Хямрал гэж хаа сайгүй ярьж, хэлсээр байгаа ч зарим нэгэн төрлийн бизнесийнхэнд бусдыгаа гэх энэрэнгүй сэтгэл байдаггүй бололтой. Сүүлийн үед нийгмийг шүүмжилсэн шинэ, сонирхолтой бөгөөд бодитой онигоо их гарах болсон. Ихэнх хүмүүс ажлын цагаар хоолны газар өдрийн хоолоо иддэг. Тэр тусмаа ширхэгийн хоол иддэггүй хүн тун ховор. Эндээс нэг л жишээг татъя.

“-Махны үнэ буучихаад байхад хуушуурын үнэ яагаад буухгүй байна вэ? гэхэд нь:

-Хэзээ хуушууранд мах орж байсан юм бэ.” гэжээ.

Энэ онигоог сонсоогүй ялангуяа сошиал ертөнцийнхөн бараг байхгүй. Эндээс санаа аваад нэгэн судалгааг хийлээ. Өөрөөр хэлбэл, хуушуурын орцын зардлыг махны үнээр харьцуулалт хийж үзэв.

Хуушуурын зардлыг тооцохдоо ихэвчлэн 1литр тосноос шалтгаалж гарах бүтээгдэхүүн гэж тооцдог байна. Өөрөөр хэлбэл 1 литр тосонд доорх хэмжээний бүтээгдэхүүнээр доод тал нь 80 ширхэг хуушуур гарна гэж тооцоолдог гэсэн үг. Зардал тус бүрийг авч үзвэл:

Бүтээгдэхүүний нэр

Орцын хэмжээ

Нэгж үнэ /төг/

Нийт үнэ /төг/

Тос

1 л

3800

3800

Мах

2 кг

4000

8000

Гурил

2 кг

1200

2400

Сонгино

0.5 кг

1200

600

Амтлагчууд

-

-

Ойролцоогоор- 500

Нийт дүн

15 300

Нийт 15 300 төгрөгөөр ойролцоогоор 80 ширхэг хуушуур хийдэг байна. Мах багатай хийвэл 100 гаруй хуушуур болдог гэж байгаа юм. Барааны үнийг хамгийн дээд үнээр тооцов. Үүнд бараандаа явах замын зардал болон цахилгааны төлбөр тооцоогүй л дээ. Харин хүн цалинжуулбал нэг хүнд 20-25 мянган төгрөг зарцуулдаг аж.

Ийнхүү 80 ширхэг хуушуурыг дунджаар 800 төгрөгөөр борлуулахад 64 000 төгрөг болно. Энэ бол хамгийн доод талын хэмжээ гэдгийг онцлоё. Тэгэхээр 1 литр тосноос шалтгаалан гарч буй хуушуураас хэчнээн төгрөгийн ашиг олж болохыг эндээс та бүхэн харж байна.

Гэтэл өмнө нь махны үнэ 8 000- 10 000 хүрч байх үед хуушуур мөн л иймэрхүү үнэтэй байсан. Тэр үеийн махны ханшаар та ч гэсэн дээрх хүснэгтийн дагуу тооцоолоод үзээрэй. Мэдээж ашигтай байдлаар үнээ тогтоосон нь тодорхой. Хар ухаанаар бодоход одоо 1 кг махны үнэ 4 ширхэг хуушуурын үнэтэй тэнцэж байна. Эсвэл онигоонд гардаг шиг үнэхээр мах хуушуурын орцоос хасагдаад ийнхүү үнэд өөрчлөлт гарахгүй байгаа юм болов уу гэсэн эргэлзээ ч төрөх шиг.

Дан ганц хуушуур биш гэдгийг сануулъя. Хуушуур бол зөвхөн жишээ. Бусад бүх төрлийн хоолны үнэ урьдын хэвээр байгаа.

Одоо харин махны бөөний үнэ Хүчит шонхор худалдааны төвд 2800 төгрөг хүртэл буурч байснаа эргээд өсч 3500 төгрөг болж байна. Цаашид ч өсөх хандлагатай байгааг тус захын худалдаачид хэлж байсан юм. Тэгэхээр манай бичигдээгүй хуулийн дагуу өсч байна гэсэн сургаар дахиад хоолны үйлчилгээний байгууллагууд хоолныхоо үнийг нэмэх вий дээ. Өсөхөд нь өсгөдөг шигээ буухад нь үнэнчээр буулгаж, дэм дэмэндээ амьдарч сурах сан даа.

Дашрамд сонирхуулахад, бууз хуушуураас ч илүү ашигтай гэнэ. Учир нь 1 кг мах, 1 кг гурил болон амтлагч ороод нийт 60 ширхэг бууз гардаг байна. Түүний нэгж үнэ нь 700 төгрөг. Ингээд та мөн ашгийг нь бодоод үзээрэй.

Ю.Халиун

bataar.mn