Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхлэж байгаатай холбогдуулан Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат 494 тоот захирамж гаргаж, энэ сарын 6-ны 08-24 цагийн хооронд согтууруулах ундаа зарахыг хориглосон байна.

Тус аймагт хорих 403, 415, 417 дугаар анги байрладаг аж.

Үүнээс гадна орон нутгийн зарим газруудад хоригдолуудтай холбоотой мэдээлэл гараад эхэлжээ. Тухайлбал, Эрдэнэт хотод өчигдөр хөл хөдөлгөөн ихтэй байсан бөгөөд оройн цагаар энд, тэндэхийн уушийн газар цуглаж, гудамжаар холхилдон дуу чимээ, үүсгэж асуудал дагуулж эхэлжээ. Улмаар иргэдээс ирсэн гомдлын дагуу цагдаа нар хэв журам сахиулахаар очиход Өршөөлийн хуулинд хамрагдаж суллагдсан Дарханы иргэд Эрдэнэт хотод очсон байсан нь тогтоодсон бөгөөд шалгалт хийх үед хүчнийхнийг эсэргүүцэж, нударга хүртэл зөрүүлээд амжсан байна.

Харин энэ талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас чандлан нууцалж байгаа бөгөөд Өршөөлийн хууль батлагдаж, хоригдлууд дөнгөж суллагдаж эхэлж байгаа учраас ийнхүү нууцалж байгаа гэнэ.

Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Өчигдрийн хувьд багахан хэмжээний самуун гарахын хувьд гарсан. Гэхдээ ар гэртээ суллагдаж очиж байгаа хүмүүс хэд хоног гэртээ амарч байгаад, хоёр гурван хоногоос гарч ирж, жинхэнэ асуудал үүсгэх байх даа” гэв.

Иймд ард иргэд үдэш оройн цагаар ганц нэгээрээ явахгүй байх, танихгүй хүнтэй ам мурийхгүй байх нь зүйтэй юм.