Сүүлийн үед фэйсбүүкт идэвхтэй өрнөөд байгаа  “Хог bucket challenge” аяны хүрээнд УИХ-ын гишүүн С.Одонтуяад дуудлага ирсэн. Хэрвээ 3 шуудай хог түүсэн бол зургаа өөрийн фэйсбүүк хуудаснаа оруулах ,амжаагүй болон хогоо түүгээгүй тохиолдолд ТҮК-ийн гурван ажилтанд тус бүр 20 мянган төгрөгөөс доошгүй үнийн дүнтэй үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн бэлэглэх дүрэмтэй. Тэгэхээр нэг шуудай хог нь нэг хүний бэлэгтэй тэнцэж байна гэсэн үг.

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа БГД-ийн нутаг дэвсгэрээр явж хогтой газар хаана байгааг судалж үзэхэд “Хоггүй дүүрэг цэмцгэр Баянгол” зорилтыг амжилттай хэрэгжүүлж, хогныхоо асуудлыг бараг бүрэн шийдсэн байна. Тэрээр БГД-ийн иргэд болон тохижилт үйлчилгээний “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ийн хамт олноор бахархаж байгаагаа хэлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2015.08.12-ны өдөр БГД-ийн ТҮК-ийн нийт ажилчидтай уулзалт хийж бэлэг гардуулж, өдрийн хоол хамт идлээ. Аяны журмын дагууТҮК-ийн 3 ажилтанд бэлэг гардуулах ёстой байсан ч өнөөдрийн уулзалтаараа БГД-ийн ТҮК-ийн 83 ажилчдад Монголд үйлдвэрлэсэн тэмээний ноосон нурууны бүс бэлэглэлээ. УИХ-ынгишүүн С.Одонтуяа “Хүмүүсийг дулаан хөнжилдөө унтаж амарч байхад үүрийн жавартай өвлийн хүйтэнд цас цэвэрлэж зогсдог. Өвлийн өглөөний хүйтэнд ядаж нуруунаас дулаан байг гэж бодож энэ бэлгийг сонгосон” гэдгээ хэллээ.

Уг тэмээний ноосон нурууны бүсийг хийсэн үндэсний үйлврлэгчид маань манайх “нэг өдрийн дотор ийм их борлуулалт хийсэндээ маш их баярлаж байна” гэснийг уламжилсан. Тэрээр мөн “Хог bucketchallenge” аяныг анх санаачилсан болон, дэмжсэн бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлэн хоггүй цэвэрхэн байхад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг онцолсон юм..

Дээрх аяны хүрээнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа Асашёорюү Дагвадорж, УИХ-ын гишүүн М.Зоригт, хийлч Ч.Дэлгэрцэцэг/Дээгий/ нарыг “Хогbucket challenge” аянд нэгдэх дуудлага хийлээ.