Ойрын өдрүүдэд эрх баригчид энэ оны төсвийн тодотголыг хийн тун чг завгүй суугаа билээ.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, уул уурхайн татварын орлого өнгөрсөн жил хэд байсан. Энэ жил хэдий хэмжээний орлого орсон. Оюутолгой, Эрдэнэтээс хэчнээн төгрөгийн татварын орлого орсон зэргийг тодруулав. Уул уурхайн сайд Р.Жигжид "Уул уурхайн салбараас энэ оны 9 сарын байдлаар 827.9 тэрбум төгрөгийн орлого орох ёстойгоос 794.6 тэрбум төгрөгийн орлого ороод байгаа.

Харин газрын тосны салбар 213.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 128.8 тэрбумыг төвлөржээ. “Оюу толгой” компани энэ оны 9 сарын байдлаар 310.2 тэрбум, “Эрдэнэт” 202.5 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлээд байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үед “Оюу толгой” 167.7 тэрбум, “Эрдэнэт” 307.8 тэрбумыг төвлөрүүлжээ" гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Гадаад Хэргийн Яаманд цалин хөлстэй холбоотойгоор төсвийн тодорхой хэмжээний дутагдал байгааг хэрхэн шийдэж буйг тодруулав.

Л.Пүрэвсүрэн "Манай яамны тухайд гэвэл валютын ханшийн зөрүүгээс үүдэлтэйгээр хүндрэл гарч байсныг тухай бүрт нь шийдэж ирсэн. Энэ оны хувьд гадаад оронд суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнуудын цалин, бусад төлбөртэй холбогдсон валютын ханшийн зөрүүд 7.9 тэрбум төгрөгийг нэмж тусгахаар төсвийн тодотголд суулгасан" хэмээн хариулт өглөө.

Харин гишүүн Ж.Энхбаяр гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын даатгалын үйлчилгээтэй холбогдсон зардал багагүй өссөн, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогыг бууруулж тооцсон шалтгааныг тодруулахад, “Валютын ханшийн зөрүүнээс болж Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын цалин, даатгалын үйлчилгээ, төлбөр, байрны түрээс, томилолтын зардал зэрэг нь нэмэгдэж байгаа. Гадаад оронд суугаа 350 орчим дипломат ажилтнууд тухайн суугаа орныхоо эрүүл мэндийн даатгалд хамрагддаг, Дипломат төлөөлөгчийн долоон газрын ажилчид даатгалд хамрагдаагүй байсныг нэмж тусгасан гэж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн онцолсон юм.

Харин Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтсийн дарга Ц.Ганбат “Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогоос цэргийн албан хаагчдын хувцас, сургалтын зардал гэж таван тэрбум төгрөг хасагдсан гэв. Харин гишүүн Ж.Энхбаяр Зэвсэгт хүчнийн хөгжлийн сангаас таван тэрбум төгрөг хасахаар оруулж ирснийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжив. Үүгээр тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.