МЭНДЧИЛГЭЭ

Та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, 2014 оны ололт амжилт бүхэнд тань талархал илэрхийлье.

Бид хамтдаа хөдөлмөрлөж, амжилт бүтээлээ бататгасан нэгэн он улиран одож, цаашдын зорилгоо тодорхойлон илүү ихийг хийж бүтээх бас нэгэн шинэ оныг угтаж байна.

“Эрдэнэт” үйлдвэр 2014 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100 давсан хувиар биелүүлж нийт 1,3 их наяд төгрөгийн таваарын бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж улсын болон орон нутгийн төсөвт 448,5 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагын багийн зүгээс Хүний нөөц, Бараа материалын худалдан авалт, Санхүү-эдийн засгийн үйл ажиллагааг ил тод болгох, осол аваарь, авлага, улс төрөөс ангид байх, Геологи, Техник, Хаалт-Хөгжлийн бодлого тодорхой байх гэсэн үндсэн чиглэлүүдийг баримтлан ажиллаж тодорхой үр дүнд хүрч байна. Тухайлбал 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр худалдан авалтын үнийн зөрүүнээс 38 орчим тэрбум төгрөг, таваарын бүтээгдэхүүний зардлыг төлөвлөснөөс 24,8 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан үзүүлэлттэй байна. Хэмнэлтээсээ хамт олноо урамшуулж тодорхой нэмэлт цалинг оны өмнө олгов. Мөн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөний дагуу үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг эрчим хүч бага зарцуулдаг байгаль орчинд ээлтэй орчин үеийн шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар боловсронгуй болгож, үйлдвэрийн хүчин чадлыг 2015 оноос жилд 32 сая тонн хүдэр боловсруулах болгон нэмэгдүүлэх, нэгж бүтээгдэхүүний зардлыг бууруулах, улмаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажлыг 2015 оны эхний 4 сард багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ба өргөтгөлийн ажлын явц, гүйцэтгэл одоогоор сайн байна. Мөн “Эрдэнэт медикал” оношилгоо, эмчилгээний төвийн барилга, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг хүлээн авах ёслол хэдхэн хоногийн өмнө боллоо. Энэхүү оношилгоо, эмчилгээний төвийг ирэх онд бүрэн хэмжээгээр ашиглалтанд оруулж, дэлхийн жишигт нийцсэн, эрүүл мэндийн орчин үеийн, иж бүрэн чанартай үйлчилгээг Эрдэнэтийнхэн болон бүс нутгийн иргэдэд үзүүлж эхэлнэ.

“Эрдэнэт” үйлдвэр 2014 онд олон шинэ бүтээн байгуулалтыг дэмжин ажилласнаар Орхон аймагт нэлээн хэдэн үйлдвэрүүд ашиглалтанд орж, зарим нь үйл ажиллагаагаа дахин сэргээлээ. Тухайлбал “Ачит Ихт” компани “Эрдэнэт” үйлдвэрийн балансын бус хүдрийн 2-р овоолгыг түшиглэн катодын зэсийн шинэ үйлдвэр ашиглалтанд оруулж, 200 гаруй хүнийг ажлын шинэ байраар хангалаа. “Шим технолоджи” компани гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар молибдений баяжмал боловсруулах үйлдвэрлэлийг энэ оны 9-р сард дахин сэргээснээр 170 гаруй хүн ажиллаж байна. Түүнчлэн “Цагаан жим” маскны үйлдвэр, LED гэрлийн үйлдвэр, түүхий резин-резинэн бүтээгдэхүүний үйлдвэр, фильтрийн даавууны үйлдвэр, Бэрэн группийн Төмөрлөгийн цогцолборын Ширэм-ний үйлдвэр тус тус ашиглалтанд орж орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах эхлэл тавигдсанд бид баяртай байна.

“Эрдэнэт” үйлдвэр импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд 2013 онд дотоодын 19 компанийн 13 нэр төрлийн нийт 27,6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг худалдаж авсан бол 2014 онд 34 компанийн 23 нэр төрлийн нийт 45,7 тэрбум төгрө-гийн бүтээгдэхүүнийг худалдан авах замаар орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.

Ирж буй 2015 онд дэлхийн зах зээлд 1 тонн зэсийн үнэ буурах хандлагатай байгаа нь үйлдвэрийн эдийн засагт хүндхэн тусах нь гарцаагүй. Гэхдээ хамт олныхоо ажлын туршлага, мэдлэг чадварт итгэж байгаа тул хамтдаа үйлдвэрийнхээ зорилтот төлөвлөгөөгөө амжилттай биелүүлж ирэх оныг амжилт бүтээл арвинтай угтах болно.

2015 оноос бид үйлдвэрийн ажиллагсдын нийгмийн асуудалд онцгой анхаарна. Өөрөөр хэлбэл, орон сууцны хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна. Мөн Бүтээмж, инновацийн хөдөлгөөнийг бодит ажил болгож, сан бүрдүүлж ажиллагсдаа идэвхжүүлж, урамшуулах тогтолцоог бий болгоно. Хаалт хөгжлийн санг байгуулж цаашдаа үйлдвэрийг түшиглэн Орхон аймгийг аж үйлдвэрийн хот болгох “Хаалт хөгжлийн менежмент” төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлнэ. Удирдлагын багийн зүгээс баримталж буй санхүү эдийн засаг, худалдан авалтыг ил тод болгох бодлого нь 2015 оны 1-р сарын 1-нээс улс даяар хэрэгжих “Шилэн дансны тухай” хуулийн зорилготой нийцэж байгаа нь та бидний баримталж буй чиглэлийг улам бататгаж байна.

Шинэ оны босгон дээр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын “ENTREPRENEUR-14” шалгаруулалтаар Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буйг үнэлэн “Эрдэнэт” үйлдвэрийг анх удаа “Монгол улсын онцлох 10 аж ахуйн нэгж”-ийн нэгээр шалгаруулсныг хамт олондоо дуулгахад таатай байна.

Үйлдвэрийнхээ баялаг бүтээгч хамт олон, тэдний гэр бүл, ахмадууд, гадаадын мэргэжилтнүүд, хамтран ажиллагч байгууллагууд, Орхон аймгийн төр, захиргааны байгууллага, нийт иргэдэд шинэ жилийн баярын мэнд дэвшүүлэн, 2015 онд амжилт бүтээл, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.ДАВААЦЭРЭН