Сүүлийн өдрүүдэд  олон зүйл ойлгохын аргагүй өөрчлөгдөж байна. Төрөх эмнэлгүүд хэрэгтэй юу. Төрийн албан хаагчдад албан тасалгаа хэрэгтэй юу.

Эсвэл тэнгэрт тулсан суудалтай  хүмүүст тусгай эмнэлэг чухал уу.  Эрүүл ухаан хийгээд  эх хүн, эмэгтэй хүнийхээ хувиар бодоход улсад маань төрөх эмнэлэг шиг хэрэгтэй юм алга. Өнгөрсөн зургаан жилд төрөлт  улсын хэмжээнд  40 гаруй хувиар, нийслэлд хоёр дахин нэмэгдсэн байхад амаржих газруудын орны тоо огт нэмэгдээгүй, цалин хөлс бага байгаа нь амаржих газруудыг сульдууулж байна.

Сүү шиг цагаан, цэлмэг тэнгэр шиг цэнхэр өнгийн халаад өмсч, тангараг өргөсөн эмч нарыг бид алтан гартан, авралт эх, ариун үйлстэн, ач буянтан, энэрлийн дээд хэмээн байж болох хамгийн сайхан үгээр дээдэлдэг билээ. Харин сүүлийн үед тэдний алтан гар мөнгө атгахгүй бол хөдлөхөө байж, арын хаалгаар залраагүй хүнд аврал буянаа хайрлахаа байжээ. Улсын ууган төрөх  гэсэн тодотголтой, Монголдоо хамгийн том, найдвартайд тооцогддог  Нэгдүгээр амаржих газрыг зорилоо. Үүдээр нь ороход “Бүл нэмсэнд тань баяр хүргье” гэсэн үг угтах ажээ. Олон холхиж, түм бужигнасан эл газар энд тэндгүй яарч сандарсан хүмүүс харагдана. Энэ шуугианы хажуугаар ганцаархнаа баярын нулимс дуслуулан суугаа аав ч тааралдав. Хөл хүнд бүсүй хүн бүү хэл хүчтэйхэн салхи сэвэлзэхэд л уначихаж мэдэх  хэдэн сандал дээр ирээдүйн  эздийг тээсэн тэнгэрлэг эхчүүд сууж байна.

Өөрийх нь нэрийг дуудаж, нэг цагийн өмнө ч болов хоёр яс салахыг хүссэн эхчүүд дүүрэн санамж наасан модон хаалганаас  сувилагч гарч ирэхийг хүлээнэ.  Ядаж байтал эр­гэлтийн цаг эхэлчихсэн болохоор суви­лагч нар нь олдохгүй. Нэг эх ирээд орж амжаагүй байтал дараагийн эх ирж байлаа. Хүлээлгийн өрөө нь хоромхон зуурт дүүрч, үүдэн хэсэгт хүлээгсэд хүлээсээр.Тэсгэл алдсан нэг нь дэмий л бухимдана.

 

ӨВДӨЛТИЙНХӨӨ МИНУТЫГ ОЙРТОХООР ИРЭЭРЭЙ

 

Нэгдүгээр төрөх нярайлах эх­чүү­дээ хэвтүүлэх ч оргүй, маш их ачаалалтай ажиллаж буй гэнэ. Өдөрт дунджаар энэ их айлд 130-140 хүн хүлээн авч, жилд 20 мянга гаруй эх амарждаг аж. Зарим үед коридортоо хонуулж, амаржихаар ирсэн эхчүүдээ “Болоогүй байна, өвдөлтийнхөө минутыг ойртохоор ирээрэй” хэмээн буцаадаг аж. Амаржсан эхчүүдээ ганц шөнө хонуулаад өглөө нь гаргаж байгаа гэнэ.  Энэ нь төрөлт ихсэж, ор хүрэлцэхгүй байгаатай холбоотой гэж  эмч, сувилагч нар ярив. Үүгээр ч дусаагүй. “Төрөх болоогүй байна гээд өдөр нь буцаасан эмч нар орой очиход нь дурамжхан үзлэг хийгээд “Өнөө шөнө төрөх юм шиг байна. Ор байхгүй. Гэхдээ буцаалтай биш дагаад яв” гээд хэвтүүлсэн.Тэр хүйтэн өрөөнд хоёр эмэгтэй ноосон бүтээлгээр давхар хучаад нам унтаж байхыг хараад гайхаж, бас атаархсан. Уг нь төрөх эмнэлгийг хариугүй нярайлах дөхсөн эхчүүдийг хүлээж авдаг гэж ойлгосон тийм биш байж. Ар өврийн хаалгагүй бол эсэн мэнд амаржих талаар саналтгүй юм байна” гэж  Хан-Уул дүүргийн иргэн В.Лхамханд ярив. Саяхан анхлан төрөгч залуу эхийг өвдөлт өгөн төрөхийн орон дээр хэвтэж байтал эх баригч эмч нь “Өө миний дүү цайны цаг болчихлоо. Эгч нь хурдхан цайндаа гараад ирье. Тэр болтол өөрөө эвтэйхэн дүлээд байж байгаарай” гээд гараад явсан байх жишээтэй. Энэ мэт үзэгдлүүд нэгдүгээр эмнэлэгт тохиолдох нь энүүхэнд. Үхэх, төрөх хоёр адилхан гэж монголчууд ярьсаар ирсэн. Ийм айхтар зүйлд тэгж хайнга хандаж боломгүй л санагдав.

Хорвоод эх хүн үрээ өлгийдөн авна гэдэг зүйрлэшгүй их аз жаргал. Гэхдээ эрүүл саруул хэвлийдээ тээсэн энхрий үрээ хэдэн халтар төг­рөгнөөс болоод энгэртээ тэвэрч чадалгүй алдах нь хамгийн том эмгэнэл. Эл эмгэнэл тус амаржихад удаа дараа давтагдаж, бүр хүүхдээ төрүүлэхэд тогтсон үнэ ханштай болтлоо дэлгэрээд байгаа аж. Төрөх гээд өвдөж байгаа эхэд хүүхдээ төрүүлэхгүй хүлээлгэх боломж байхгүй. Харин эмч нарын хувьд энгийн асуудал бололтой. Тэд тэсгэл алдан тэвчиж буй эхээс ичих ч үгүй мөнгө нэхдэг гэнэ. “Сэвлэг нь  цухуйчихлаа, эмчээ орон дээрээ гаръя гэхэд нь танил юм байна 70 мянгыг өгчих гээд төрүүлсэн” гэж Чингэлтэй дүүргийн иргэн Т.Сайханзаяа ярив.  Амаржих газруудад танилгүй, эсвэл хэн нэг эмчийнх нь гараас атгахгүй л бол эрүүл саруул амаржина гэж мөрөөдөлтгүй болж.  Өдөр тутам, цаг минут тутам хийх ёстой үүрэгт ажлаа эмч, эх баригч, сувилагч нар хийхгүй, зүгээр сууж байхад  нялхас эндэж, ээжүүд хүндрэлтэй төрөх нь аргагүй. Эмнэлгийнхнийг буруутгахаасаа илүү­­тэй энэ нь төрөх эмнэлэг хомс, ажил­лах нөхцөл муутай байгааг нь бас харуулж буй хэрэг юм.

 

ЯАСАН Ч УДААН ХИЙДЭГ ЦЭВЭРЛЭГЭЭ ГЭЭЧ ВЭ

 

Энэ эмнэлгийн хажууханд энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр баригдаж дууссан шинэ төрөх нээлтээ хийсэн ч жирэмсэн эхчүүдээ амаржуулж эхлээгүй байгаа нь харамсалтай.Орчин үеийн стандарт шаардлага хангасан энэ барилгад улсаас нэг ч төгрөг хандивлаагүй бөгөөд “Бороо гоулд”, “Сентерра гоулд” компани 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, “Цаст констракшн”  компани барьжээ. Шинэ төрөх Чингэлтэй, Хан-Уул дүүргээс гадна Баянгол дүүргийн иргэдэд үйлчлэх аж. Гэтэл өдийг хүртэл яагаад үйл ажиллагаа явуулахгүй, нөгөө л нэг хуучирсан эмнэлэгтээ амаржих эхчүүдээ бөөгнөрүүлээд байгаа юм бол гэх бодол өөрийн эрхгүй толгойд бууна. Ашиглахгүй л байсан юм бол ийм том эмнэлэг барих шаардлагагүй л баймаар. Сүр дуулиантайхан тууз хайчлан нээлтээ хийсэн цагаас нь хойш бараг хагас жил өнгөрлөө. Яасан ч цэвэрлэгээ хийж дуусдаггүй юм бэ. Хэзээ ч ашиглалтад орж, шалан дээр, гэртээ төрж буй гэхчлэн хөөрхийлөлтэй эхчүүдийг хүлээн авч эсэн мэнд амаржуулах юм, бүү мэд.

 

Энэ талаар нэгдүгээр амаржих газрын Аж ахуй эрхэлсэн орлогч дарга О.Батдаваагаас цөөн зүйлийг тодрууллаа.

 

-Өргөтгөлийн барилга хэзээ ашиглалтад орох вэ?

-Энэ сарын 15-нд үйл ажиллагаа эхлэхээр төлөвлөж байна. Одоо дотор талын цэвэрлэгээ, агаарын шинжилгээ, зарим тоног төхөөрөмж, тавилга зэргийн суурилалтууд хийг­дэж байна.

-Шинэ төрөх ямар давуу талтай вэ?

-Нэг том давуу тал бий. Урд нь хүчилтөрөгчийг баллоноор зөөдөг байсан одоо өрөө бүрт хүчилтөрөгчийн аппарат суурилуулсан байгаа.

-Хэчнээн хүн хүлээн авах чадалтай вэ?

-Эмэгтэйчүүдийн 100 ор, эмгэг нярайн 50 ортой. Одоогоор манайх 240 ортой үйл ажиллагаа явуулж байна. Өргөтгөл ашиглалтад орсноор 390 болж нэмэгдэнэ.

-Шинээр эмч, мэргэжилтэн ажилд авч байна уу?

-Хүний нөөцийн тал дээр нярайн эмч, сувилагч, эрчимт эмчилгээний эмч сувилагч, лабораторийн эмч, эм зүйч, халдвар судлаач, эмгэг судлаач эмч гээд 10-аад төрлийн ховор мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа. Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг хан­галттай тоогоор бэлддэг ч ажлын хүнд нөхцөлөөс шалтгаалж байна уу, хүмүүс ажиллахаас халширдаг.

Ж.ЭРДЭНЭЧИМЭГ