-Эвдэрхий тоглоом эргээд ашиглалтад оров-

Энэ удаад таван одтой тансаг зочид буудлын яриаг түр азная. Харин тэдний хиртэй мөнгөний хооронд хавчигдчихаад байгаа хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн (ҮСАХ)-гийн чанар, стандартын талаар сөхье. Энэ сарын 11-ний үдэш ҮСАХ-д ноцтой осол гарч, “Сансрын хөлөг” нэртэй тоглоомон дээр тоглож байсан дөрвөн хүүхдийг “сансарт” илгээх дөхөв. Тодруулбал, нэг хүний таван мянган төгрөгийн үнэтэй тус тоглоом асар хурдтай эргэлдэж байх үед нь эргэлдүүлэгч гинж нь тасарч тоглоом хэвийн ажиллагаагаа алдсан байна. Улмаар тус тоглоом болон дөрвөн хүний амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэв. Азаар тоглоомын хурд саарч ҮСАХ-гийн ажилчид “амь” мултарлаа. Харин өнөөдрийн байдлаар ҮСАХ-гээс энэ талаар албаны мэдэгдэл гаргаж, дэлгэрэнгүй тайлбар өгсөнгүй. Үүгээр ч үл барам өчигдөр 11.00 цагийн байдлаар “Манайд ямар ч осол аваар гараагүй. Бүх тоглоом хэвийн ажиллаж байгаа. Бороотой учраас ажиллахгүй байна” гэсэн тайлбарыг өгөв.

Мэдээж үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага дотоод ялзралаа үйлчлүүлэгчийн хамарт хүргэхгүйг зорино. Гэсэн ч олны нүдэн дээр ялзарч, тасарч, хүний амь насыг аваад явчих ноцтой байдлаа харуулчихаад “хэвийн” гэх нь дэндүү хэвийн бус хариулт болов.

Тэднийг ийн тайлбар хэлсний дараагаар бид ҮСАХ-г зорьж дотогш нэвтрэхэд өнөөх хэвийн ажиллаж байгаа “Сансрын хөлөг” тоглоом засварт орж байв. Харин үүний дараагаар ҮСАХ-тэй дахин холбогдоход “Гинж нь тасарсан нь үнэн. Гэхдээ ямар ч аюултай зүйл болоогүй” гэх нь тэр. Төд удалгүй 17.00 цагийн байдлаар өнөөх шаардлага хангахгүй гэдэг нь нотлогдсон тоглоом бусдын мөнгийг булааж, хүнийг хүүр болгохоор зэхжээ. Тодруулбал, ҮСАХ тус тоглоомын гинжийг сольсноор хэвийн ажиллагаатай хэмээн дүгнэж, ашиглалтад өгчээ. Тиймээс хүүхдийн аминд халгаатай, тус тоглоом хэзээ дахин тасрах вэ гэх хүлээлтэд орж байх шиг байна.

Хуучирсан “шинэ” тоглоомуудыг хэн хариуцах вэ

ҮСАХ шинэ бодлоготой, хуучин тоглоомтой эргэн ирснээр иргэдийн хэтэвч нимгэрснээс өөр өөрчлөлт ороогүй. Харин ч давчуу, өндөр өртөгтэй, тоглоомын сонголтгүй, нас насны онцлогт үл нийцэх эмх замбараагүй газар болж хувирсан гэх гомдлыг дагуулдаг. Одоогоор тус газрын гадна талбайд 13 тоглоом ашиглагдаж байгаа ч аминд халгүй нь чухам хэд гэдгийг хэлж мэдэх хүн байхгүй байна. Тэдгээрийг 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Бээжинд захиалж хийлгүүлсэн гэдэг. Гэсэн ч хүний амийг авч явах шахсан “Сансрын хөлөг” тоглоом нь Японы акталсан тоглоом гэх яриа бий. Тиймээс бидэнд баталгаа гаргаж өгөх хүн алга. Эцэст нь эвдэрхий тоглоом энхрий үрийн амийг авч явсан буруутан болох болов уу. Тиймээс эцэг, эхчүүд өөрийн хүүхдийг ҮСАХ гэх аминд халтай газар руу аль болох явуулахгүй байвал эцэст нь эрсдэлгүй мэт санагдана. Эс бөгөөс эвдэрсэн өдөр нь засаад эргээд ашиглалтад өгсөн тоглоом таны хүүхдийн толгойг хэзээ ч залгиж мэдэхээр байна.  Түүнчлэн бүхэл бүтэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа жижигхэн парк цөөхөн хэдхэн тоглоомын чанар, стандартыг мэдэхгүй байгаа нь эмгэнэлтэй. Эвдэрсэн хойно нь засдаг гажиг тогтолцоо үүнийг батлах биз ээ. Мөн хуучин зүйлийг монголчилж “шинэ” болгож ирсэн уламжлалаар хүүхдийн тоглоомд хойрго хандсан нь энэ удаагийн ослоор илэрсэн гэхэд болно. Тиймээс паркийн тоглоом тархин дээр газардахаас өмнө мэргэжлийн хяналтаар шалгуулбал ямар вэ. Үүнд нэг жишээ дурдахад, 2007 онд Японы Осока хотын ҮСАХ-гийн галзуу хулгана эвдэрч нэгэн гэр бүл, жирэмсэн эхийн амийг авч одсон байдаг. Тухайн үед тус паркийн үйл ажиллагааг бүтэн сарын турш зогсоож, бүх тоглоомд техникийн үзлэг хийсэн. Гэтэл ослын шалтгаан нь галзуу хулганы суудлын ганцхан боолт суларснаас үүдснийг тогтоосон байдаг. Харин тус ҮСАХ-гийн ажилчид өглөө бүр парк нээхийн өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг шалгадаг байжээ. Гэсэн ч осол гарсан нь аюулгүй ажиллагааг онцгой анхаарах хэрэгтэйг сануулсан юм. Гэтэл манай улс паркийн дотоод засварчнаар гинжийг нь солиулсан болоод л “зүгээр” гэж дүгнэж байгаа нь яав ч мэргэжлийн бус. Тиймээс тус орны гашуун туршлагаас суралцаж, паркийн тоглоом хүний амиар “тоглохгүй” гэх баталгааг гаргаж өгөөч. Эс бөгөөс эвдэрхий тоглоомоо буулгаж, иргэдийн амийг эрсдэлгүй болгох хэрэгтэй. Үүнд дахиад нэг зүйл сануулахад, 1966 онд парк ашиглалтад ороход байсан тоглоомууд “шаардлага хангахгүй” шалтгаанаар шинэчлэгдсэн гэдгийг санах хэрэгтэй. Гэтэл өвгөрч яваа өнөө хэдэн паркийн тоглоомыг орон нутгаар тарааж, улсын маань хүүхдүүд тоглоомтой боллоо хэмээн омгорхож явсан цаг саяхан. Улмаар өнөөх шаардлага хангахгүй тоглоомууд Увс, Хөвсгөл, Төв, Говь-Алтай аймгуудаар тархаж орон нутагт акталсан тоглоомоо шахсан байдаг. Одоо хэр нь тэдгээр тоглоомыг ашиглаж байгаа. Энэ нь өнөөх л эрсдэлтэй гэдэг үгийг дагуулж байна. Тиймээс хот хөдөө гэлтгүй хүүхэд бүрийн хүслэн болсон тоглоомын чанар, стандартыг дээшлүүлэх хэрэгтэй. Ниргэсэн хойно нь хашгирдаг хойрго зангаа хойш тавьж, хүүхдийн ирээдүйд баталгаа гаргаж өгөөч ҮСАХ-гийнхээн.

Нийгмийн толь