Гэр хорооллыг дахин төлөвлөх талаар хэлэлцэж байгаа. Харин хотын төвд сүндэрлэх Гандан Тэгчилин хийдийн ойр хавийн гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, барилга орон сууц босгох боломжгүй аж.

Учир нь Ганданд дахин төлөвлөлт хийхээр гандангийн 1700 гаруй айл өрхөөс судалгаа авахад ихэнхи нь газараа чөлөөлөхгүй гэжээ. Тиймээс иргэдээс санал асуулга  судалгаа явуулж, дэд бүтэцийг хөгжүүлж, төвийн шугаманд холбоход мөн хэд хэдэн айлыг чөлөөлөх шаардлагатай гэнэ. Тиймээс энэ асуудлыг  иргэдийн санал санаачлагаар шийдвэрлэнэ гэнэ.  Одоогийн Гандан тэгчилин хийдийн суурь 1809 онд анх тавигдаж байсан бөгөөд 1930-аад оноос хойш эргэн тойронд нь айлууд суурьшсан байдаг.  1950- 1960-аад оны үед одоогийн 40 мянгат болон улсын их дэлгүүр баригдаж, тэр хавийн айлуудын газрыг чөлөөлөн орон сууцанд оруулсан  байдаг. Харин Гандангийн дэнжийн айлууд өнөөг хүртэл оршин тогтносоор ирсэн нь Ганданийн түүх соёлтой салшгүй холбоотой.  Жуулчдын зайлшгүй очих газрын нэг болсон уг төвийг тойрсон гэр хороололыг жуулчид хуучны Монгол ахуй гэж андуурч, ихэд сонирходог  гэсэн. Үнэндээ бол аагим халуунд арц хүчний үнэр гэхээсээ  тэр хавийн задгай жорлонгийн эвгүй үнэрт дарагддаг. 

Тиймээс энэ хавийг юуны түрүүнд төвийн шугаманд холбох зайлшгүй шаардлага байгаа аж. Харин дахин төлөвлөхөд олон асуудлууд тулгарч байгаа аж. Учир нь 400 м2 газарыг 60 сая орчим төгрөгөөр үнэлдэг төдийгүй нэг айл 80-аас 100 сая гэх мэт ханштай, цаашлаад гандан бол түүх соёлын салшгүй хэсэг учир ойр орчимд нь өндөр байшин барилга барих нь зохимжгүй аж. Тиймээс тэр хавийн гэр хорооллын айлуудыг төвийн шугаманд холбож, ойр хавийг нь тохижуулж, үзэмжтэй болгох нь тохиромжтой гэдгийг иргэд хэлж байгаа аж.