Тайландын Бангкок хотноо сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсаас есөн тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцож хоёр хүрэл, нэг алтан медаль хүртсэн амжилттайгаар өчигдөр эх орондоо ирлээ. Энэ үеэр тус тэмцээний 60 кг-ын жинд аваргалсан Д.Отгондалайтай ярилцсанаа хүргэе.

-Баяр хүргэе. Таныг шагналын давцанд зогсох үед сэтгэл үнэхээр хөдөлж байлаа?

-Тамирчин хүн бүхний хамгийн бахархалтай, баяртай мөч шагналын давцанд зогсох үе байдаг. Энэ үед л монгол хүн болж төрснөөрөө бахархаж, баярлах сэтгэл төрсөн.

-Оноолт хатуу байв уу?

-Азийн ринг хатуу байдаг. Тоглолт бүхэн хүч шаардсан. Ази тивдээ илүүрхдэг бүх тамирчинтай энэ удаад гар зөрүүллээ. Индонезийн Ф.Папендан, Тайландын Пачаняг ялж, шигшээд Узбекистаны Авдураймовтой тулж 3:0-ээр илүүрхэж, аваргын төлөө тоглох эрхээ авсан.

-Узбекистантай тоглосон тоглолт нэлээд хүнд болсон. Хөмсөг чинь задрах мөчид та юу бодож байв?

-Тоглолтын сүүлчийн үед хөмсөг задарсан. Энэ үед эмч хийх ёстой арга хэмжээг шуурхай авч, хөмсгийг минь наасан учраас аваргын тоглолтод оролцож чадахаар болсон. Мөн тамирчдаасаа ганцаараа үлдчихсэн учир ингээд тоглолтоо дуусгаж болохгүй, багийнхаа, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага бий гэж өөрийгөө хурцалж байлаа.

-Сар гаруйн дараа Дэлхийн аваргын тэмцээнтэй. Энэ үеэр олимпийн эрх олгоно. Энэ удаагийн Азийн аваргын тэмцээн таны хувьд том бэлтгэл боллоо гэж харж байна?

-Энэ удаагийн тэмцээн их онцлогтой боллоо. Дэлхийн аваргын өмнөх том сорилго гэж ойлгож болно. Азийн аваргын эхний долоон байрт орсон тамирчин дэлхийн аваргад оролцох эрх авлаа. Манайхаас медаль авсан тамирчид ч хаалтгүй оролцох нь.

-Шүүгчид Казахстаны тамирчдад илүү боломж өгч байгаа нь ажиглагдсан. Харин та тивийн аваргын төлөө Закир Сафиуллинтай тулалдсан шүү дээ?

-Энэ удаагийн Азийн наадмын бүх жинд Казахстаны зургаан тамирчин финалд шалгарсан. Казахстаны тамирчид хүчтэй, бэлтгэл ч сайтай байсан. Тиймээс би их болгоомжтой тоглох тактик боловсруулсан. Тиймээс миний тоглолтын шүүлтэд будилиан гараагүй.

-Магадгүй та Азидаа чансаагаараа нэгдүгээрт бичигдэж байсан учир өрсөлдөгч чинь жаахан эмээсэн байж магадгүй юм?

-Чансаа дээгүүр байсан учир харьцангуй хариуцлагатай шүүсэн байж магадгүй. Тэмцээнд орохын өмнө би Азидаа нэгдүгээрт, дэлхийд зургадугаарт эрэмбэлэгдсэн байсан. Харин энэ үзүүлэлтэд энэ удаагийн тэмцээний амжилт нөлөөлж, Дэлхийн аваргын тэмцээнд ороход чансаа арай дээшилнэ. Тиймээс дэлхийн аваргын тэмцээнд нэг хэсгийг тэргүүлэн оролцох байх.

-Танай багийнхан гурван медальтай ирж. Үүнээс олон медаль авахаар байсан гэдэг...?

-Азийн наадамд оролцсон манай тамирчдад боломж байсан ч хэдэн медалиа харамсалтайгаар алдсан тохиолдол гарлаа. Бидэнд дахиад сарын хугацаа байна. Тиймээс бэлтгэлээ тууштай хийж, дараагийн тэмцээнд бие, сэтгэлзүйгээ бэлдэх хариуцлагатай өдрүүд үлдэж.

-Энэ удаагийн тэмцээнд Инчонд тантай финалдсан Чарли Суарес оролцсон. Та хоёрын хооронд шийдвэрлэх тоглолт болох байх гэж олон хүн таамаглаж байсан юм билээ?

-Инчоны наадамд финалдсан Филлипинийн тамирчин зооны нөгөө хэсгийг тэргүүлсэн ч Казахстаны тамирчинд хожигдсон. Хэрэв ялсан бол дахиад тулж, тоглох боломж бүрдэх байлаа.

-Та Азид босоо байна. Чансаагаараа тэргүүлж яваа тамирчдаас гар зөрүүлээгүй үлдсэн тамирчин бараг үлдсэнгүй бололтой?

-Азийн тамирчид өөрийн гэсэн онцлогтой. Бага жинд жигд сайн тоглодгоос гадна булчин багатай хүмүүс байдаг. Миний хувьд ч энэ шинж бүрдсэн. Би 2008 оноос хойш дэлхийн хэмжээний тамирчидтай тоглож эхэлсэн. Эдгээр он жилүүдэд ялалтын амт, ялагдлын гашууныг хангалттай мэдэрсэн. Энэ хэрээрээ орон орны шилдэг тамирчидтай гар зөрүүлж үзсэн байна.       

-Таны анхны багш чинь Төмөрбат байх аа?

-Гавьяат дасгалжуулагч, Дорнодын Төмөрбат миний анхны багш. Харин энэ удаагийн Азийн тэмцээнд багш маань хамт явлаа. Би багш дээрээ дөрвөн жил хичээллэж байж улсын шигшээд орсон. Тиймээс танай сониноор дамжуулаад багшдаа болон одоогийн багш, дасгалжуулагчдадаа баярлаж байгаагаа илэрхийлье.

Ч.ГАНТУЛГА