"Чөлөөт хос" жүжгийн гол дүрийг бүтээж олны таашаалд нийцсэн жүжигчин Э.Тодгэрэлийг өдгөө драмын урлагийг шимтэгчид андахгүй билээ. Нэлээдгүй олон тайзны бүтээлд УДЭТ- гэх их айлын босгыг давсан цагаасаа хойш тоглосон. Тэгвэл анх удаа дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн юм. "Бид гурвын болзоо"-нд гол дүрийг бүтээж үзэгчдэд инээдийг бэлэглээд авсан авьяаслаг залуу.

 

 

Тэрбээр Ромео & Жулетта жүжигт Меркуциод дүрийг бүтээж байгаа. Өөрийн цахим хуудаснаа "Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд... Энэ гариг ертөнц дэлхий чинь хаашаа л эргээд байна даа. Нүдээ аниад нээхэд л нэг улс орон үгүй болж, дахиад нээхэд монгол хүн монгол нутаг дээрээ зулын гол болж, дахиад нэг нээхэд эрээ цээргүй охидуудын нүцгэн шалдан зураг, завхайрал, газрын төлөөх тэмцэл, алаан талаан, хүнд ноцтой гэмт хэргүүд, хүүхдийн орилсон дуу, цус нөж... Энэ бүхнийг дэргэдээс нь харж мэдрэх үйлийн үрийг бид өөрсдөө л хийж байгаа шүү дээ.

Дэлхий ээж эргээд биднээс хариугаа авч байх шиг байна. Хүн хүнээ хороож байх юм, ямар нүгэлтэй юм харах нь энэ вэ? Газраа булаацалдан идэж байх юм гээч, гай зовлон л авчрана даа, хүн хүнээрээ байхаа больж хоёр хөлтэйгөөс биш араатнаас дор харагдаж байна, хүн тохойн чинээ болж туулайн чинээ морь унаж явах цөвүүн цаг ирэх нь дээ, би биш юмаа гэхэд миний үрийн үрийн үрсүүд үзнэ гэж өвөг эцгийн минь зөгнөж хэлж байсан нь өнөөдөр биелэлээ олж байх шиг байна.

Нараа шүтдэг монгол эр хүн бөгс шүтэж, уул хайрхадтайгаа ярилцдаг ухаант монгол хүмүүс утсандаа боол нь болж, хатдын удамт бүсгүйчүүл нь харь хүний дэвсгэр болж, хаа гуяа ил гаргаж байж халтар төгрөгөөр хоолоо олж идэж байна. Идэж байгаа нь хүртэл өттэй, идүүлж байгаа нь үнэтэй, уулзсан найз минь хүртэл уцаартай, уншсан мэдлэг нь дандаа завхайрал.

Цэвэр монгол цустай хүн амьтан байна уу та минь ээ. Дэлхийн олон эрдэмтэд судлаад шохоорхоод байдаг тийм л агуу цус, тийм л агуу гень уул нь байгаа л юмсан. Газрын зургаа харвал үнэхээр дэлгэсэн тэрлэг шиг харагддаг. Өнөөдөр тэр тэрлэг хуниралдсан хиртэй майк шиг жижгэрчээ. Дураараа зарж үрдэг та нарын эд бараа юу??? Муу нусан толгойлсон төрд гарсан костюм пиджакуудаа... Зангиагаа тайлаад, автобусанд суугаад, талхаа идээд, 9911-ээ хаяад, нүүрсээ түлээд, над шиг ард түмэн шигээ амьдраад нэг үздээ.

Нэг хоног ч байтугай нэг цаг ч байж чадахгүй гэж цусаараа андгайлъя. Тархи чинь устай, гар чинь цустай төр барьдаггүй юмаа. Гуравхан сая хүрэхгүй хүн амыг 45 сая малаараа тэжээгээд, тэр бидэнд үлдээсэн баялагийг энэ тэнцүүхэн хуваагаад, ийм уудам газар нутаг дээр эрх дураар нь байлгах бодлогыг бодож олоход тийм хэцүү юм байхдаа. Адгийн наад зах нь арван жилийн хүүхдийн өгүүлбэртэй бодлого шиг л баймаар юм. Жишээ нь... Нэг бүдүүн дарга машиндаа суугаад хотын A цэгээс B цэг хүртэл 1,5 сая км2 замыг туулжээ. Ингэж туулж байх хугацаандаа монголчуудын тоо , малын тоог гаргаж гэнэ. Гурван сая иргэнд 45 сая малыг яаж энэ тэнцүү хуваах вэ? Адаглаа л ингээд бодлого зохиож болмоор юм. Тэр явсан бүдүүн даргын нийт хурдыг олоорой??? Тэр монголчуудынхаа амьдралын төлөө ямар хурдыг бидэнд үзүүлсийн? Бидний гар дээр юуг бодит байлгаад байгаа юм бэ? Өнөөдөр хэнд юунд итгэж амьдрах ёстой юм бол? Шатах ёстой юм бол шатъя гэж нэг маань нүдэн дээр минь дүрэлзлээ. Тэглээ гээд тэр хүний хохь болж, нэгхэн өдрийн сенсаци болоод л хариуд нь бүр ял оноогоод дууслаа. Яах гэж юуны тулд та өөрийгөө шатааж байгаа юм бэ? Яарсан үйлдэлд чинь ямар ч хариу барихгүй байгаа биз дээ тэр новшнууд.

Амиа золилоо гээд алдрыг чинь л магтана. Үгүй мөн зоригтой хүнээ гэж нэг хэсэг нь шогшроод л тэгээд маргааш нь мартна. Таны зурагны оронд таиландын гулгаа массаж гэсэн зарлалаар бүх юм солигдоно. Ийм л нийгэмд бид амьдарч байна ш дээ. Алдаа нь амьдрах итгэл зорилго нь болчихсон, амьдралыг гарын үсгээр шийддэг болчихсон, авилгал хээл хахуульгүйгээр ажил бүтэхээ байчихсан, амраг хайр хамаатан саднаараа төрд гарчихсан, аймар их малтай мөртлөө авч чадахгүй их үнэтэй, мах дайвар бүтээгдэхүүнээр маргаашаа зогоож, монгол охид нь нүцгэлж, монгол эрс нь эмсжиж, бурхнаа, нар сараа, ижий ааваа, үүх түүхээ, өрлөг баатруудаа, газар нутгаа, гень цусаа шүтэх биш хэн нэгэн шар үстэй шалдан гадны дуучинг, бөөр бөгсийг, бүдүүн даргыг, хагас нүцгэн эмсийг, хазсан алимтай гар утсыг, мөнгийг, мөөмийг шүтэхээр чинь арга ч үгүй дээ... Ийм зүйлийг үлдээгээгүй шүү дээ гэж их хаадын яс нь өндөлзөж, сүнс нь тарчилж, сэтгэл нь шархирч урагдаж байгаа. Хэзээ бидний дээрээс бөмбөг унаад ирэхийн бол доо бүү мэд. Өөрөө биш юмаа гэхэд үр хүүхэд маань л ийм тамланд амьд явах нь дээ. Бидний хойч ирээдүй болсон, монгол цусанд тэмүүлэн яарч байгаа, монгол хүн болох гэж бүрэлдэж байгаа бяцхан монголчуудаа... Уучлаарай... Ухаан дутсан төртэй, урагшгүй нийгэмтэй, улсаа худалдсан гадны газар нутагтаа тавтай морил..." хэмээн нийтэлжээ.

 

О.Ариун