Монголын Хохирол Үнэлэгчдийн Холбоо, БНСУ-ын Хохирол Үнэлэгчдийн Холбоод хамтран зохион Байгуулах ” Ослын улмаас гарсан хохирлын үнэлгээ” сэдэвт сургалтын талаар Монголын Хохирол Үнэлэгчдийн Холбооны ерөнхийлөгч, мэргэшсэн үнэлгээчин Ө.Эрдэнэбаяртай ярилцлаа

-   Та холбооныхоо тухай танилцуулахгүй юу?

-  Монголын Хохирол Үнэлэгчдийн Холбоо МХҮХ нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй 20 гаруй  компаниуд, туршлагатай тэргүүлэх зэргийн,  мэргэшсэн үнэлгээчдийг эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн холбоо юм.

            МХҮХ нь гишүүн компаниуд болон үнэлгээчдийнхээ мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах,  хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, стандарт, журмуудыг батлуулан мөрдүүлэх, нийт ард түмэнд үнэлгээний ач холбогдолыг ойлгуулан таниулах, үнэлгээчдийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус, мэргэжлийн байгууллага.

- БНСУ-ын Хохирол Үнэлэгчдийн Холбоотой хамтран зохион байгуулах сургалтын  талаар, мөн  сургалтын ач холбогдол нь юу байх вэ?

- Монголын Хохирол Үнэлэгчдийн Холбоо  БНСУ-ын Хохирол Үнэлэгчдийн холбоотой байгуулсан  хамтран ажиллах гэрээний хүрээнд 2015оны 05 сарын 18-23 ны хооронд ” ОСЛЫН УЛМААС ГАРСАН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ” сэдэвт сургалт Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд  ослын  улмаас  хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд  учирсан хохирол, алдагдсан боломж зэрэг манай оронд тулгамдаж буй хохирлын үнэлгээний эрх зүйн орчинг сайжруулахад төрийн байгууллага, аж ахуй нэгж, хувь хүмүүсийн идэвхи санаачлага, хариуцлагыг дээшлүүлж, монгол хүний үнэ цэнийг тодорхойлход чухал ач холбогдолтой юм.

-  Сургалтанд ямар байгууллагууд хамрагдах вэ?

- “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ГҮ ТББ / МХҮХ/,  “БНСУ-ын хохирол үнэлэгчдийн холбоо /СХҮХ/”-той хамтран зохион байгуулах бөгөөд  МХҮХ-ны гишүүн байгууллагууд, Даатгагчдын холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Даатгалын компаниуд зэрэг даатгалын байгууллагууд, МҮЭ, ЭМЯ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Тээврийн прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газар, Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллагуудад сургалтын удирдамж урилга хүргүүлээд байна.

Бүх байгууллагууд дэмжиж оролцох, хамтран ажиллах саналаа ирүүлж байгаад бид бүхэн туйлын баяртай байгаагаа илэрхийлье.

- БНСУ-аас ямар бүрэлдхүүнтэй баг ирэх вэ?

- БНСУ-аас хохирлын үнэлгээний чиглэлээр мэргэшсэн, эрдэмтэд, профессорууд нийт 7 хүний бүрэлдхүүнтэй баг ирэх бөгөөд сургалтанд ашиглах материал орчуулагдаад хэвлэлтэнд ороод байна.

- Манай улсад хүний амь нас, эрүүл мэнд, алдагдсан боломжийг үнэлэх талаар эрх зүйн орчин ямархуу төвшинд байдаг вэ?

- Манай улсын хууль тогтоомжинд сайжруулах, боловсронгуй болгох зүйлүүд байгаа хэдийч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журмуудыг мөрдөөд ажиллах бололцоо байгаа. Харин хууль, журмаа хэрэгжүүлэх ажил маш сул байгаа юм.

-  Ярилцлага өгсөн танд баярлалаа. Хүний төлөө хийж буй та бүгдийн ажилд, сургалтанд тань амжилт хүсье.

- “MGL Медиа групп”-ын залуус та бүхэнд ажлын амжилт хүсье