www.BoloD.mn цахим хуудасны захирал, Монголын Сайтын Холбооны дэд Ерөнхийлөгч Б.Мөнхдөл нь 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тодорхой үндэслэлгүйгээр саатуулагдлаа.

Бага насны хоёр хүүхэдтэй, нялх биетэй гэр бүлийн хүнтэй, мөн биеийн эрүүл мэндийн хувьд сайн бус байсан түүнийг учир битүүлгээр хоригдсонд мэргэжил нэгт нөхөд нь сэтгэл зовниж байна. Б.Мөнхдөл нь захиргааны зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байхад, түүнийг саатуулах ямар ч ноцтой шалтгаангүй байсаар атал саатуулсан нь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчмыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Б.Мөнхдөлийг саатуулах болсон шалтгаан нь огт тодорхойгүй байгаа бөгөөд Б.Мөнхдөл ч мөн хохирч гомдол гарган цагдаагийн байгууллагад өргөдлөө өгсөн байна. Ийм тохиолдолд хууль хүчний байгууллага яарч сандрахгүйгээр буруу зөвийг олж тогтоох, саатуулахаас бусад шийтгэвэрийг ногдуулж болох байсан. Энэ үүрэг цагдаагийн байгууллагад бий. Сэтгүүлч Б.Мөнхдөлийг 2013 оны 6 дугаар сарын 21 нд ямар ч шалтгаангүйгээр шөнийн 01 цагаас хойш хар багтай гүйцэтгэх албаны хүмүүс баривчлаад, маргааш нь үг дуугүй суллаж явуулсан, 2013 оны 6 дугаар сарын 23-нд өөрөө хохирч цагдаагийн байгууллагад өргөдөл гомдлоо гаргасан хэрнээ учир битүүлгээр саатуулагдаж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулинд харшилж, нийгэмд болон сэтгүүлчдийн дунд айдас хүйдэс бий болгож байна. Сэтгүүлч Б.Мөнхдөлийг Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болохын өмнөх өдрүүдэд ийнхүү барьж хорьсон нь Монгол улсын Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлд заасан “Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийх” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна. Энэхүү хуулийн 139.1-д заасан “Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийх”, 139.2-т заасан “Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж хийх” гэмт үйлдлүүдийг эрх баригчид хийсэн байж болзошгүй нь сэтгүүлчтэй холбоотой үйл явдлуудаас харагдаж байна. Иймд хүчний байгууллагын энэ бүх үйлдлийг хянаж, даруй таслан зогсоохыг эрх баригч Засгийн газраас шаардаж байна.

Монголын Сайтын Холбоо ТББ нь сэтгүүлч Б.Мөнхдөлийн энэхүү асуудалд хууль хяналтын байгууллага анхаарлаа хандуулж, мэргэжлийн ёс зүйтэй хандаж, хууль бус үйл ажиллагаандаа яаралтай залруулга хийн суллана гэдэгт итгэж байна. Бид гишүүддээ үйлчилдэг ТББ-ын хувьд, мөн Монголын сэтгүүлзүйн талбарт интерактив, ил тод үйл ажиллагаа явуулдгийн хувьд гишүүн байгууллагынхаа сэтгүүлчдийн эрүүл мэнд, эрх чөлөөний төлөө, мөн мэргэжлийн эрх, мэдээллийн эрх чөлөөний төлөө тууштай тэмцэх болно.

“МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО” ТББ 2013 оны 6 дугаар сарын 24