Хаврын энэ өдрүүдэд их, дээд сургуулийн хонхны баярууд ар араасаа цуварч гадуур хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Харин эдгээр оюутнууд төгсөлтийн шалгалтаа өгч мэргэжлийн дипломоо авахаар хүлээж байгаа билээ.

Манай улсад төрийн өмчит болон хувийн хэвшлийн 160 гаруй их, дээд сургууль мэргэжилтэн бэлтгэж байна. Эдгээр сургуульд ойролцоогоор 37000 мэргэжилтэн бэлтгэгдэн төгсөж байна гэсэн судалгаа бий. Үүнээс үзвэл маш олон дээд боловсролтонгууд жил бүр хэдэн зуугаар биш хэдэн мянгаар төгсөж байгаа нь харагдах юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд манай улсын их, дээд сургуулийн тоо буурах хандлагатай болж ирсэн. Тухайлбал, 2000 оноос хойшхи статистикийн тоо баримтаас харвал 2002-2003 оны хичээлийн жилд 185-д хүрсэн  бол 2010 оны  байдлаар 162 болсон байдаг. Үүний шалтгаан нь зах зээлийн шалгарлаар сургуулиуд хаагдаж, зарим нь хоорондоо нэгдсэн юм. Нийт их, дээд сургуулийн 80 гаруй хувь нь нийслэл хотод төвлөрсөн байдаг.

Төгсөгчдийн өмнө тулгардаг хамгийн том асуудал бол ажлын байр юм. Төгсөгчид эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцоход бэлэн болсон байдаг. Гэсэн хэдий ч яаж? гэсэн асуулт ургана. Мэргэжлээрээ ажиллахад ажлын байр байна уу? гэдэг бүрхэг хэвээр. Эдгээр төгсөгчид мэргэжлийн дипломтой болчихвол нэг ажил хийнэ дээ гэсэн бодолтой явдаг нь нууц бишээ. Гэхдээ дипломтой боллоо гээд ажлын байр нээлттэй гэдэг нь  учир дутагдалтай юм.

Учир нь тэдний дөнгөж гучин хувь нь л ажлын байртай болдог гэсэн судалгаа байх юм. Гэхдээ дан ганц эзэмшсэн мэргэжлээрээ биш эрээвэр хураавар ажил эрхэлсэн бүгдийг нийлүүлээд энэ тоог гаргаж байгаа юм.

Хавар бүр энэ асуултаар оюутны төгсөлтийн баярыг бид өнгөрөөж байна. Өнгөрсөн жилүүдийн төгсөгчид мэргэжлээрээ ажиллаж байна уу? эсвэл өөр ямар нэгэн зүйл хийж өдөр хоногийн өнгөрөөж байна уу? Бодох л асуудал.

Харин мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгчид их, дээд сургуулийн төгсөгчдийг бодоход мэргэжлээрээ ажиллах баталгаа хавьгүй дээр байна. Тэдний 70 хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаа гэсэн судалгаа байх юм. Их, дээд сургууль төгсөгчид МСҮТ-д дахин суралцах нь ч байдаг байна.

Нийт төгсөгчид идэх талхаа олох, цаашлаад нийгмийн амьдралд үр бүтээлтэй оролцож, хүчирхэг бие хүн байх нь гагцхүү бидний эзэмшсэн мэргэжил дээр л суурилна. Их, дээд сургууль төгсөж байгаа мянга, мянган төгсөгчид ингэж л мөрөөдөж дөрвөн жил сурсан. Харин нийгэм ийм мэргэжилтнүүдийг захиалаагүй тул өөр аргаар амьдар гэж тулгаад байвал яах вэ?

Гэхдээ энэ оны хоёрдугаар сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 37,4 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 21,0 мянга буюу 36 хувиар буурчээ гэсэн судалгаа гаргажээ. Энэ бол мэдээж эерэг үзүүлэлт боловч залуу боловсон хүчнүүд ажилгүй алхах нь хэвийн үзэгдэл байсаар байна.

Шинэ төгсөгчид яагаад ажилд орох нь амаргүй байдгийг дараах хүчин зүйлтэй холбож болох юм. Ажлын байр зарлагсадын шаардлагад тэнцэхгүй тохиолдол цөөнгүй. Тухайлбал, тэдний зүгээс ажлын туршлагатай, доод тал нь мэргэжлээрээ 5 жил ажилласан байх шаардлагатай хэмээн заавал мэдээж шинэ төгсөгчид тэнцэхгүй. Тэгээд ч нэг ажлын байр дээр хэдэн зуун материал ирдэг. Тэдний дундаас шалгарна гэдэг залуу боловсон хүчний хувьд хүндрэлтэй байх нь гарцаагүй.

Ийнхүү эрэлтээсээ ихэдсэн дээд боловсролтонгуудаа яах вэ? Жил жилийн хаварт л бидний өмнө тулгардаг асуудал. Ямар нэгэн дорвитой арга хэмжээ авч, энэ асуудлыг тодорхой хүрээнд шийдэх шаардлага зүй ёсоор бий болжээ.

Б.Хорлоо