Засгийн газраас орон сууцны урьдчилгаа 30 хувийг 10 болгон бууруулж төрөөс даах бодлого баталсан. Энэ хүрээнд иргэд ипотекийн 10 хувийн зээлээр байраа авч, үлдсэн 20 хувийг нь Засгийн газраас даах тухай нэг хэсэгтээ шуугьж, иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн ч сүүлийн үед хэрхэх нь тодорхойгүй нам жим болоод буй. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайдын зөвлөх, ажлын албаны дарга Л.Цээсүрэнгээс тодрууллаа.

 

-Ипотекийн 10 хувийн зээлийн тухай нэг хэсэг эрчимтэй яригдаж байгаад таг болчихлоо. Одоо ямар шатандаа яваа бол?

-Сангийн яамнаас гаргах хөрөнгийн асуудалтай холбоотойгоор түр зогссон байгаа. Анх Засгийн газраас 10 хувийн зээл, 20 хувийн даатгалтай холбоотойгоор 200 тэрбум төгрөг төсөвлөсөнийг та бүхэн санаж байгаа байх. Эдийн засгийн хямралтай байгаа учраас санхүүжилт нь шийдэгдэлгүй өнөөг хүртэл удааширсан гэж ойлгож болно. Саяхнаас цөөн хэдэн төгрөгийн санхүүжилт орж ирсэн.

-Хэр хэмжээний төсөв орж ирсэн юм бол?

-90 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг эхний ээлжинд олгож байгаа. Үүнийг хэрхэн яаж зарцуулах талаар Сангийн яам, Монгол банкны хамтарсан ажлын хэсгийн журам гарах байх. Түүгээр л шийднэ дээ. Үүний дараа 20 хувийг хэрхэх тухай асуудлыг ярилцаж таарна.

-Зээлийг ямар үе шаттайгаар шийдвэрлэх вэ?

-Манай яам, Сангийн яам, Монгол банкны хамтарсан жижиг хэлэлцээрүүд хийсний дараа үүнийг шийднэ. Банкуудаар уу, санхүүгийн корпорациар уу гэдэг нь тэр үед тодорхой болох байх.

-10 хувийн зээлд хамрагдах шалгуурт иргэдийн амьжиргааны түвшнийг харгалзан үзнэ гэж байгаа. Гэвч одоо хүртэл ямар түвшний амьжиргаатай айл энэ зээлд хамрагдах боломжтой талаар иргэд сайн мэдэхгүй байна. Энэ талаар?

-Энэ бол зорилтот хөтөлбөр учраас манай яамны зүгээс баримталж байгаа бодлого бол хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, цалин мөнгө, санхүүгийн хувьд бэрхшээлтэй зорилтот бүлэгт үйлчлэхийг эрхэмлэж байгаа. Гэхдээ байрны үнээс мөн шалтгаална. Метр квадратын үнэ өндөр байвал зорилтот бүлгийнхэн маань өрсөлдөх боломжгүй болно. Бага байвал төдий чинээ олон хүн оролцоно л гэсэн үг.

-10 хувийн зээлийг орон нутгаас эхлүүлнэ гэж байсан. Үнэхээр орон нутгаас эхлүүлэх гэж байгаа бол аль аймгаас эхлүүлэх юм бэ?

-Засгийн газраас хэрэгжүүлж буй 100 мянган айлын орон сууц хөтөлбөр гэж бий. Энэ хүрээнд орон нутагт барьж байгуулсан орон сууцны талаарх нэгдсэн судалгааг гаргасан. Барилга байгууламж нь бүрэн ашиглалтад орсон, хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болсон аймгууд байна. Хэрэгжилт нь тааруухан аймгууд байна. Орон нутагт байрны үнэ 1 ам метр нь сая орчим төгрөг байна. Эндээс харахад зах зээлийн үнэ нь харьцангуй бага, тогтвортой байгаа учраас хөрөнгийн эх үүсвэрийн хагасыг нь орон нутагт шилжүүлбэл зүгээр ч юм шиг. Хотод бол харьцангуй барилгын үнэ бууж байгаа ч хоёр саяас төдийлөн доошлохгүй байна.

-Тэгвэл нийслэлийн хэмжээнд баригдаж байгаа барилгуудын хувьд яах вэ?

-Төрийн орон сууцны корпорацитай хамтран олгож ч болно. Буянт –Ухаа I, II гээд бэлэн болсон барилгуудад бол энэ зээлийг хамруулж болох байх. Гэхдээ эцсийн шийдвэр Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, Монгол банкны оролцсон зөвшилцөл, журмаар тодорхой болно.

-Эхнээсээ 90 тэрбумын санхүүжилт нь орж ирчихээд байгаа 10 хувийн зээл тэгвэл хэзээ иргэдийн гар дээр очих вэ?

-Ирэх сарын эхээр шийдэгдэх төлөвтэй байгаа. Нэгэнт санхүүжилт нь батлагдаад эх үүсвэр нь ороод ирсэн учраас удахгүй биз. Гэрээ болон жижиг сажиг зөвшилцөл хийгдсэний дараагаас хэрэгжинэ.

З.БАТХУЯГ

http://www.newscom.mn/