Ипотекийн зээлийн журам батлагдсантай холбогдуулан Барилга хот байгуулалтын яам, Монголбанк, ШӨХТГ хамтран хэрэгжүүлж буй найман хувийн зээлийн дэд хөтөлбөрийн явцын талаар  мэдээлэл хийлээ.

Барилга хот байгуулалтын яам Монголбанктай хамтран гол нэрийн бүтээгдэхүүн буюу цемент арматурын үнийг бууруулах дэд хөтөлбөр хэрэгжүүлжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд нийт нэг сая орчим тонн цемент, 100 мянган гаруй тонн арматур оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Одоогийн байдлаар 660 мянган тонн цемент, арматурын 60 гаруй хувь нь орж ирсэн аж. Цемент нэг тонн нь 130 мянган төгрөг, харин арматур нэг сая 140 мянган төгрөгийн ханштай байгаа юм байна. Түүнчлэн Монголбанкнаас  барилгын компаниудад эргэлтийн зээл өгч байгаа аж. Тус зээлэнд 60-70 компани хамрагдсан байна. Мөн баригдаж дуусаагүй барилгын компаниудад зээл өгөх гэнэ. Энэ онд баригдаж дуусах барилгуудад шаардлагатай хөрөнгө оруулалт нь 900 орчим тэрбум төгрөг зарцуулагдах гэнэ. Монголбанк одоогоор 230-аад тэрбум төгрөгийг гаргажээ. Тиймээс нийлүүлэлт хангалттай гэж албаныхан үзсэн байна.

Ипотекийн зээл олгож эхэлснээс хойш зарим барилгын компаниуд үнээ зохиомлоор  өсгөж байна гэсэн гомдлууд ШӨХТГ-т ихээр ирж байгааг О.Магнай дарга дуулгалаа. Үүнтэй холбогдуулан дээрх гурван байгууллагаас ипотекийн зээлийн дэд хөтөлбөрт хамрагдаж байгаа компаниудад судалгаа хийжээ. Тус судалгаагаар байрны үнийг огцом нэмсэн компани илрээгүй хэмээн Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн мэдээлэлдээ онцоллоо. Харин ШӨХТГ-аас хийсэн судалгаагаар 80-аас  доош метр квадраттай  байрын үнийг  100-150 мянган төгрөгөөр нэмсэн долоон компани байжээ. Эдгээр компаниудад ШӨХТГ-аас хатуу хариуцлага тооцохоо мэдэгдлээ.  Дашрамд дуулгахад энэ жил 34 мянган айлын орон сууц ашиглалтад орох гэнэ.

Б.Нарантуяа