Бидний эх хэлний дархлаа жилээс жилд суларсаар буйг эрдэмтэд, багш нар ярьдаг. Хотын гудамжаар харь хэлээр бичсэн хаяг, самбар, байгууллагын нэр олон болсон өнөө цаг улстөрчид энэ асуудлыг шийдэх цаг болсон гэж үзлээ.

УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Г.Батхүү, А.Бакей, Л.Гантөмөр, Н.Энхболд нарын санаачлан өнгөрсөн оны тавдугаар сард өргөн барьсан Монгол хэлний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг парламент өнгөрсөн баасан гаригт хийлээ. Бүх монголчууд болоод улс орны оршихуйд хамаатай энэ сэдвийг гишүүд, салбарын эрдэмтэд тал бүрээс нь шүүн тунгаажээ. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг ч өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан байна. Даяаршлын үйл явц улам өргөн цар хүрээг хамрахын хэрээр дэлхийн олон улс үндэстэн хэл, соёл, үндэсний уламжлалаа хадгалах, хамгаалах асуудалд  ихээхэн анхаардаг болж байна. Мэдээллийн технологийн эрчимтэй хөгжил эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудад соёлоо түгээх илүү боломжийг олгож, улмаар цөөн хүн амтай улс үндэстнүүдийн хэл, соёл уусч бүдгэрэх аюул нэмэгдэж байгааг үндэслэн төслийг боловсруулжээ. Бид эх хэлээ сайн эзэмших, бичиг хэрэгтээ байнга хэрэглэдэг байх, хэдийгээр гадаадад сурсан мэдлэг боловсролтой хүн байлаа ч аливаад эх хэлээ ашиглахыг эрхэмлэж байхыг энэ хуульд тусгасан байна. Мөн сүүлийн хэдэн жилд дагаж мөрдөх монгол хэлний нэгдсэн дүрэм байхгүйгээс сурах бичиг, хэвлэл мэдээллийг хэрэгсэл, албан бичигт дор бүрнээ дураараа үг, дүрэм зохиож байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал болсныг байнга хөнддөг.

Манай улсад сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд монгол хэл бичгийн хэрэглээтэй холбоотой төрийн бодлого, зохицуулалт алдагдсанаас бүх шатны боловсролын байгууллага дахь монгол хэлний сургалтын чанар ч муудсан. Ингэснээр гадаад нэр томьёог монголчлох, үгийн санд шинэ үгийг бүртгэх ажил зогсонги байдалд орсон, сургуулиудад монгол хэлний хичээлийг заахгүй байгаа зэрэг олон сөрөг асуудал хуримтлагдаж, үүнийг шийдэх гарц үгүйлэгдэж байгаа билээ.

2003 онд баталсан, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албан ёсны хэлний тухай хуульд монгол хэлний хэрэглээг зөвхөн төрийн албан хэрэг хөтлөлтийн хэмжээнд авч үзэж хязгаарласан. Улсын хэмжээнд монгол хэлийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, хэм хэмжээ тогтоох, түүнийг батламжилж мөрдүүлэх зэрэг төрийн чиг үүрэг, хуулийг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын үүрэг оролцоог тусгаагүй зэрэг олон дутагдал байгаа нь дээр дурдсан бэрхшээлтэй асуудлууд үүссэн гэж эрдэмтэд үзээд байна.

Монгол хэлний тухай хуулийн төсөл нь есөн бүлэг, 24 зүйлтэй юм. Түүнчлэн ОХУ, БНХАУ, БНФУ, БНКазУ, Украйн зэрэг орны хэлний бодлого, хууль тогтоомж дахь хэлний хэрэглээний талаар харьцуулсан судалгаа хийсэн байна.

Хэлэлцүүлгийн үеэр манай эх хэл араб хэлээс гаралтай гэж гишүүн Д.Ганбат хэлсэн нь олны анхаарлыг татаж, мөн эгдүүцлийг хүргэлээ. Мөн уйгаржин монгол бичгийг давхар хэрэглэж 2025 оноос хос бичигтэн болох эсэхэд ч гишүүд нэлээд маргав.

Төслийн талаар гишүүд асуулт тавихдаа, энэ хууль хэрэгжих боломж нь ямар байгаа, хос бичиг, үндэсний монгол бичигт шилжих хугацааг хатуу заах нь зөв эсэх, хэр үндэслэл, тооцоо гаргасан, үндэсний монгол бичигт шилжихдээ туйлшрахгүй, дарамт шахалт үзүүлэхгүй байх зэргийг хөндсөн юм. Түүнчлэн монгол хэл, бичгийн зөв бичих дүрмийн өөрчлөлтүүдийг нийтэд хэрхэн хүргэж, зөв хэрэглээг хэвшүүлэх, үндэсний монгол бичгийг ерөнхий боловсролын сургуулийн зургадугаар ангиас зааж эхэлнэ гэдэг нь ямар учиртай, албан байгууллага, нийтийн үйлчилгээний газар, гудамж, талбайн нэр, хаягийг монгол бичгээр нэг мөр болгож бичих, жигдлэх асуудал төсөлд хэрхэн тусгагдсан, латин үсэг хэрэглэх эсэх зэргийг хөндөв.

Тухайлбал, төсөлд, “энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэс­ний хос бичгээр хөтлөн явуулна” гэсэн хэсгийг олонхийн саналаар төсөлд нэмж тусгахаар болов.

Мөн “суралцагчдын дийлэнх олонх хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх байвал сургалтыг хос хэлний хөтөлбөрөөр явуулах бөгөөд хос хэлний хөтөлбөрийн агуулгыг батлах”, “үндэстний цөөнх монгол хэл болон эх хэл дээр боловсрол эзэмших, соёл, зан заншлаа өвлөх, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах” гэсэн заалтыг төсөлд нэмлээ.

Энэ хууль Монгол Улсын иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээд, манай улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, бүртгэлтэй хуулийн этгээд болон байнга үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын байгууллагуудад хамаарах юм. Монгол хэлээ төгс эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах нь төрийн үүрэг байна.

Монгол Улсын хэмжээнд монгол бичгийн хэлний зөв бичих зүйн тогтсон  дүрэмтэй байх бөгөөд бүх хуулийн этгээд, иргэд уг дүрмийг дагаж мөрдөхөөр хуульчлах аж. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд монгол бичгийн хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн монгол утга зохиолын хэлний хэм хэмжээг чанд баримтлахаар болж байна.

Хууль батлагдвал Ерөнхийлөгчийн дэргэд монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх үүрэгтэй Хэлний бодлогын үндэсний зөвлөл ажиллана.  Зөвлөл нь есөн гишүүнтэй байх бөгөөд дарга, гишүүдийг Ерөнхийлөгч монгол хэл, утга зохиолын эрдэмтэд, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөллөөс сонгож зургаан жилийн хугацаагаар томилно.

Харин энэ хуулийн заалтыг зөрчвөл захиргааны хариуцлага ногдуулна. Тухайлбал, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.

Ийн монгол хэлээ сайн эзэмшиж, үйл ажиллагаандаа байнга хэрэглэж, ингэхдээ зөв бичгийн дүрэм ашиглах нэгдсэн хуультай болох нь. Хэрэв хэн нэгэн эх хэлээ эрхэмлэхгүй, буруу хэрэглэвэл мөнгөөр торгодог байх шинэ зохи­цуулалттай болж байна.

 

М.ЦЭЦЭГ

 "Зууны мэдээ"  сонин