Эдийн засагчдын таамаглал биелэхэд 19 төгрөг дутуу байна

Хүнсний гол нэрийн барааны үнэ энэ сарын эхээр өссөн үзүүлэлтэй гарсан болохыг Үндэсний статистикийн хорооноос тооцон гаргажээ. Үүнийг ихэнх талаараа уламжлалт сар шинийн баяртай шууд холбон ойлгож болох юм.

Учир нь энэ баярын өмнө юань, ам.долларын ханш өсч, үүнийг далимдуулсан наймаачид  бараа бүтээгдэхүүний үнээ нэмдэг нь тогтсон хэв шинж билээ. Энэ байдал ч биднийг энэ удаад тойрсонгүй. Өнгөрсөн жилийн цагаан сарын өмнө “ногоон” мөнгө 1710 төгрөгтэй байв. Тухайн үед мөн л төгрөгийн ханшийн сулралтай холбоотой бухимдал хийгээд худалдан авах чадварын тухай базаахгүй яриа монгол орны уудам тал нутгийг бүрхэж байсан билээ. 

Тэгвэл яг одоогийн байдлаар инфляци өмнөх сараас 0.7 хувиар өссөн бол өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.8 хувьд хүрчээ. ДНБ-ий хэмжээ 2011 онд 17.5 хувиар өсөж байсан бол 2012 онд 13 хувь, 2013 онд 11.3 хувиар тус тус өсч байв. Харин өнгөрсөн жил 7.8 хувиар өсч, энэ хурд нэг оронтой тоог заагаад буй. Олон улс судлаач, эдийн засагч Х.Батсуурь “Одоогийн эдийн засгийн байдал, өр төлбөрийг харахад манай улс ойрын жилүүдэд эдийн засгийн хямралтай байх нь тодорхой байна. Валютын ханш ч ойрын хугацаанд буухгүй биз” хэмээсэн. Түүний үзэж буйгаар манай улс 2018 онд “Чингис” бондын эхний ээлжийн 500 сая долларыг, 2022 онд хоёр дахь ээлжийн нэг тэрбум ам.долларыг, 2023 онд “Самурай” бондын 300 сая ам.долларын өрийг хуваарийн дагуу төлөх ёстой тул энэ ачааллыг даахгүй гэж үзэж буй юм байна. Маш товчхондоо манай улс эдгээр бондод нийт 3.2 тэрбум ам.долларыг төлөх ёстой юм. Харин энэ өрийн ард гарч чадах уу гэсэн эргэлзээ “Синьхуа” агентлагт байсан учраас “Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард дампуурлаа зарлаж магадгүй” гэсэн мэдээлэл цацсан биз. Тэгвэл энэ жил улсын төсөвт сууснаар манай улс 700 орчим сая төгрөгийг өрийн үйлчилгээндээ зарцуулна. Гэвч харамсалтай нь энэ бодит тооцоо биш. Учир нь эрх баригчид ам.долларыг 1750 төгрөгтөөр тооцсон. Гэтэл өчигдрийн байдлаар ам.долларын ханш дээрх тооцооноос 224 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Тиймээс ам.долларыг бодит байдалд ойртуулан 1960 төгрөг гэж тооцвол энэ жил өрийн үйлчилгээний төлбөр багаар бодоход 800 сая төгрөг зарцуулах нь. Энэ нь төсвийн орлогын 12 хувьтай дүйх нь. Мэдээж төсвийн 12 хувь гэдэг асар өндөр тоо... Уг нь өнгөрсөн оны эхэн үеэр үндэсний эдийн засагчид “Ам. долларын ханш аажмаар буурна” гэсэн таамаглал дэвшүүлж байсан юм. Гэвч тэдний төсөөлөл талаар болж, өчигдрийн байдлаар “Хас” банк, “Хаан” нэгийн тоотой “ногоон” мөнгийг зарах ханшаа 1981 төгрөг болгожээ. Харин Монгол банкны албан ханш 1974 төгрөг байна. Зарим эдийн засагч цаашид ч валютын ханш “Буурах магадал бага” гэсэн муу зөгнөлтэй хэвээр.Тэгвэл Монголбанкны албан ханшаар өнгөрсөн сарын 9-нд ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1925 төгрөгтэй тэнцэж байжээ. Энэ нь өнгөрсөн оноос хойш тасралтгүй өссөн ногоон мөнгөний дээд үзүүлэлт болоод байв. 

Гэтэл сар гаруйн хугацаанд 50 орчим төгрөгөөр дахин өссөн нь муу зөгнөлтэй эдийн засагчдын таамаглалыг баталж буй мэт. Тэгвэл зарим нэг нь энэ байдлыг уул уурхайн салбарт эерэг хүлээлт бий болж, машин, механизмын импорт нэмэгдэх хандлагатай болсонтой холбон тайлбарлаж буй. Ямартай ч “Энэхэн бодлын нөгөө үзүүрт” гэдэг шиг эсрэг тэсрэг байр суурьны эсрэг талд иргэдийн дунд ам.долларын ханш буурах тухай хүлээлт хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төгрөгийн ханш 40 орчим хувиар унасан гэж үзэхээр иргэдийн худалдан авах чадварт төдий чинээ дарамт үзүүлсэн нь ч гарцаагүй юм. Мөн ам.долларын зээл авсан иргэн, аж ахуй нэгжүүд өнгөрсөн хугацаанд багагүй алдагдалд орсон. Уг нь дотоодод ам.доллараар бараа, бүтээгдэхүүн зарж борлуулахыг хориглосон нь бий. Гэвч зээл олгох эрх нь нээлттэй байдаг нь хачин үзэгдэл. Тэгвэл “ногоон” мөнгөнөөс улбаатай энэ таагүй байдлыг шийдэх гарц олсноо одоогоос жил гаруйн өмнө Ерөнхий сайд ярьсан удаа бий. 

Тийм ч учраас Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн тайван байхыг сануулж байв. Үнэндээ бид “Тайван бай, аажмаар буурна” гэдэг сайхан үгийг өнгөрсөн хугацаанд ханатлаа сонсоод байсан ч түүний үгэнд эргэлзэж орхисон юмдаг. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа “Ам.долларын ханшийг зохиомлоор өсгөсөн хэргийн эздийг олчихсон. Тэдний нэрийг удахгүй зарлана... Хүлээж бай” гэж монгол иргэн бүрт цэнхэр дэлгэцээр дамжуулан мэдэгдсэн. Гэвч тэрбээр энэ “нууц”-аа огцорсон хойноо ч дэлгэсэнгүй. Одоо бол энэ тухай дурсах ч үгүй биз. Тэгвэл манай улсын нийт хадгаламжийн гурван хувийг валютын хадгаламж эзэлдэг байна. Энэ нь ам.долларын эдийн засаг дахь эргэлтийн 90 гаруй хувийг эзэлдэг гэсэн үг аж. Иймээс ам.долларын ханш өссөн энэ цаг үед энэ төрлийн хадгаламж эзэмшигчид дансандаа ам.доллар хийгээд “түгжчихсэн” нь тодорхой юм. Тэд “Буурлаа” гэсэн мэдээлэл сонсохоос нааш дансандаа хуруу дүрэхгүй нь ойлгомжтой. Үнэндээ энэ төрлийн хадгаламжтай иргэдийн энэ байдлыг зогсоох ямар ч боломж байхгүй. Магадгүй ганц ганрц нь ам.долларын хадгаламжийн дансыг болиулах байж болох. Гэвч ийм шийдвэрт тултал мөдгүй биз. 
 


Д.БУЛГАН