Ам.долларын жолоог татахыг эрх баригчид хүсэхгүй байгаа бололтой. Сар шинийн өмнөх үеэс л огцом өссөн ногоон өдгөө 2000 төгрөгт хүрэхэд тун ойртжээ. Өнөөдрийн байдлаар монголбанкнаас зарласан үнэ 1982 төгрөгтэй тэнцлээ. 

Долларын өсөлтийн талаар зэсийн үнэ унаж, нүүрсний орлого муудсан нь нөлөөлсөн гэдгийг эдийн засагчид дүгнэсэн. Өчигдөр үдээш хойшийн байдлаар арилжааны банкуудын зарж байгаа ам.доллар 1989-1991 төгрөгтэй тэнцэж “Найман шарга” зах дээр 1988 төгрөг болов.  Долларын ханш сар шинийн өмнөхөөс даруй 10 төгрөгөөр өссөн нь энэ. Мөн хүнсний гол нэрийн барааны үнэ ч баярын сургаар нэмэгдсэн.

Хэрэв цаашдаа гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээг Засгийн газар, УИХ-аас авахгүй бол долларын ханш 2000 давах нь ойлгомжтой боллоо.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар Олон улсын валютын сан, Дэлхийн банктай хамтарч ажиллахаар мэргэжлийн хүмүүсийг урьж, судалгаа дүгнэлт гаргуулаад ямар хөтөлбөр хамтарч хэрэгжүүлэх вэ гэдэг талд Засгийн газар анхаарч ажиллаж байгаа хэмээн эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь онцлов.

Шинэчлэлийн засгийн газар 2.8 тэрбум ам.долларын гадаад бонд гаргасан байдаг. Энэ нь Оросын холбооноос худалдаж авсан их өрийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний их мөнгө гэдгийг МАН-ынхан дэлгэсэн. Улсын нэгдсэн төсвийн орлого нь 1 их наяд төгрөгөөр дараалан тасарсан. Улсын нэгдсэн төсөв, Чингис бонд, Хөгжлийн банкны зээл, Самурай бонд зэрэг таван төсөвтэй байж УИХ-ын хуралдаанаас гадуур хараа хяналтгүй маш их хэмжээний мөнгийг зарлагдсан байна.

2012 онд жилд 4 тэрбум 407 сая ам,долларыг гадаадын хөрөнгө оруулалт хийж байсан. Өнгөрсөн хоёр жилийн хооронд 826 сая буюу 5.2 дахин буурч гадаад валютын албан нөөц хоёр жилийн дотор 2.5 тэрбум ам.доллараар буюу 2.6 дахин буурч 1.6 тэрбумд хүрсэн.

Ийнхүү төсвийн алдагдлыг нөхөхийн тулд Шийдлийн Засгийн газар богино хугацаатай бонд гаргахаар зэхэж суугаа гэнэ. Тэд ч сурсан зангаараа урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхөөр болж байгаа бололтой.

Х.Даваа