Б.Есүгэн охиныг өмөөрөх нинжин төргүйдээ гутарч байна
2013/06/05
Энэ тэгж их хүний амиар төлөгдөж хэрэгжих ёстой дүрэм байсан уу. Есдүгээр сарын нэгэнд аав, ээжийнхээ авч өгсөн өнгөтэй өөдтэй бүхнийг өмсөөд, яг л цүнхэн дэх цоо шинэхэн дэвтэр шигээ болсон байсан тэр сургуульдаа яваад эргэж ирээгүй юм.
Тэр зам хөндлөн гарч яваад машинд дайруулчихаагүй, үер усны гамшигт нэрвэгдчихээгүй. Зүгээр л ээжийнхээ гараас хөтлөн инээж баясч яваад...
Хиртэй гараар ч хүрэмгүй хөөрхөн, цовоо сэргэлэн охиноо тэр өглөө сургуульд нь үнсч үдэхдээ аав нь юу гэж хэлсэн бол оо. “Миний охин онц сураарай. Багш нарынхаа үгэнд сайн ороорой. Найз нөхөдтэйгөө эвтэй найртай байгаарай. Зам хөндлөн гарахдаа болгоомжтой яваарай” гэж захисан байх. Гэвч тэр эргэж ирсэнгүй. Зүв зүгээр явж байгаад барилгын кранд даруулж, амиа алдсан юм. Бодохоос ч аймаар. Энэ осол гарснаас хойш яг 279 хонож байна. Шүүх хурал нь хэдэнтээ хойшилсноос өөрөөр талийгаач охины төлөө хэн ч хуруугаа хөдөлгөсөнгүй, хөдөлгөхийг ч хүссэнгүй. Охиноо зуурдаар алдсан аав, ээж хоёрын шаналан төрийн тэргүүнтэй уулзсанаар нимгэрсэн гэвэл андуурал. Ослын шалтгаан, буруутныг олж тогтоож чадсангүй. Адаг сүүлд нь охины дээрээс унасан өргөгч цамхгийн л буруу болж таарах шив. Тэр техникийг хүн ажиллуулдаг. Түр ч бай, бүр ч бай ажиллуулж байсан хүмүүс байх л ёстой. Барилгын хана туургатай, техник тоног төхөөрөмжтэй бус хүнтэй л хариуцлага тооцох ёстой.
Б.Есүгэн охиноо нутаглуулж, хоногийг нь хурааж дуусаад аав Б.Батсайхан нь хэвлэлийнхэнд хандаж, охиныхоо амийг нэхэж эхэлсэн билээ. Б.Есүгэн охины амь насыг Засгийн газраас нэхэж байгаа. Ослын буруутан нь хэн байлаа ч бяцхан охин авлига, хээл хахууль, хүнд суртал гээд нийгмийн амьдралд, тэр дундаа барилгын салбарт бугшсан хар толбыг арилгах цаг болсныг сануулаад буцсан. Энэ осол барилгын компаниудын “том толгой”-той эздийн хуулийг уландаа гишгэсэн үйлдэл, албан тушаалтнуудын хүнд суртал гээд бүгдийг үндсээр нь өөрчлөх цаг болсныг зарласан юм. Энэ ослын дараа гарсан олон осол энэ урианд хүч нэмсэн билээ. Б.Есүгэн охин бусдын буруугаас болж энэ хорвоогоос тийм эрт явчихна гэж зүүдлээ ч үгүй байхдаа ингэж шүлэглэж байсан юм.
“Амьдарч байгаа хүмүүс бид
Асар дээшээ очихоо хүлээнэ
Ах дүүс, аав ээжээ үймүүлж
Асар том шарх үлдээнэ
Харин сахиусан тэнгэр болоод
Хэзээ ч хорвоог орхихгүй болчихсон” гэж. Тийм ээ. Тэр сахиусан тэнгэр болчихсон. Тэглээ ч том сургамж үлдээгээд нисчихсэн. Түүний үхэл ямар ч үнэ цэнгүй байсан гэж үү. Тийм байх ёсгүй. Түүний үхлийн буруутныг олдоггүй юмаа гэхэд охины хүслийг бид биелүүлэх ёстой. Охины аав Б.Батсайхан хөлөө хүрэх газраа явж, хэлээ хүрэх газраа тайлбарласан, учирласан. Тэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хуульзүйн сайд Х.Тэмүүжин, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт хандсан. Гэхдээ зөвхөн охиныхоо асуудлыг шийдвэрлэхийн тулд биш. Ганц ч атугай хүүхэд охин шиг нь зүй бусаар хорвоог орхихгүй байгаасай гэсэндээ л тэр. Дахин энэ мэт осол гарч, өөр нэг эцэг эх амьдын хагацал үзэх вий гэсэндээ, хүнд суртал, авилга хээл хахуулийн сүүдэрт хүүхэд хохирох вий гэсэндээ л тэр. Гэвч тэр хад мөргөөд зогсчихсон. Түүний охиныхоо нас барсан өдөр буюу есдүгээр сарын 3-ны өдрийг Б.Есүгэн охины өдөр болгох хүсэлтийг нь хэн ч хүлээж авсангүй. Жилийн 365 хоногоос ганцханыг нь охины өдөр болголоо гээд юу алдаж, юугаар хохирчих гээд байдаг юм бол.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхбиш энэ ард түмнийхээ аав нь юм болохоор есдүгээр сарын 3-ны өдрийг Б.Есүгэний нэрэмжит өдөр болгохоор санаачилга гаргаж, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг хуулийн төсөл боловсруулснаар өнгөрөгч нэгдүгээр сард УИХ-ын дэд даргад өргөн барьсан юм. Сураггүй болсон энэ хуулийн төслийг эргэн харах хэрэгтэй гэж эмэгтэй гишүүд үзэж гэнэ. Учир нь Б.Есүгэн гэдэг нэг муу охин есдүгээр сарын 3-ныг өмчлөх нь зохисгүй гэж хэн нэг нь саналаа хэлчихэж л дээ. Тодорхой хүний нэрээр нэг өдрийг нэрлэж болохгүй гэсэн юм байх. Тэр өдөр тэдэнд үнэгүй байх л даа. Ард түмэнд бол мартагдах ёсгүй өдөр. Хүүхдийн үхлээр улс төржиж, пиардаж байгаа нь дэндүү өрөвдөлтэй хэрэг. Наадамд хэд түрүүлсэн бөхөд аварга цолыг нь өгье гэж хуулийн төсөл боловсруулж, нутаг нугынхаа бөхчүүдэд тал засахдаа уургын морь шиг байгаа УИХ-ын хэдэн гишүүнд талийгаач охины үхэл тийм ч сонирхоод, анхаарал тавиад байх асуудал биш бололтой. Монгол хүний үнэ цэн малгайн бүчнээс долоон дор болчихсон юм байна л даа.
Ганцхан Б.Есүгэн гэдэг охинд асуудлын гол нь байгаа ч юм биш. Тэр ослоос хойш хүүхдийн эсрэг маш олон осол, гэмт хэрэг гарлаа. Бүгд замхраад л алга болох шинжтэй. Мах хэрчиж байгаа юм шиг төрсөн үрээ заазуурдсан эцгийг ганц хоног саатуулаад гаргачихсан, нөгөөх нь гэртээ буцаж очоод дахиад л хүүхдээ зодож танхайрсан. Өмнө нь гурван ч удаа ял эдэлж байсан тэр хүнд ямар ял оноосон юм бэ. Эгчийнхээ өнчин хүүг өөр дээрээ авч асарч тойглон, өсгөж хүмүүжүүлнэ гэж андгайлсан эгч дүү хоёр насанд хүрээгүй хүүхдийг нь гурван жил харанхуй амбаарт яг л нохой шиг гинжилж дөнгөлөн хорьж байсныг хүмүүс илчилсэн.
Багш мэргэжилтэй тэр хоёр эмэгтэйд ямар хариуцлага хүлээлгэсэн юм бол. Төрөөд хоёрхон хонож байгаа нярай хүүгийнхээ ар дагз руу яртай модоор буулгасан эцгийг яаж шийтгэсэн юм бол. Биеэ хувааж төрүүлээд, ангир уургаа ч амлуулж амжаагүй байж үрийнхээ аманд алчуур чихээд хог дээр хаясан эмэгтэй юу болсон бэ. Төрөх эмнэлгийн орноос буунгуутаа улаан нялзрай амьтныг ууттай хог шиг хогийн сав руу хаясан эмэгтэйг олсон уу. Гэртэй, юутай хээтэйгээ согтуу жолоочийн машинд дайруулан амиа алдсан 10-хан настай хүүгийн төлөө хэн яаж тэмцсэн юм бэ. Гэгээн цагаан өдөр явган хүний гарцаар гарч явсан найман настай хүүг дайрч, гэмтээчихээд үхсэн амьдыг нь мэдэх гэж хөлөөрөө өшиглөөд ажиг ч үгүй бохь зажлан зогсч байсан эмэгтэйг яасан бэ. Томчуудын буруугаас, ухаан муугаас улаан нялзрай, учир мэдэхгүй жаахан хүүхдүүд амиа алдаж байна. Эцэг эхийн буруу ч байна. Өөр бас бус шалтгаанууд ч байна. Амь шигээ хайрладаг охиноо, хүүгээ гэгээн цагаан өдөр хэдэн арван тонн жинтэй хүнд төмөрт даруулан амьдын хагацал эдэлсэн эцэгт туслах нинжин төргүйдээ гутарч байна. Дөнгөж төрсөн бүү хэл хэвлийдээ бойжиж буй хүүхдэд ч эрх бий. Хэн ч зөрчих ёсгүй эрх нь түүнтэй хамт бойжиж буй.
Хүүхдийн эрх гэж юу юм бэ. Манай улстөрчид, томчууд энэ тухай ярихдаа “Хүүхдийн эрхийг хамгаалах нь юу юунаас чухал. Хүүхдийн эрхийг зөрчиж болохгүй” гэж маани мэгзэм шиг давтдаг хэрнээ ард түмний хүүхдийг нохойноос дор үздэг. Харин өөрсдийнхөө хар толгой, үр хүүхдэд хир халдаана гэж үгүй. Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн төлөө жагсаж, өлсөж байгаа нь хэн байна. Хэлсэн, хийсэн бүхэн нь үнэн байдаг хүүхэд насыг өмөөрцгөөе.
Чаддагсан бол төрсөн үрийнхээ зурагнаас өөр бараагүй эцгийн хүслийг биелүүлээд өгчих юмсан даа.
Б.Оргилмаа
Зочин · 2013/06/15
Xychirxiilel xychirxiilliig bii bolgodog.
Зочин · 2013/06/12
mongoliin tor gej zugeer ewluuldg togloom bld udaj bn ene jahan amitnii setgel ymar ih owdoj bga bldo bi tm blod gadaad huntei suusan tgd irgen ni blsn mongold ireh durgui blsn
zaya · 2013/06/06
uuniig yaj uls tchdod hurgeh wee . Yaj batluulah we . t tom nuuree o ymand haruulmaar ym. Huulig guuli bolgoj hudlig unen bolgoj bgaa ter humuusig yaltai bur gutarchlaa
Монгол · 2013/06/06
Тиймээ энд шударга шүүх л дутагдаад байна.Тэгээд та бүхэн сайн бодоорой Шүүх, Прокурор 2 ерөнхийлөгчийн мэдэлд байдаг.Хүсвэл асуудал биш харин сонирхол өөр байгаад л байна.Яг С.Зоригийн үхэл шиг, яг Н.Энхбаярын хилс хэрэг шиг...........Бид гэнэн шүү дээ
Зочин · 2013/06/06
Goe niitlel bna. Bi bas chamtai sanal 1 bna. Tiim uhamsariin doitol adgiin setgeltei amitanaas dolondo yumnuudiig odoo yaadag ch yumbdee. Arai l muuhai yum huuhded yaaj tegj handaj chaddag bnaa araichdee. Bugd amia bodood soh dulii humuus shig yawahiin.Bie biedee tusalj yawmaar yum