Хан-Уул дүүрэгт, АПУ ХК-н зүүн талд буюу бидний сайн мэдэх Богд Хааны музейн баруун хойд талд байрлах “Интермед” эмнэлэг нь 05-р сарын 07-нд болох нэг жилийн ойгоо угтан  “Эрүүл ирээдүйн төлөө” гурван сарын аянг зарлажээ. Энэхүү аяны хүрээнд нийгэмд хандсан сайн үйлсийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаагаас  хүүхдийн ном, тоглоом, хувцас цуглуулж Хан-Уул дүүргийнхээ эмзэг бүлгийн хүүхэд багачуудад хандивлах, эмнэлгийн тусламж үйлчилгээ хүрч чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзлэг шинжилгээ хийх, “Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв”-тэй хамтран "Дусал Цус Амьдрал Бэлэглэнэ" уриатай цусаа хандивлах сайн дурын аян өрнүүлэх, мөн урьдчилан сэргийлэх үзлэгийг дэмжих зэрэг нилээдгүй ажлуудыг төлөвлөжээ.

Тус аяны эхний үйл ажиллагаа 05-р сарын 01-нд буюу өнгөрөгч Баасан гарагт “Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хөдөлмөр Сургалтын Үндэсний Төв” болон Хан-Уул дүүргийн Нийгмийн Хөгжлийн Албатай  хамтран ажиллаж үр өгөөжтэй болж өнгөрлөө. Хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй 40 гаруй иргэдэд “Интермед” эмнэлэгийн мэдрэл, зүрх судас, уушиг, бөөр, мэс засал, сэргээн засахын нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж шаардлагатай цус, шээс, нүдны шинжилгээнүүдийг хийж мөн цооролтын шархны цэгцэлгээ, боолт зэрэг эмчилгээ, оношилгоо хийгдлээ.

 

 

Ийнхүү өөрийн үйл ажиллагаагаараа дамжуулан нийгмийн хариуцлагатай үйлс хэрэгжүүлж байгаа Интермед эмнэлгийн хамт олонд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл талархаж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэдэд зорчиход саадгүй зориулалтын зам, лифт, босгогүй хаалга, угаалгын өрөө гэх зэрэг   барилгын бүтэц, зохион байгуулалтыг сайн төлөвлөж тэдэнд ээлтэй орчин бүрдүүлсэнд олзуурхаж байлаа.

 

 

Нийгмийн хариуцлагын хүрээнд Энэхүү үзлэгийг санаачилсан зохион байгуулсан Интермед эмнэлгийн захиргаа, эмч, сувилагч болон эмнэлгийн бүх хамт олонд үзлэгт хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр сургалтын үндэсний төвийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж 1 жилийн ойн баярын мэндийг хүргье!