Нийслэлийн нэгдүгээр "Өргөө" амаржих газарт өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 21-нд нэгэн бүсгүй хүүхэдтэйгээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач 27 настай. Анхны хүүхдээ төрүүлэх гэж байжээ.

Түүнийг “Өргөө” амаржих газарт төрөхөөр очиход нь хэвтүүлэх ор байхгүй гэж хугацаа алдсан. Арай гэж хэвтүүлсний дараа өвдөөд байхад эмч нь “болоогүй, зүгээр” гээд тоогоогүй хэмээн түүнийг эцэг нь хэлсэн юм. Амаржих газарт эх, хүүхэд эндсэн хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэсэг шалгаж байгаа юм.

Мөн Эрүүл мэнд, спортын яамнаас ажлын хэсэг гарчээ. Энэ талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Шадар сайд Ц.Оюунбаатар “Энэ асуудлаар мэдээлэл аваад ажлын хэсэг томилсон. Эмч, эмнэлгийн ажилтны алдаа байна уу, эсвэл өөр суурь өвчлөлтэй холбоотой байна уу гэдгийг мэргэжлийн комисс шалгана. Ажлын хэсэг 14 хоногийн дотор дүгнэлтээ гаргана. Эх хүүхэд эндсэн асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана” гэжээ.