МАН-аас зохион байгуулж байгаа “Бид хамтдаа” үндэсний форум гурав дэх өдрөө “Нийслэлийн хөгжлийн бодлогын асуудлууд” сэдвийн хүрээнд болж байна. Уг сэдвийн хүрээнд

· Хотын засаглал ба эдийн засаг, бизнесийн орчин

· Хотын засаглал ба нийгмийн бодлого

· Хотын засаглал ба амьдрах таатай орчин салбар хуралдаануудаар үргэлжлэв.

Хотын засаглал ба нийгмийн бодлого салбар хуралдаанд “Нийслэлийн иргэдийн нийгмийн сайн сайхан байдлыг хангахад чиглэсэн нийгмийн бодлогын үндэс” сэдвээр С.Зульфикар, “Нийгмийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог хангах нь” сэдвээр Ч.Эрдэнэчимэг, “Нийслэлийн иргэдийн нийгмийн тулгамдсан асуудал”сэдвээр МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны Дэд ерөнхийлөгч Б.Ундармаа нар тус тус илтгэл тавьсан.

Үүний даа хуралда оролцогчид саналаа хэлж байлаа. Тухайлбал,

Чингэлтэй дүүргийн оршин суугч Сүхжаргалмаа: АНУ-д 2012 оны байдлаар 112 000 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүний 80 000 гаруй нь улсын сургууль байдаг. Өөрөөр хэлбэл улсын сургуульдаа голлон хөрөнгө оруулалт хийж, өмч хувьчлалд оруулахгүйгээр хөгжүүлээд бэхжүүлээд яваад байна. Энэ жишгийг нийслэлд хэрэгжүүлмээр байна. Мөн эрүүл мэндийн салбартаа анхаарах шаардлагатай байна. Их Британичуудын 8 хувь нь л хувийн эмнэлэгээр үйлчлүүлж, 92 хувь нь төрийн эмнэлгээр үйлчлүүлж байна. Төр нь улсын эмнэлэгтээ анхаарал хандуулсний ачаар ийм байна. Ийм жишиг манайд үгүйлэгдэж байна

БЗД-ийн оршин суугч н.Энхбаатар: БЗД саяхан 90 жилийн ойгоо тэмдэглэсэн. Төсөв мөнгөний зохицуулалт, ер нь дүүргийн шилэн данс тооцоог шалгаж үзэх хэрэгтэй байна.

СХД-ийн оршин суугч Нарангэрэл : Хотын удирдлагуудад мөн ч их хэлж байна даа. Байдал улам дордож байна. Нийслэлчүүд шээс баасандаа хутгалдаж байна. Цонхоо онгойлгох арга алга. Дээрээс нь газрыг хууль бусаар авч, давхардуулж байна. Үүнийг бодлогын хэмжээнд анхаарч үзэх шаардлагатай гэдгийг хэлж байлаа.

Хуралдаанд оролцогчдын дийлэнх нь хотын болон дүүргүүдийн удирдлагуудыг төсөв тооцоон дээр дансны аргаар идэж байгаа гэх хардлага байгаа тул шалгуулах хэрэгтэй гэдгийг онцолж байсан юм.

Оролцогчдыг саналаа хэлсний дараагаар хурал даргалагч дүгнэлтээ хийснээр хуралдаан өндөрлөсөн юм.