Нийслэл хотын төвөөр хувь, хувьсгалын шинжтэй үй түмэн сурталчилгааны самбар байв. Тэдгээр нь автомашин жолоодож яваа жолоочийн анхаарлыг сарниулаад зогсохгүй, нийслэл хотын өнгө төрхийг ихээхэн гутааж байсан хэмээн ад үзэгдсээр алга болсон.



Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сард том, том төмөр самбарыг хуйгаар нь хядаж, хотынхоо өнгө үзэмжид ихээхэн анхаарсан юм даг. Харин үүнийхээ дараагаар орчин үеийн “лед” буюу урсдаг гэрэлтэй самбарыг байрлуулна хэмээж байсан ч төдийгөөс өдийг хүртэл ажил хэрэг болсонгүй.



Хэдийгээр шинэ сурталчилгааны самбар байрлуулах нь хоолойд хутга тулгасны дайтай асуудал биш ч, цаг хугацааны эрхээр хуулийг гууль болгож, хувийнхаа самбарыг босгож, хэтэвчээ зузаатгах нэгэн олширч байна.



Үүний тодхон жишээ нь өнөөдөр эрх баригчдын сахал дор сүндэрлэжээ. Тодруулбал, Төрийн ордны чанх урд, хотын захиргааны байр буюу Хангарьд ордны хажууд хоёр ч том төмөр самбар байршиж, зар сурталчилгаа хийгээд эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор хариулт нэхэж, эзэн холбогдогчийг нь хайсан боловч самбар босгосон компанийн нэрийг тоймтой мэдэж байгаа мэргэжилтэн Сүхбаатар дүүрэгт лав алга.



Харин зөвшөөрөлгүй босгосон самбарыг буулгах албан бичгийг хотын захиргаанаас энэ сарын 5-ны өдөр харьяалагдах компанид хүргүүлсэн байна. Улмаар албан ёсны зөвшөөрөлгүй учраас тэрхүү самбарыг буулгах ажлыг зохион байгуулж, маргаашийн дотор нийслэлийн хөрөнгөөр буулгах аж. Тус самбар нь 9х6 хэмжээтэй бөгөөд нэг хоногийн тариф нь 200 мянган төгрөг гэнэ. Энэ мэт гаргасан шийдвэрээ эргэн харж, хяналт шаардлага тавихгүй бол хотын захиргааны хаяанаас хууль зөрчөөд эхэллээ.



Нөгөөтэйгүүр, хууль зөрчиж босгосон самбар бүрийг эзэн холбогдогч нь олдохгүй нэрийдлээр төсвийн мөнгөөр буулгах нь зохисгүй. Хэдийгээр, самбарыг буулгасны дараа аж, ахуй нэгжээс зардлыг шаардах хэдий ч, муур, хулгана болж тоглосны эцэст дор хаяж, бичиг цаас, цаг хугацааны алдагдал хүлээж байна.


Тиймээс иргэдийн татварын мөнгө хууль зөрчигчтэй хөөцөлдөж тоглоход зориулагдаагүй юм шүү гэдгийг дайя. Түүнчлэн эрэлтийг хэрхэн хангах вэ, гэсэн асуулт өнөөдрийг хүртэл компаниудад хуримтлагдаад байна. Өөрөөр хэлбэл, ашигтай байрлалд зар, сурталчилгааны самбар түрээслэх аль эсвэл самбар байрлуулах аж, ахуй нэгж үй олон.



Дээрх хууль зөрчиж босгосон самбар хүртэл аль хэдийн сурталчилгаагаа олсон байгаа нь самбараар дамжуулж, олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчилах сонирхолтой компани олон байгааг гэрчилнэ. Өнөөдрийн байдлаар Энхтайвны өргөн чөлөө дагуух авто зам болон явган хүний зам хоёрын хооронд байршсан сурталчилгааны самбарууд хамгийн эрэлт ихтэй гэгддэг. Тэдгээр сурталчилгааны самбар дээр байрших сурталчилгаа нь зурган хэлбэрээр байршиж, хэд хэдэн өдрөөр хадаастай байдаг байсан бол өдгөө “лед” болсноор олон өөрчлөлт гарсан.


Тухайлбал, самбар түрээслүүлэгчдэд тал бүрийн ашигтай болж эхэлсэн. Энэ нь урсдаг, гэрэлтдэг, солигддог, анивчдаг, нэг бус нэлээд хэдэн реклам гаргадаг гэдгээрээ давуу талтай. Бас өнгө үзэмжтэй. Гэхдээ тус самбарын гэрэл, гэрэлтүүлэг хоёр хуучны самбараа бодвол илүү их аюул дагуулж болохыг хаа хаанаа мэддэг. Тодруулбал, дээр дурдсан шиг шөнийн цагаар жолоочийн, явган зорчигчийн анхаарлыг сарниулах олон өнгийн гэрэлтэй. Гэтэл хуучнаа хуулах болсон шалтгаан нь авто замын осол хулдаасан самбаруудаас эхтэй байна гэх мессеж. Тэр дундаа жолооч нарын анхаарлыг сарниулж байна гэж албаныхан үзсэн юм. Хэрвээ үнэхээр хэн нэгэн хүний ашиг сонирхол, бизнес цаана нь явагдаж байна гэж харвал “лед” самбар харин ч жолооч нарын анхаарлыг сарниулах гол хэрэгсэл болно.



Урсдаг, тод гэрэлтсэн дэлгэцээр юу гарч байгааг нь харах гэсээр замаасаа гажиж, цаашлаад замын хөдөлгөөнд оролцож байгаа явган иргэдийг ч торохгүй дайрах хэмжээний зэвсэг бэлтгээд байгаа юм. Үгүй гэвэл, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг баталж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламжийг байгуулахыг хориглосон цагаан бүсийг тогтоож, дээрх ажлыг эхлүүлэх үеэр самбар буулгаж байх үед кран нь унаж 25-хан настай залуу амиа алдсан жишээ бий.



Эхнээсээ хүний амиар наадаж эхэлсэн хар мөртэй дээрх ажлыг өнгөцхөн харвал, их хотын өнгө үзэмжтэй холбоотой юм шиг мөртлөө, өнгийгөөд харвал хэн нэгний хэтэвчтэй холбоотой асуудал яах аргагүй мөн.



А.Чилүгэн