Монголын эдийн засаг өнөөдөр хүнд байгаа гэдэгтэй хүн бүр санал нийлдэг. Гэхдээ хүнд байна гээд хэн нэгнийг буруутгах гэхээсээ илүү энэхүү байдлаасаа гарах арга замыг эрэлхийлэх, яагаад эдийн засаг хүндрэв гэдэг учир шалтгааныг бид хайх учиртай. Монгол Улсын төлбөрийн тэнцэлд 2012 оны сүүлийн хагасаас эхэлж үүссэн дарамт нь өнгөрсөн онд хямралын шинжтэй болж, улмаар 2013-2014 оны эдийн засгийн хүндрэлийн суурь учир шалтгаан болсон гэж эдийн засагчид үздэг.

 

Сүүлийн нэг жил найман сарын хугацаанд төлбөрийн нийт тэнцэл 2.8 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 24 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гарч, улсын гадаад цэвэр актив 5.3 их наяд төгрөгөөр буурсан гэнэ.

 

2014 оны урьдчилсан үзүүлэлтээр манай орны эдийн засаг 7,8 хувьд хүрч удааширсан байна. Эдийн засаг саарахад гол нөлөөлсөн хүчин зүйл нь эмпортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн унасан, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан явдал гэж үзээд байгаа. Энэ байдлаас гарахын тулд томоохон төслүүдийг хөдөлгөх хэрэгтэй гэдгийг сангийн сайд Ж.Эрдэнэбат онцолсон юм.  Өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2011 онтой харьцуулахад 8,5 дахин буурч дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн. 2009 оны санхүү эдийн засгийн хямралын үед байсан түвшинээс бага болсон байна.

 

Эдийн засгийн өсөлтийн хурдац саарч бизнесийн идэвхжилт суларч байгаагаас 2014 онд худалдааны салбар 6,9 хувийн уналттай гарчээ. Мөн эдийн засагт нөлөө үзүүлэх томоохон төслүүдийн хэрэгжилт гацсан хэвээр байна. Гадаад зээлийн боломж нэмэгдэхгүй бол 2015 онд мөнгөний нийлүүлэлт буурч зээл тасалдсан, эдийн засаг хумигдах эрсдэлд орж болзошгүй байдалд орж магадгүйг гэдгийг сангийн сайд хэлсэн юм.

 

Тэрбээр “Мэдээж хэрэг гадны байгууллагын манай улсад өгч байгаа үнэлэлт, дүгнэлт муу байгаа. Өөрөөр хэлбэлбэл буурч байна гэсэн үг. Үүнээс шалтгаалаад монгол улсын өнөөгийн нөхцөл байдал ийм болсон  гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Экспортын хэмжээ тэрбум доллараас  доошоо буух магадлалтай байна. Төсвийн алдагдал 1,2 их наяд орчим төгрөг. Хэрвээ бид цаашдаа шийдвэртэй арга хэмжээ зохион байгуулаагүй тохиолдолд 1,5 түүнээс ч дээш гарах ийм нөхцөлд хүрхээр болсон байгаа. Ханшийн сулралт ч мөн 30 хувиас дээш гарах магадлалтай байна” гэлээ.

 

Монгол банкны хөтөлбөрүүдийн зээлийн үлдэгдэл эргэн төлөлтөөрөө буурч мөнгөний нийлүүлэлт гадаад активаас  өсөхгүй байгаагаас мөнгө зээлийн үзүүлэлтүүд 2015 онд үргэлжлэн сулрах хандлагатай байгаа юм. Иймд макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, гадаад зээлийг нэмэгдүүлэх боломжийг нээж өгөх хэрэгтэй гэнэ.

 

Түүнчлэн эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр боловсруулж УИХ-ын 2015 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 41-р тогтоолоор батлуулсан байгаа. Уг хөтөлбөрт иргэдийн санал зөвлөмжийг тусгах, оролцоог хангах зарчимыг баримтлан ажиллахаар болсон ажээ.

 

Г.Мягмарсүх