“Үхэн үхтлээ хүн хүнээрээ л байх ёстой” гэсэн нэгэн ДОХ-той залуугийн ярианаас иш татан бичвэрээ эхэлье.

Тэрбээр хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчинд дарлуулж, бие сэтгэлээрээ шаналан байгаа ч гурван хүүхдийнхээ төлөө өдөр хоногийг өнгөрүүлж явна. Харамсалтай нь түүнийг хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийн эрх чөлөөт хүмүүс бид “ДОХ-ын ээлжит тохиолдол, ДОХ-той залуу” хэмээн нэрийдчихэж.

Нийгэм олон нийт түүнээс зайгаа барьж, цэрвэж зэгшсэн харцаар  харж, хол хөндий ханддаг болсон гэнэ. Найз нөхөд хэмээн явсан нөхдүүд ч  түүнээс зайгаа барих болж. Ийнхүү ил хэлээгүй ч үйлдлээс нь тэр бүгдийг анзаардаг хэмээн ярижээ.  

  Ийм амьдралд бүдэрч сөхөж яваа жишээ үүгээр дуусахгүй.  Хэвлийдээ үрээ тээж, сэтгэлдээ шаналлаа нуусан бүсгүй өөрийг нь ойлгоосой гэсэндээ сэтгэлийн үгээ тэрлэн ирүүлжээ. Тэрбээр ханиад хүрсэн ч өнөө л өвчин маань илэрч байна гэж айн чичирч, хайртай хүндээ ч халуун сэтгэлээр бүхнээ зориулж чадахгүй байгаадаа гутарч явдаг гэнэ.  Хэн нэгний санамсаргүй хэлсэн үгэнд  зүрхээ урагдтал эмзэглэж өөрийгөө зүхэж хоног өдрийг илээж яваа хэмээн бичжээ. Бурхан нь хардаггүй юм бол ядаж чөтгөр нь намайг аваасай гэж бодогдох үе түүнд өчнөөн тохиолддог хэмээн үзэг цаас тэрлэн суугаа түүнд амьдрал дэндүү хатуу хандсан гэлтэй . Амьд хир нь үхлийг хүсэмжлэх хатуу хувь заяандаа хэвлий дэх үрээ л бодон амьдрал өөд тэмүүлж яваа бүсгүй.  

Монголд ДОХ-ын халдвартай хоёр эмэгтэй төрөөд хүүхэд нь халдваргүй гарсан гэх баярт мэдээ бий. Түүнээс төрөх бяцхан үр ч  гэсэн эрүүл байгаасай гэж  хичнээн их хүснэ вэ?

Дэлхийд 39.5 сая хүн ДОХ-ын халдвартай гэсэн судалгаа бий. Харин манай улсын хувьд ДОХ-ын анхны тохиолдол 1992 онд буюу одоогоос 21 жилийн тэртээ бүртгэгдсэн байдаг. Түүнээс хойш жилд хоёр, гурав гэх мэт тохиолдлууд бүртгэгдэж байсан бол өдгөө долоо хоногийн зайтай ээлжит халдвар тээгч бүртгэгдсэн нь нийгмийг бүхэл нь цочроож байна. Цахим ертөнцийн хамгийн сэтгэл түгшээсэн олныг цочроосон мэдээлэл “ДОХ”-ын асуудал  болоод байна.

Энэ өвчний талаар сонссон хэрнээ биднээс хол хэзээ ч ирэхгүй юм шиг л  санадаг. Гэтэл хэдхэн хоногийн өмнө уг өвчний 143 дахь тохиолдол илэрч, дөнгөж хорь гаруйхан настай залуухан бүсгүй халдвар тээсэн нь харамсалтай байна. Энэ мэтчилэн “ДОХ”-ын ээлжит тохиолдлууд залуужиж байгаа нь сэтгэл түгшээх боллоо.

Энэ зууны тахал болсон эдгэршгүй аймшигт өвчний улмаас дэлхий дээр 12 секунд тутамд нэг хүн өвчилж, 16 секунд тутамд нэг хүн нас барж байна гэсэн судалгаа байдаг. Үнэхээр дэлхий нийтийг хамарсан аюул болоод байна.

 ДОХ хэнийг ч ялгадаггүй. Гэхдээ “ДОХ” тусахгүй байх боломж хүн бүрт бий гэдгийг хүн бүхэн мэдээсэй, сэрэмжлээсэй. Муу амлаж, хэрэггүй юм хэллээ гэх нэгэн байх ч эвлэрэийг хүсээгүй бодит байдал ийм байна.  Ялангуяа  өсвөр үеийн залуучууд маань, ирээдүйн ээж аавууд маань хэзээ ямагт бие биендээ үнэнч байгаасай.

Анх Камеруны хоёр иргэн энэ өвчнийг монголд тээж ирсэн гэхэд, ДОХ-ын 96 дахь тохиолдол илэрлээ гэхэд ч бид зүгээр л сонин болгон сонсоод, цааш нь сонин болгож яриад л өнгөрдөг байсан. Гэтэл энэ тоо хэдийнэ гурван оронтой тоонд шилжжээ. Энэ үнэхээр эвлэрэхийг хүсэмгүй эмгэнэл болоод байна.

Бид “ДОХ” хэрхэн халдварладагийг мэднэ. Бэлгийн замаар, ариутгаагүй зүү тариураар, цусаар, эхээс урагт халдварладаг гэдгийг. Тиймээс бидэнд сэргийлэх, халдвар авахгүй байх бүрэн боломж бий гэсэн үг. Хамгийн гол нь хосууд, гэр бүлүүд бие биедээ үнэнч байгаасай. Учир нь өнөөдрийг хүртэл бүртгэгдсэн тохиолдлуудын ихэнх нь бэлгийн замаар халдварласан байдаг.  Тиймээс бие биедээ үнэнч байгаарай ...

  Б.Хорлоо