Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний 10 сарын байдлаарх статистикийн танилцуулгыг хийлээ. Улсын хэмжээнд эхний 10 сард төрсөн хүүхэд 67362 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1402 буюу хоёр хувиар буурсан байна.

Монгол Улсад ердөөсөө ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа 76 мянган иргэн байна. Тэгвэл нийт ажиллагсдын 579.2 мянган иргэн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа юм.

Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаагаар манай улсын дундаж өрх сард дунджаар 1 сая орчим төгрөгийн орлого олдог ч үүнийгээ буцаан зарцуулдаг байна. Өрхийн орлогоор задлаад үзэхэд нийт өрхийн 12.3 хувь нь 300 мянган төгрөгөөс доош орлоготой, 47.5 хувь нь 300-900 мянган төгрөгийн орлоготой, 5.7 хувь нь 2.1 сая төгрөгийн орлого олдог байна. Энэ нь 100 өрхийн зургаан нь 2.1 сая төгрөгийн орлого олдог аж.

Иргэдийн хувьд ямар нэг хэмжээгээр орлого олдог ч нийт орлогынхоо 72.2 хувийг хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлагад зарцуулдаг байна.

Тэгвэл эхний 10 сарын байдлаар 23323 гэмт хэрэг бүртгэгдэж мөн оныхоос 847 тохиолдоор нэмэгджээ. Бүртгэгдэж байгаа гэмт хэргээс гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн байна.

Гадаад худалдааны тэнцэл өмнөх онд 9078.7 сая ам.доллар байсан бол энэ оны эхний 10 сарын байдлаар 7090.0 сая ам.доллар байгаа юм. Үндэсний статистикийн хорооноос гадаадын шууд хөрөнгө оруулт буурч, бизнес хумигдаад ирэхлээр татварын орлого буурсан үзүүлт гарах болсон гэнэ. Өнөөдрийн байдлаар улсын төсөв 915 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа юм.