Сонгууль энэ үг хэдийнэ бидний чихэнд бүр сэтгэлд минь хоногжээ. Учир нь эдгээр өдрүүдэд бид зөвхөн сонгуулиар “амьсгалж” байгаа юм чинь. Харин тэдний сурталчилгаа хэрээс хэтэрч, хар PR  болж хувирлаа гэсэн шүүмжлэл ч нэр дэвшигчдийг тойрсонгүй.

                Өнгөрсөн долоо хоногт шатахууны үнэ төрөл тутамдаа 50 төгрөгөөр буурсан тухай бид мэдээлж байсан. Тэгвэл энэ мэдээлэлд иргэд хоёр өөр байр сууриас хандаж байгаа юм. Нэг хэсэг нь сайшаалтай хүлээн авч байна. Учир нь шатахууны үнэ өсөх тутам автобус, микро, такси үнээ нэмэхээс гадна өргөн хэрэглээний бараа материалын үнэ ч дагаад өсдөг. Тэр үүднээсээ иргэд энэ мэдээллийг таатай хүлээж авч байгаа юм.

Харин энэ үйл явдалд эсрэг байр суурьтай хүмүүс ч цөөнгүй байна. Тэд энэ бол зүгээр л сонгуулийн шоу. Сонгууль дуусаад л эргээд шатахууны үнэ өснө гэсэн баримтлалтай байна. Үүнийг үгүйсгэх аргагүй юм. Учир нь эдгээр жилүүдэд шатанууны үнэ өссөн нь буурсанаасаа хэд дахин илүү шүү дээ. Тиймээс энэ мэдээлэлд иргэд эргэлзэх нь зүйн хэрэг юм.

Харин энэ талаар ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ: ” Уул уурхайн яам, газрын тосны хэрэг эрхлэх газар энэ хоёр байгууллагын удаан хугацааны ажлын үр дүн гарлаа” хэмээн мэдэгдсэн билээ. Ийнхүү шатахууны үнэ литр тутамдаа 50 төгрөг хямдарсанаар сардаа 4 тэрбум төгрөг, харин жилдээ 50 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой юм. Үүнээс үзвэл шатахууны үнэ буурсанаар бид улсын төсөвтөө багагүй хэмжээний мөнгийг хэмнэж байна гэсэн үг юм.

Ямартай ч энэ мэдээлэл хэн нэгний сонгуулийн сурталчилгаа биш байгаасай. Хэрэв үнэхээр сонгуулийн сурталчилгаа бол сонгогчидыг үл тоосон, бүр доромжилсон үйлдэл шүү дээ.  

Ер нь манай улсад сонгууль шударга зөв явагдахгүй байна гээд л ээлжит сонгууль бүрээр л яригддаг. Учир нь жил жилийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр өнгө өнгийн цаасан дээр бичигдсэн тэр л хэвээрээ “булшлагддаг” учраас тэр. Нэг үгээр далай шиг хирнээ зэрэглээ шиг хоосон амлалтууд гэж болмоор. Гэхдээ энэ бол зөвхөн энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд бус дээд, доод бүх  шатны сонгуульд нэр дэвшигч эрхмүүдэд  хамааралтай  зүйл.

  Ер нь ч сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж, хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэх ёстой атал өөрийн хувийн PR-таа хэт анхаарч байгаа нь илт харагдаж байгаа билээ. Хэрэв төрийн тэргүүн болвол улс, ард иргэдийнхээ төлөө хийж бүтээх ажил нь биш нэг нэгнээ үгүйсгэсэн тийм л дүр төрх харагдаж байгаа юм. Мөн нэр дэвшигчдийн хэт энгийн басхүү үндсэрхэг үзэлтэй гэдгээ дөвийлгөх  гэсэн үйлдлүүд ч ар араасаа цуварсаар.

Энэ удаагийн иргэдийн эргэлзээ сонгуулийн дараах шийдвэрээс л хамаарах болоод байна. Үнэхээр л сонгууль дууслаа маргаашнаас нь шатахууны үнэ дагаад нэмэгдэхвий. Хэрэв тийм бол тэр үед юу ярьж, хэрхэн тайлбарлах вэ? гэдэг нь зөвхөн цаг хугацааны асуудал болох билээ.

Энэ удаад шатахууны үнэ буурсан нь сонгуулийн сурталчилгаанаас ангид бодит ажил байгаасай.

Б.Хорол