Сүүлийн хоёр сарын хугацаанд Эрүүл мэндийн яаманд цочир сонин, төрийн албанд байж боломгүй “гэмт” үйлдлүүд хэрээс хэтрээд байгаа тухай яамны ажилтнууд ам дамжин ярьж байна.

Өчигдөрхөн гэхэд Сайдын туслах н.Баярцэцэг гэх эмэгтэй бүхэл бүтэн төрийн захиргааны төв байгууллагын тамгыг өөрийн өмч мэт авч зугтаан албан бичиг болон тушаал шийдвэрийг баталгаажуулахгүй байгаа гэх.

Үүнээс үүдэн яамны мэргэжилтнүүд, албан тушаалтнууд ихээхэн бухимдалтай байгаа тухайгаа учирлаж байна. Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны гаргасан тушаал шийдвэрийг баталгаажуулалгүй, төрийн ажлыг гацаасан ганцхан жишээ дурьдахад: Өмнөх сайдын үед ажиллаж байсан зарим газар, хэлтсийн дарга Н.Удвал сайдыг үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 4 дүгээр сард заргаа авсан гэдэг. Төрийн албаны зөвлөл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хууль бусаар ажлаасаа халагдсан н.Энхболд гэх хүнийг ажилд нь буцаан томилох шаардлагатай байгааг удаа дараа яаманд мэдэгдсэн байна. Гэтэл ажлыг нь өгөх ёстой Цолмонгэрэл гэх газрын дарга нь өрөөгөө түгжээд ажлаа өгөлгүй сонгуульд ажиллаж байгаа нэрийдлээр зугтаасан байна. Төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд ажиллах нь хуулиар хориотой байдаг. Тиймээс арга мухардаж Төрийн нарийн бичгийн даргын ажил хүлээлцүүлэх тушаал гаргатал сайдын туслах нь Н.Удвалын зааварчилгаа ёсоор тушаалыг баталгаажуулалгүй аваад зугтжээ. Сүүлийн 2 хоногийн хугацаанд яамны ажил огт явагдахгүй гацаанд орж тушаал шийдвэр гаргах нь битгий хэл яаралтай албан бичигт ч хариу өгч чадахаа больсон байна. Санхүүгийн ямар ч баримтад тамга дарагдахгүй хүлээгдэж байгаад санхүү эдийн засгийн хэлтсийн мэргэжилтнүүд арга мухардаж удаа дараа утас цохин, мессэж илгээн байж сайдын туслах нь яаманд нэг “морилохдоо” төрийн тусгай хамгаалалтын хар машинд суун өрөөгөө хамгаалуулан байж яаралтай хэдэн бичигт тамга дарсан байдаг. Төрийн тусгай хамгаалалт чинь бас сайдын туслахыг хамгаалдаг болоо юу, төрийн захиргааны төв байгууллагын тамга нэг хувийн хэвшлийн дардас мэт болж дээ гэсэн инээдтэй бодол зурсхийснээ нуух юун.

Н.Удвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр явахдаа ГССҮТ-ийн даргаар сайдын зөвлөх Жамбалжав гэх луйварчин, ашиг сонирхлын зөрчилтэй тэтгэвэрийн өвгөнийг хууль зөрчин байж томилчихоод яамныхаа бүх ажилтнуудыг дуудан “яаманд ирсэн бүх албан бичигт сайдын зөвлөх цохолт хийнэ” гэх зэргээр хууль зөрчсөн үйлдлээ ичих ч үгүй хэлж байсан гэдэг. Мөн “Стрессгүй ажлын байрыг эрүүл мэндийн яамнаас эхлүүлье” гэсэн сүржин нэртэй даржин шийдвэрийг гарган өөрөө илтгэл тавин “хошин шог” найруулсан  байдаг. Гэтэл яамны ажилтнууд бүгд ажлын байрны дарамтанд орж буруу хэлж, хазгай гишгэхээс айж суугаагаа нуухгүй байна. Сүүлдээ энэ хошин шогийн жүжиг нь эмгэнэлт жүжиг болоод байна.  Нэгэн мэргэжилтэн нь  хэлэхдээ: Сайдын авир сүүлийн үед итгэмээргүйгээр өөрчлөгдөж байгаа, яаманд миний эсрэг бүхэл бүтэн баг ажиллаж байна хэмээн цухалдаж гэмгүй нэгнийг хардаж сэрдэн ажлаас нь хална, би та нарыг чирч авчирсан, хурдан өргөдлөө өг гэх зэргээр омогдон хашгирч дарамт, хардалтгүй байсан энэ яамыг орвонгоор нь эргүүлээд байна гэх. Мөн сонгуульд нэр дэвшихдээ хандив нэрийдлээр яамны ажилтнуудаас ил тодоор мөнгө нэхэж, доод тал нь 300 мянган төгрөгийн хандив өргөөрэй хэмээн хэлтсийн дарга Оюунцэцэг гэх өөрийн хүнээр хэлүүлсэн гэх. Үүнээс нь болж яамны зарим нэг хүн стресст орж, мөнгө өгөхгүй бол “хорхойтой шүд”-эндээ зуух хүн болохоор өгөхгүй бол болохгүй. 50 мянган төгрөг өгчих үү гэхэд нь Оюунцэцэг нь: Чи тэгж онигоо болоод юухэв гэсэн гэдэг. Мөн Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудаас удаа дараа мөнгөн хандив хүсч дарамталсан талаар баттай эх сурвалжууд мэдээлж байна. Зарим нэг нь өгөөд эхэлсэн тухай ч мэдээлэл байна. Ийм зан авиртай хүн баг зүүж сонгуулийн шоу хийхдээ зүгээр нэг хийчихгүй шанз тоглож дуу дуулан, худгаас ховоогоор ус татаж, хүүхэд эх барьж, өөрийгөө өрөвдөн уйлж жүжиглэх шаардлага юу байна.

Хүн амын эрүүл энхийн манаанд зогсох үүрэгтэй эмч ажилчдаа нэгдсэн удирдлага, бодлого шийдвэрээр хангаж, эрүүл мэндийн салбарыг шинэчлэх үйлст хүчин зүтгэх үүрэг бүхий Удвал сайд “тогооноосоо” илүү гарахгүй байхад энэ салбар яана даа. Хүн хардаж, хууль зөрчих ажлаа зүгээр хийчихгүй жирийн нэг төрийн албан хаагчийг хомроголож байгаад нь сэтгэл өвднөм. Эрүүл мэндийн сайд нь Эрүүл бус сэтгэхүйтэй байхад иргэд бид хэнд найдах вэ?