Өнөө жилийн улсын баяр наадамд тав давж, улсын начин цол хүртсэн “Алдар” спорт хорооны тамирчин, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Хур харцага” дэвжээний бөх Э.Даштай ярилцлаа. Тэрээр үндэсний их баяр наадамдаа анх удаагаа зодоглон, улсын цолны өндөр босгыг давсан хүчтэн юм.

-Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж, улсын начин цолонд хүрсэнд тань баяр хүргэе.

-Түмэн олон нь баяраар бялхаж, дэнж толгод нь цэцэг ногоогоор хучигдаж, нар хур тэгширсэн улсынхаа баяр наадмаар тав давж, улсын начны босгыг давсандаа баяртай байна. Дээр нь хүн бүрт анхны гэсэн тодотголтой бүх зүйл эрхэм нандин байдаг шүү дээ. Тэр утгаараа улсынхаа баяр наадмын зүлэг ногоон дэвжээн дээр анх удаа зодоглон, амжилттай барилдаж, нутгийн зон олон, уул усаа баярлуулсандаа сэтгэл тэнэгэр байна аа.

-Дундговь аймаг тэр дундаа Эрдэнэдалай сумаас хоёр ч улсын начин цолтон төрлөө. Аргагүй л бэлтгэлээ сайн базааж дээ?

-Нэг сумаас ганц жилд хоёр ч улсын цолтой бөх төрөн гарах нь тийм ч элбэг тохиодоггүй болов уу.

“Хур харцага” дэвжээнээс надаас гадна Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн арслан А.Алтанхуяг тав давж начин болсон.

-Өнөө жилийн улсын баяр наадмын хоёрын даваанаас өгсүүлээд таны барилдаан наадамчин олныг суудлаас нь өндөлзүүлсэн. Учраа таарсан барилдаануудынхаа талаар яриач, ямархуу болов?

-Улсын наадмын даваа бүрт л бөхчүүд хүч, ур ухаанаа шавхан барилддаг. Түүнээс биш гүйлтийн тамирчин шиг нэг, хоёрын даваандаа хүчээ нөөж байгаад гурав, дөрөв, улмаар улсын цолонд хүрэх даваанууд дээрээ хамаг чадлаа шавхаж барилдана гэсэн асуудал байхгүй. Бүтэн жилийнхээ бэлтгэл сургуулилт, хөлс хүчийг жилдээ ганц тохиох үндэсний их баяр наадмаараа үнэлүүлж, цолоо ахиулах эсэх нь шийдэгддэг учраас нягт няхуур барилдахаас ч аргагүй.

Хоёрын даваанд Сүхбаатар аймгийн хурц арслан Батжаргалтай таарч, золгоон дээрээс түрж хөөгөөд давсан. Гурвын даваанд улсын начин Б.Бадамсүрэнгийн аманд гарч барилдаад, золгооны барьцан дээрээс зүүн талдаа хавирч өвдөг шороодуулсан. Дөрвийн даваанд улсын арслан Д.Ганхуягтай оноолтоор таарсан. Улсын арслан Д.Ганхуяг бол хийсэн мэх нь даацтай тун чиг бяртай, нэгэн цагийн улсын наадмын түрүү бөх. Цолноос нь бэргэлгүй санасан мэхээ хийж, зоримог барилдъя гэж бодож зүлэг ногоон дэвжээнээ гарсан. Тэр ч утгаараа арслан Д.Ганхуягтай өрж, хэдхэн хором сэрвүү барьцтай зогсож байгаад ганцхан ухасхийж дайраад золгооны барьцанд хүрсэн. Золгооны барьц дээрээс мордоод давсан.

-Харин тавын даваанд улсын шилдэг начин Т.Баасанхүү таныг амласан. Та хоёрыг үнэн хүчийг үзэж барилдсангүй, Т.Баасанхүү өөрийг тань улсын цолонд хүргэлээ гэж зарим наадамчид болон бөхийн хорхойтнууд багагүй шуугисан. Энэ тухайд?

-Тавын даваанд улсын начин Т.Баасанхүү аймгийн арслан Ч.Ганзориг, аймгийн арслан О.Хангай бид гурваас намайг амлаж авсан. Ингээд аймгийн арслан Ч.Ганзориг, О.Хангай нар тунасан. Жилдээ ганц тохиох наадмаараа хэн хэн нь цолоо ахиулж, түрүүлэхийн төлөө барилдаж байгаа юм чинь яс л үзсэн. Өмнө нь аймгийн начин Т.Баасанхүү заал танхимийн барилдаанд намайг хоёр ч удаа амлаж барилдсан. Хоёуланд нь би давсан учраас энэ удаа надаас даагаа нэхэх гэж амлаж авсан байх. Даагаа нэхэж байгаа хүн тахимаа зүгээр өгчихгүй нь тодорхой. Дээрээс нь улсын начин Ч.Ганзориг аймгийн арслан О.Хангай нарыг бодвол өмнө нь учраа таарч барилдаж байсан болохоор миний арга мэхийг гадарлах бөхийн хувьд хариу мэхээ урьдчилан тооцоолох гэсэн үүднээс намайг амлан авсан болов уу. Хоёул үнэн хүчийг үзэн барилдсан. Т.Баасанхүү начин ихэвчлэн сэрвүү барьцнаас учраа бөхөө унагадаг учраас золгож барилдах нь надад ашигтай байсан. Ингэж барилдахыг нутгийн ах Чинзориг, дасгалжуулагч багш Дундговь аймгийн арслан Д.Дэлгэрбат болон дэвжээний маань бөхчүүд давхар зөвлөсөн. Зүлэг ногоон дэвжээн дээрээ гарч ирээд Т.Баасанхүү начинтай өрөөд зогстол зүрх хүчтэй цохилж, хамаг бие халуу оргиод эхэлсэн. Өмнөх даваанууд дээрээ өөрийн санасан мэхээ хялбархан хийж болоод байсан бол энэ удаад толгойд олон мэхний хувилбар орж ирээд нэг л болж өгөхгүй байсан л даа. Гэсэн хэдий ч санасан мэхээ хийж, давсан.

-Зургаагийн даваанд түрүү бөх улсын арслан Э.Оюунболдтой таарч барилдаад, өвдөг шороодсон. Өмнө нь та хоёр учраа таарч барилдаж байв уу?

-Бид хоёр Үндэсний бөхийн холбооны нэрэмжит 1024 бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдээд, хоорондоо учраа таарч барилдаж байсан. Энэ барилдаанд би унасан. Ийнхүү улсын баяр наадмаар дахин учраа таарч барилдаад, хоёр дахь удаагаа тахимаа өгсөн. Санасан мэхээ хийж чадалгүй л өвдөг шороодсон. Гэхдээ наадам нэгээр дуусах биш дээ. Дараа жил даагаа нэхнэ ээ.

-Та ихэвчлэн золгооны барьцнаас барилдаж, учраа бөхөө унагадаг. Бусдаасаа хүч бяраар арай илүү нь золгоон дээрээс санасан мэхээ даацтай хийж, учраа бөхөө өвдөг шороодуулдаг гэж бөхийн хорхойтнууд хэлэлцдэг?

-Үүнийг бөхийн хорхойтнууд, мэргэжилтнүүд дүгнэхээс би өөрийгөө “Бусдаас илүү хүчтэй” гээд цээжээ дэлдвэл бөхийн ёс жудагт харшилсан, зүй бус үйлдэл болно.

-Ер нь танай удамд барилддаг хүн байсан уу?

-Ээжийн маань тал бөхийн удамтай. Өвөөгийн ах цэргийн заан цолтой, нутаг усандаа уран барилдаанч Цэвээндаш хэмээн алдаршсан хүчит бөх байсан гэдэг.

-Та хэзээнээс бөх болохоор шамдан, хичээллэж эхэлсэн бэ?

-Хөвгүүд бид чинь бүгд л хар багаасаа бөхөд хорхойтой учраас хөлд орсон цагаасаа өөр хоорондоо барилдаж, ноцолдож өсдөг шүү дээ. Миний хүүхэд нас Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд мөн л тэгж өнгөрсөн. 2010 онд Улаанбаатар хотод оюутан болж орж ирээд, бөхийн спортоор шамдан хичээллэсэн.

-Таныг бөх биш хуульч болохоор оюутан болж хотод ирсэн гэх юм билээ?

-“Орхон” их сургуулийн хууль эрх зүйн ангид хэсэг хугацаанд сурсан. Төд удалгүй эцэг эхийн минь хуульч болгох гэсэн хүслийг өөрийн минь бөх болох гэсэн тэмүүлэл давж гарсан даа. Тэгээд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд улсын начин Б.Адъяахүү багшийнхаа удирдлаган дор 2010 оноос үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн. Дунд сургуульд сурч байхдаа 2008 онд аймгийнхаа самбо, чөлөөт бөхийн өсвөрийн аварга болж, дараа жил нь Эрдэнэдалай сумандаа түрүүлж сумын заан цол хүртэж байсан учраас хуульч биш бөх болоход илүү дөхөм байсан биз ээ.

-Одоо ямар наадамд зодоглохоор бэлтгэлээ базааж байна вэ?

-Энэ сарын 25, 26-ны өдрүүдэд болох Дундговь аймгийн Мандалговь сумын 50 жилийн ойд зодоглоно.