Монголын сонгодог урлаг олон сайхан багш нарын буянаар, нөр их хөдөлмөрөөр олон сайхан залуугаар цус сэлбэж байгаа билээ. Дэлхийд эх орынхоо сонгодог урлагийг бахдуулж яваа Мариинский театрын гоцлол дуучин, МУГЖ Г.Ариунбаатарыг өдгөө танихгүй хүн тун бага.

Тэрбээр эх орондоо амрахаар иржээ. Өөрийн цахим хуудасаа идэвхтэй хөтөлдөг дууч залуу маань хатан хааны гэр бүлтэй оройн зоог барьсан талаар дуулгасан. "Английн алдарт Кадагон нэртэй тайзнаа тоглолт хийсний дараахан сүр жавхлант Хатан хаан оройн зоогт урьсан юм. Надтай хамт дэлхийн алдарт удирдаач Валерий Гергиев, Мариинский театрын оркестр, морин хийлч Ю-Хан нар уригдсан. Хатан хааны ордон санаанд оромгүй, маш өндөр харуул хамгаалалттай тул зургийн аппарат авч орох ч боломжгүй. Аргагүй л байх. Бид энэ орой нийт дөрвөн номер үзүүлсний нэг нь миний ари байсан. Тоглолтын дараагаар оройн зоог барьж, халуун дотно яриа өрнүүлж суулаа. Монголын дуурийн урлагийг төлөөлөн Хатан хааны гэр бүлтэй уулзсан минь ховорхон тохиох аз завшаан гэж маш их баяртай байгаа" хэмээлээ.

Түүнийг тоглолтыг үзсэн ханхүү Чарльзын сэтгэл маш их хөдөлсөн байна. "Би Монголыг сайн мэднэ, надад таалагддаг. Монголд дуурийн урлаг ингэж хөгжсөнд их гайхаж, баярлаж байна. Маш сайхан сэтгэгдэл төрлөө” гэж ханхүү сэтгэлийн үгээ хэлсэн байна шүү.

Д.Ана