнэрийг илүү ойроос мэдэрдэг болсон. Тэгээд би өглөө бүр шинэхэн талх өргөн барьдаг ах, эгч нартаа талархал илэрхийлж захидал бичээд үүднийн жижүүрт нь үлдээсэн юм. Тэгтэл өнөөдөр манай ангийнхныг урьж, үйлдвэртэй танилцуулж, бидэнд зориулж бялуу хийж өглөө. Манай гэрийнхэн бас цагаан сараар Талх чихэрийн боов худалдаж авдаг. Маш их баярлалаа.

“Талх Чихэр” ХК-ийн бүтээгдэхүүнийг Үйлдвэрийн урд “Шинэ хүсний дэлгүүр”, “Нарантуул” захын өргөтгөлийн 80-р павилон, Орхон, Драгон, Бүрд, Хүчит шонхор, Баянзүрх, Барс, Баянгол, Хархорин, Бөмбөгөр зэрэг худалдааны төв дэх “Талх Чихэр” ХК-ийн нэрийн барааны цэг болон СХД ТАЧИ хотхон, СБД Голомт хотхоны замын урд, БЗД Монгол бөхийн өргөөний хойд талбай, ХУД 19-р хорооллын автобусны буудал, Хомеплаза 2 дэлгүүрийн урд талбай, СБД 32-ын тойрогийн арын талбайд тус тус байрлах Сар шинийн баярын худалдааны хүндэтгэлийн гэр болон худалдааны цэгүүдээс үйлдвэрийн үнээр авах боломжтой.