Барилгын нас чанараас гэдэг. 2000 оноос хойш манайд барилга барих ажил эрчимтэй хөгжсөн. Үүнээ дагаад ч том жижиггүй олон барилгууд борооны дараах мөөг шиг шил шилээ даган сүндэрлэсээр …

Барилга нь баригдаж байгаа юм чинь, барилгыг бариулж байгаа компани гэж байж л таарна, тэр мэдээж. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай гэдэгчлэн сайн ч барилга байна, түүнийгээ дагаад саар нь ч олон. Би энд юуг сийрүүлэх гээд байгааг уншигч та хэдийнээ гадарлаа биз ээ. Чанартай, чанаргүй олон барилгын компаниуд байшин шигээ л олон байна. Чанаргүйд тооцогдох энэ олон компаниас хамгийн “сонирхууштай” нь “Эко констракшин”.

“Эко”-д гэж хаяглаад хавтаст хэрэг үүсгэчихмээр асуудал яасан их вэ. Хөгц мөөгөнцөр айлын хана, тааз, шалаар хэрхэн ургадгийг “Нарлаг-Өндөр”-т харлаа. Оршин суугчид нь өөрсдөө л тарьдаг юм шиг. Ашиглалтад ороод дөрөв дэх хаврын салхинд нурж, эмтэрч, цуурч байгаа Экогийн тус хороололд нар гарахгүй байсаар өдийг хүрчээ. Баянгол дүүргийн VII хорооны нутагт буюу Гэмтлийн эмнэлгийн чанх ард сүндэрлэсэн уг хотхонд өнөөх л танил зовлон нүүрлэснийг тоочиё. Анхнаасаа хогийн цэггүй, хүүхдийн тоглоомын талбайгүй, агааржуулалтын систем нь ажилладаггүй, явган хүний гарц орц, машины зогсоол хомс, дулааны болон ил, далд монтажны асуудалтай, гараашгүй, тагтны зохион байгуулалт буруугаас зундаа борооны усанд автчихдаг гэх танил зовлон эл байрны оршин суугчдыг үргэлж зовооно. Тэндээс, эндээс гэртээ урьж хаана, ямар засвар хийж хэдэн төгрөгийн зардал гаргаад байгаагаа өрхийн төсвийн дэвтрээсээ харуулах оршин суугчдыг “Эко констракшн” гэх компани мартчихжээ. Хананыхаа цаасыг хэдэн удаа сольсноо мартсан айл байгаа бол сантехникийн болон дээврийн засвар хийсэн айл ч байна. Учир нь 101-105 дугаар байрныхан дээврээсээ дулаан алддаг, агааржуулагч ажилладаггүйгээс бохир үнэртэж өвөлжсөн гэнэ. Тэр ч бүү хэл, усанд орж, бие засах өрөөндөө тухтай сууж болдоггүй хэмээн гомдоллож байна. Ийм байдал Экогийн амладаг тав тухтай орчин нь гэж андуурмаар.

3-9 насны гурван хүүхэдтэй айлын эзэгтэй манай сурвалжлах хэсгийнхнийг гэртээ урив. Гэрийн хаалга онгойхтой зэрэгцэн хамар сэтлэм аймшигтай эхүүн үнэр сэнхийх нь мөөгөнцөр гэнэ. Хана, тааз, шалаар нь хараа бэлчээж нүд гүйлгэх ч эцэсгүй тийм ногоон мөөгөнцөрт тэр айл баригдчихжээ. Хананд өлгөсөн хивс захаасаа зулгарч, ханын цаас нь хатаж хорчийсоор харлажээ. Өвөл цан цохиж, мөсөн унжлага гэрийнх нь булан тохойд бий болдог гэнэ. Хөрштэйгээ нэг тагтан дээр хамаг бүхнээ хураажээ. Учир нь тийм л гаж зохион байгуулалттайгаас болж цонхоороо дамждаг ийм нэгэн дундын өмчтэй болсон байна. Үүнээс харвал нийтийн байр ч билүү гэж андуурмаар. Гэрийнхээ энэ мэт аюулаас үүдэж тэдний гурван хүү гэртээ тухтай сууж босч, хэвтэж амарч чаддаггүй аж. Зарах гэхээр хүн тоодоггүй, амьдрах гэхээр тухгүй, эрүүл мэндэд харшлах ийм нэгэн мөөгөнцөрийн голомт болсон айл Экогийн халтуурдсан Нарлаг-Өндөр хотхонд яахаа мэдэхгүй зутарч байна. Үүнд анхаарах эрх мэдэлтэн, шалгадаг, хянадаг, аюултайг нь тогтоодог чанар шалгагчид алга.

Тус хотхон ашиглалтад орсноосоо хойш цахилгаан шатны асуудалтай байсаар өдийг хүрчээ. Гомдол гаргаж хэл хүрэх газраа хүртэл заргалдсаар лифт солиулахаар болтол Экогийнхон манай орон сууцны иргэдэд амласан гурван жилийн хугацаа дууссан. Одоо СӨХ, иргэдтэйгээ хамтарна уу, дангаараа хийнэ үү өөрсдөө учраа олж асуудлаа шийд гэсэн хариу өгөөд хөдлөхгүй байгааг дайлаа. Үнэхээр “Нарлаг-Өндөр”-т асуудал бишгүй юм.

Түүнчлэн шалгавал хууль бус, шахвал ус ихтэй зөрчил нэлээд байгааг байрныхны хэн нь ч хэлж байна. Тодруулбал, өнгөрөгч тавдугаар сарын 15-наас эхэлж хаадаг халаалтыг бүтэн сар 15 хоногийн өмнөөс хаачихдаг гэнэ. Энэ хавар ч мөн ийм байдал давтагдсанаар бяцхан оршин суугч болон өндөр настнууд зутарчээ. Хамгийн гол нь тэр олон айл өрхийн хэрэглээгүй 45 хоногийн халаалт болон дулааны мөнгийг энэ мэтээр дөрвөн жилийн хугацаанд “идэж” байгаад тэд гомдолтой байгаа аж. Аргагүй шүү дээ. Айлуудын шал дагуу хийчихсэн далд монтаж задарч ус алдах тохиолдол бишгүй гарч тэр болгонд дээрх компанийг дууддаг байна. Тауныхан ч дуудлагын дагуу ирж засварлах үүрэгтэй хэрнээ харамсалтай нь үл тоож ирдэггүй байх юм. Угтаа бол СӨХ-оос сар бүр ус, дулаан, цахилгааны төлбөрт 390, айл өрхүүдийн засвар үйлчилгээний зардалд 44 мянган төгрөгийг сар бүр нэхэж авдаг ч нэг удаа болов үүргээ биелүүлж дорвитой засвар хийгээгүй гэдгийг СӨХ-ны дарга Дорж учирлалаа. Ийм шударга бус байдал тэнд нүүрлэчихжээ.

102 дугаар байрны 12 давхрын айл өнгөрсөн зун аюулд автсан гэдгийг тэд жишээлэв. Өрхийн тэргүүн борооны усанд нураад уначихсан дээврээ өөрийн хөрөнгөөр засварлаж ханын цаас, эмульс, хар цаас, будаг, шохой зэргээр дахин засварласнаа үзүүлэв. Ийм хүлцэнгүй, тийм л амгалан иргэд Эког үнэхээр давраачихаж, Үүл дарга аа.

Үргэлжлэл бий…