-Төлбөрийн тэнцэлд эерэг өөрчлөлт гарсан-

Монголбанкны ерөнхийлөг­чийн зөвлөх, Санхүүгийн тогт­вортой байдлын зөвлө­лийн ажлын албаны дарга Ц.Мөнх­баяртай ярилцлаа.

 

-Та дотоодын эдийн засагт ирж болохуйц гадаад орчны сөрөг нөлөөллийг хэрхэн харж байна вэ?

-Эдийн засгийн гадаад орчин таагүй, тодорхой бус байдал үргэлжилсэн хэвээр байна. Дэлхийн зах зээл дэх эрдэс түүхий эдийн үнийн их өсөлтийн мөчлөг дуусгавар болж, хөрөнгийн гадагшлах урсгал улам гүнзгийрсэн. Уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай, хөгжиж буй орнуудаас хөрөнгө дайжих хандлага үргэлжлэх төлөвтэй байна. Үүнийг дагаж хөрөнгө оруулалтын орчинд сөрөг хандлага давамгайлсан. Тиймээс дотоодын эдийн засгийн өрсөлдөх чадвараа сайжруулахад Төв банкны бодлого чиглэж байна.

-Монголбанкны хувьд хүрэх цэгээ хэрхэн зураглаж байгаа вэ?

-Эдийн засгаа дунд болон урт хугацаанд тогтвортой өсөлттэй, хүчтэй дундаж давхаргатай, төрөлжсөн эдийн засгийн бүтэцтэй болгохоор зорьж буй. Өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд инфляци тогтворжиж, урсгал тэнцлийн алдагдал буурсан. Ингэснээр төлбөрийн нийт тэнцэлд эерэг өөрчлөлт гарч байна. Дотоодын эдийн засаг тогтвортой, хандлага эерэг байх нөхцөл бүрдсэн. Үүнийгээ тогтвортой хадгалах нь чухал. Том бодлогоо хэрэгжүүлэхийн тулд төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог сайжруулахаас гадна өрсөлдөх чадвараа дээш­лүү­лэх шаардлагатай бай­на. Ма­най өрсөлдөх чадвар сул буюу дэлхийн 140 оронтой харьцуулахад 104-дүгээр байрт эрэмбэлэгдсэн.

-Хэрэв ирэх оны төсвийг УИХ алдагдалгүй баталсан бол мөнгөний бодлогын зөв­лөл хувийн хэвшлээ дэмж­сэн шийдвэр гаргах уу?

-Хувийн хэвшлээ дэмжих хэрэгцээ шаардлага бий. Таны хэлсэнчлэн ирэх оны төсвийг алдагдалгүй баталсан бол энэ чиглэлд мөнгөний бодлого хэрэгжих магадлал өндөр. Үүнийг Мөнгөний бодлогын зөвлөл хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргана. Мөнгөний бодлогод хувийн хэвшлээ дэмжих орон зай үүссэн. Инфляци нэг оронтой тоонд буюу 3.4 хувьтай тэнцэж байгаа нь дээрх боломжийг олгож байгаа юм. Гэхдээ бодлогын давуу болон сөрөг нөлөөллийг өмнө нь хэмжих шаардлагатай. Бодлогын өөрчлөлтийг инфля­цийн түвшинтэй наана нь уялдуулах ёстой.

Төсөв алдагдалтай байгаа нь нэг талаар мөнгөний бодлогын орон зай агшихад хүргэж байна. Хэдий ирэх оны төсвийг алдагдалтай баталсан ч 2017 онд алдагдлыг нь тэглэх, хуулийнхаа дагуу алдагдалгүй батална гэсэн хүлээлт бий. Энэ нь том зургаар нь харвал хүлээлтэд нааштай нөлөө үзүүлж байна. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн төсөвт илүү бодитой хандах болов уу. Баталсан төсөвт цаг хугацааны явцад тодорхой хэмжээний зохицуулалт хийх боломжтой. Ингэснээр бодлогын хүүгээ бууруулах буюу хувийн хэвшлээ дэмжих боломж Монголбанкны өмнө бий.

-Эдийн засгийн “шинэ тэнцвэр”-ийг ирэх онд бүрэн гүйцэд хангах боломжтой юу?

-Төсвийг алдагдалтай ба­талснаар эдийн засгийн “шинэ тэнцвэр”-т хүрэх хугацаа хойшилж байна.

-Зээлийн хүүг бууруулах асуудлыг ирэх оны мөнгөний бодлого хэлэлцэх үед УИХ-ын зарим гишүүн гаргаж тавьсан. Зээлийн хүү бууруулах эерэг орчин бүрдсэн үү?

-Эдийн засгийн тэнцвэрийг хангахгүйгээр зээлийн хүүг бууруулах боломжгүй. Нөхцөл нь хараахан бүрдээгүй байхад захиргааны аргаар буюу хүчээр бууруулбал, макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангах бодлогын зорилттой харшилна. Ингэснээр тогтворжиж буй инфляци, урсгал дансны алдагд­лаа хяналтаас гаргах сөрөг үр дагавартай. Түүнчлэн ханшийг сулруулах, банкны салбарт нэмэлт эрсдэлүүд үүсгэх талтай.

-Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын ээлжит тай­ланг танилцуулсан. Тэдний зүгээс таатай бус төсөөллийг дуулгалаа. Төв банкны хувьд эдийн засгийн төлөв, байдлыг хэрхэн харж байна вэ?

-Мөнгө, төсвийн бодлого алдагдалтай байвал инфляци, төлбөрийн тэнцлээ алдах эрсдэл өндөр. Эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангаснаар тогтвортой өсөлтөө хангах боломж, бололцоо бий. Гэхдээ санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл хэвээр байгааг бодолцох хэрэгтэй. Бидний хувьд эдийн засгийн өсөлтийг бүрдүүлж буй салбарт өсөлт гарах учраас эерэг харж байгаа. Таамаглал ямар нөхцөл байдлыг авч үзэж байгаагаас шалтгаалан байнга хувирч байдаг. Томоохон мега төслүүд эдийн засгийн төсөөлөлд чухал нөлөөтэй хэвээр байна.

-“Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ирэх оны хоёрдугаарт хагаст эхэлнэ. Энэ үед эхний ээлжинд нэг тэрбум орчим ам.долларын санхүүжилт дотоодын эдийн засагт орж ирэхээр хүлээгдэж байна. Үүнийг дагаж эдийн засагт, тодруулбал валютын захад хэрхэн эерэг өөрчлөлт гарах бол...

-Хүлээлт бидний өдөр тутмын амьдралд буй өөрч­лөлтөөс илүү эдийн засагт хүчтэй нөлөөлж байдаг. Эдийн засгийн бодлого ирээдүйн хүчин зүйлд үндэслэж өнөөдөр шийдвэр гаргадаг. “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг дагаж хөрөнгө оруулалт нэмэгдэх, экспортын орлогоос гадна бусад хөрөнгө оруулалт идэвхжих хүлээлт байна. Өөрөөр хэлбэл, төслийг дагасан дам нөлөө нь эерэг байгаа юм.

-Төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн өдрүү­дэд харьцангуй тогтвор­той байна. Олон улсын валютын сан юанийг нөөц валютын хэрэгслээр бүртгэж авахаар болсон. Энэ нь манай эдийн засагт хэр ач холбогдолтой вэ?

-Олон улсын валютын сангийн багц дотор юань орж ирж байгаа нь манай эдийн засагт эерэг байдлаар шууд нөлөөлнө. Юань олон улсын зах зээлд хөрвөх чадвартай хүчтэй валют болж байна. Хятад манай худалдааны томоохон голлох түнш учраас экспортын орлого эргээд валютын нөөцийг бүрдүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Манай гадаад валютын нөөцийн удирдлагад юань хөрвөх чадвартай болсноор эерэг нөлөөтэй. Валютын ханшид гадаад хүчин зүйл гэхээс илүү дотоодын бодлого хүчтэй нөлөөлж байгаа. Ханшид нөлөөлж буй хүчин зүйлийг задалж харахад гадаад орчны нөлөөлөл харьцангуй бага.

-Хөгжиж буй бүс нутгийн эдийн засгийн эрчим нь манай эдийн засагт яаж нөлөөлөх бол. Бидний хувьд бүс нутгаа дагаж хөгжих боломжтой юу?

-Хөрөнгийн урсгал манай эдийн засагт, тухайлбал, хөрөнгө оруулалтад нөлөөлөх байх. Олон улсын валютын сангийн аравдугаар сарын тоймоос үзэхэд, хуучин 2-3 жилийн өмнө дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хөгжиж буй орнуудын нөлөөлөх хувь хэмжээ өндөр байсан бол одоо хөгжингүй орнуудынх давамгайлж бай­на. Сүүлийн нэг жилийн үзүү­лэлтээс харахад, хөгжиж буй орных буурсан, хөгжингүй орнуудынх тэргүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, олон улсын зах зээлд нөлөөлөх манай бүс нутгийн оролцоо багассан.

-Эдийн засаг цаашдаа сэргэх болов уу, одоогийн байгаа байдлаасаа улам дордох уу гэсэн асуулт хариулт нэхсэн хэвээр байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Эерэг болон сөрөг хүчин зүйлийн аль, аль нь бий. Үүний аль нь давамгайлахыг хэлэхэд эрт байна. Жижиг эдийн засагтай учраас шинэ төсөл, хөтөлбөрийн нөлөө хурдтай байдаг. Ханшийн хувьд тогтвортой байх нь илүү чухал гэдгийг хэлье.