Наадам болонгуут хуушуур, айраг зарж хэдэн төгрөг олохын төлөө зүтгэгсдийг уруу татмаар нэг бизнес байна аа. Төрийн далбаагаа хуульд заасны дагуу стандартаар нь хийж хэдэн төгрөгтэй болох сайхан боломж байна.

Наадмын битүүний өдрийг хэлэх үү, төрийн далбааны өдрийг ч хэлэх үү гудамжаар нэг болсон болоогүй далбаа зарж байгаа хүмүүс ядаж өөрсдөө хийгээд зарах сэдэл төрдөггүй юм байх даа. Хятадууд Монголын далбааг хийж монголчуудад өөрсдөд нь зарж баяжаад байна гэсэн хор шар төрдөггүй, их сонин улсууд юмаа бид. Манай улс төрийн далбааны өдөртэй болоод хэдэн жил болчихож. Жил бүр тэгсгээд өнгөрдөг. Ер нь бол төрийн далбааг төрийнхөн хэрэглэдэг, бидэнд хамаагүй мэтээр жирийн ардууд ойлгосоор ирсэн. Ядахад улстөрийнхөн, УИХ-ын гишүүд, сайд, дарга нар сонгуульд нэр дэвшихээсээ эхлээд гишүүн болсныхоо дараа ч төрийн далбааны өмнө зогсож зургаа татуулдгыг хэлэх үү. Тийм ч учраас төрийн далбааны өдрөөр “Өдөр боллоо” гэсэн мэдээ сонсож, том далбаа мандуулсхийгээд өнгөрдөг байв. Сайндаа л бид төдөн онд далбаатай болсон, тэгж өөрчлөгдсөн, тийм тийм улсад төрийн далбаагаа мандуулсан гэсэн түүхч, судлаачдын яриагаар хязгаарлагдана. Харин 2008 онд Монголын хөвгүүд олимпоос медаль авсан орой монголчуудын хэн нь ч төрийн далбаагаа хэрэглэж болдог юм байна гэдгээ ойлгосон. Одоо бол өөр болжээ. Ядаж ард түмэн маань машин дээрээ, малгай дээрээ, цамцныхаа ард төрийн далбаагаа “хийсгэх” эрхтэй болж. Малгай, нуруундаа далбааны зургийг наана гэдэг толгой дээрээ мандуулснаас юуны ялгаатайв. Ингэхээр бид чинь тэрүүхэндээ догдолж хөөрөх юм байна шүү дээ. Энэ жил харин Ерөнхийлөгч маань улирсныг хэлэх үү, наадмын өмнө далбааны өдрөөр тангараг өргөх сайхан жил тохиож буй тул хүмүүс далбааны өдрөөрөө баян тансаг, бийлэгжүү баярлах нь тодорхой болсон. 400 сая төгрөг гэдэг сайхан баярлахаар мөнгө биздээ. За бийлэгжүү тансаг баярлах яах вэ, далбаагаа зөв, ном ёсоор нь хийгээд толгой дээрээ мандуулвал жинхэнэ сайхан баяр болно доо. Хятадууд Монголын далбааг дөхүүлсхийгээд л хэдэн өнгийн даавуу залгаад оёчихсныг ядаж монголчууд мөнгөөрөө очиж авдаггүй, хийсэн хятадыг нь манай хуулийг зөрчлөө гэж хуулийн байгууллагад мэдүүлдэг мэдлэгтэй, сэтгэлтэй баймаар байна. Тээр жил олимпийн аварга төрөхөд Монголоос аварга төрөхийг мэдсэн юм шиг бөөн бөөнөөр нь ачиж ирээд зараагүй юу. Бэлэн байсан гэхэд итгэхэд бэрх, тийм хурдан л хийж байгаа байхгүй юу.

 Тэр нь бүгд буруу, галын дөл нь хонхон цэцэг аятай, загас нь буруу байрлалтай, даавууны өнгө нь улаандуу, цэнхэрдүү л байвал болоо гэсэн шиг ойролцоодуу өнгөөр хийчихсэн. Зэрвэс харахад далбаархуу л юм байвал болоо. Үүнд манайхан өөрсдөө буруутай. Үндсэн хуулиар хамгаалагддаг, төрийн өмч юм чинь төр илүү анхаарал хандуулж, хамгаалах үүрэгтэй. 1992 оны Үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн…Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” гэж хуульчилсан байдаг. Гэтэл хятадууд өмд, оймсоо хийсэн материалынхаа үлдэгдлээр буюу хаячихын оронд юухан ч болов хийгээд мөнгө болгоё гэсэн сэдлээр хийсэн далбаархуу даавууг монголчууд гүйж очиж авчраад эргээд монголчууддаа зарж мөнгө болгодог. Чингисийн Монгол, эрх чөлөөт монгол хүн гэж цээжин дээрээ нударгаа зангидах монголчууд тэр далбаанцарыг барьснаараа улс орноо гутаан доромжлуулж буйгаа мэдрэх сөхөө ч байхгүй нь харамсалтай санагддаг. Тиймээс Үндсэн хуулиар хамгаалагдсан, төрийн их билгэдэл агуулсан далбаагаа стандартын дагуу бүтээж, зөв хэрэглэхийн тулд төрийн далбаа оёх эрхийг тусгайлан аль нэг байгууллага, хүмүүст өгч хийлгүүлдэг болох цаг ирснийг Төрийн ёслолын алба хэмээх төрийн ёслол хүндэтгэлтэй холбоотой бүхий л ажлыг хийдэг байгууллага анхаармаар болжээ.

 
Б.СЭЛЭНГЭ