Жүжигчин Э.Мөнхтөртэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрээр “А-Сарреllа” хамтлагийн дуучин бөгөөд “Амьдралын амт”, “Сайн уу, амьдрал минь”, “Тагнуулч аав”, “Эр хүн болгож өгөөч”, “Аюултай харилцаа”зэрэг дэлгэцийн уран бүтээлийн дүрүүдээр нь үзэгчид мэдэх билээ.

-Сургуулиа хэзээ төгсөж байв. Дуучин болно гэж ярьдаг байсан юм билээ?

-2001 онд арван жилээ төгсөөд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид орох сонирхолтой конкурст бэлдэж байлаа. Тэр үед Хөгжимт драмын жүжигчин гээд дотроо жүжигчин, дуучин, бүжигчин, хөгжимчин гэсэн дөрвөлсөн мэргэжилтэй мюзик холл гэх ангийн элсэлтэд анх удаа авах гэж байна гэсэн. Тэгэхээр нь тэр ангид конкурсдээд тэнцчихсэн хэрэг.

-Арван жилээ хаана төгсөв. Хэр хөдөлгөөнтэй хүүхэд байв?

-Миний хүүхэд нас, өсвөр нас нэгдүгээр хороололд өнгөрсөн. “Ирээдүй” цогцолбор сургуулийг математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Гансүх багшийн удирдлаганд төгсч байлаа. Урлагийн хүн гэхээрээ багаасаа нүүр хагарчихсан задгай байдаг гэж ойлгодог байх. Би их даруухан, ичимхий хүү байсан. Тухайн үедээ хичээл сургалтдаа л анхаарах ёстой гэж боддог байлаа.

-Оюутан байхдаа нэг ангийнхантайгаа “A-cappel­la” хамтлагийг байгуулсан гэл үү?

-Анх конкурсдэж байхдаа л нэг нэгнийгээ таньдаг болсон. Нэгдүгээр курсийнхэн нэг нэгнийхээ тоглолт дээр анхаарч туслах үе бий. Дуулдгууд нь нийлж дуулаад л, бүжиглэдэг нь нэгдээд л явна. Тэр дундаас бид дөрөв бие биенийхээ дуулж байхыг сонсоод тухайн үедээ “Камертон”-ы анхны хөгжимгүй хэдэн дууг дуулдаг байлаа. Дээрээс нь дээр үеийн “Воуs II men”,” All 4 оnе” зэрэг аккабэль чиглэлээр дуулдаг барууны хамтлагуудыг багаасаа сонсдог. Бүр хоолой хоолойгоор нь цээжилчихсэн байсан. Тэрийгээ нийлүүлээд л дуулдаг байлаа. Бид дөрөв тэрэндээ урамшаад л хамт дуулдаг болсон. Ангийнхан, хүмүүс их урам өгнө. Тэр цагаас хойш арав гаруй жил өнгөрчээ.

-Хамтлагийн урын санд хэдэн дуу байна. Одоо шинэ уран бүтээл гаргах уу?

-“A cappella” хамтлагийн хувьд 2009 онд 10 дуутай “А альбом” гээд цомог гаргаж байлаа. Цомгоос гадна 30-40 дуу урын санд маань бий. Тэр дотор байгуулагдаж байхдаа дуулдаг байсан хөгжимгүй аккабель дуунууд ч байгаа. Тэрийг СУИС-ийн Мөнхзаяа багш маань найруулж өгч байлаа. Орос, буриад дуутай. Тэр дуунуудаараа хойшоо Улаан-Үд рүү явж тоглолт хийж байсан.

Одоогоор хамтлагийн Одбаяр маань АНУ-д амьдардаг. Тэндээ 5-6 жил болж байна. Энэ хугацаанд хамтлагийн шинэ уран бүтээл хийсэнгүй. Урьд нь байсан уран бүтээлээ дуулаад л явж байна. Гэхдээ бас шинэ уран бүтээлээ ярилцаж, бэлдсэн зүйл ч байна. Яг хамтлагаараа нийлж суугаад ярих юм байгаа учраас тэр цаг мөчийг хүлээж байна. Ер нь бол уран бүтээлээ хийнэ. Тоглолт хийнэ гэсэн төлөвлөгөө бий.

-Сургуулиа төгсөөд ангиараа “Хувьсал” продакшн руу орсон байх аа?

-2005 онд сургуулиа төгссөн. Төгсөөд гарахад ажлын байр олдоход хэцүү шүү дээ. Амжилт гарахаар ажилд орно гэдэг том бэрхшээл. Тэр үед “Хувьсал” продакшны Г.Цоггэрэл ах биднийг төгсөх курст харсан байсан. Өмнө нь оюутан байхдаа драмын жүжгүүдэд, хошин урлагийн тоглолтод орж байлаа. Тэр бүгдийг харсан юм шиг байна лээ. Тэгээд биднийг дэмжээд “Хувьсал” продакшны үндсэн ажилчнаар авч шинэ өнгө төрх гаргахаар ажилласан юм. Энэ нь үнэхээр амжилттай болж, 2005-2007 онд нийтдээ дөрвөн жүжиг тавьсан. Түүний хажуугаар тоглолтуудад оролцдог байсан.

-Дэлгэцийн уран бүтээлд хэзээ оров. Анхны дүрээ яриач?

-2008 онд “Хувьсал” продакшнаас гараад хамтлагийнхан маань “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-д харьяалагдсан. Нэгдэлд “Guys-666”, “Tv cocktail”, продюсер Томоо ах болон манай хамтлаг нийлээд уран бүтээл хийж эхэлсэн. Тус нэгдлийн анхны уран бүтээл “Сайн уу, амьдрал минь” кино байсан. Гурван хамтлагт зориулсан гурван хэсэгтэй. Түүний эхний хэсэгт гол дүрийн Эрхэм гэдэг залуугийн дүрд найруулагч Батболд ах намайг сонгосон. Тэр миний анхны дэлгэцийн уран бүтээл байлаа. СУИС-д байхад тайзан дээр л сургалт явагддаг шүү дээ. Төгсөөд бас тайзан дээр хоёр жил тоглочихсон болохоор дэлгэцийн уран бүтээлд тоглоход эхэндээ маш хэцүү байсан. Юмыг жаахан хэтрүүлж тоглоод байсан юм. Одоо харахад бас жаахан дутуу харагддаг. Тэрнээс хойш “Хайрын рекорд”, “Төрийн дайсан” гээд 20 гаруй кинонд гол ба туслах дүр бүтээсэн байна. Сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлээр дагнаж байна.

-“Сайн уу, амьдрал минь” кинон дээр жүжигчин Цэнгэлтэй хамтарч тоглосон. Хэдэн жилийн дараа “Эр хүн болгож өгөөч” кинонд хамтарлаа. Хамтарч тоглоход ямар байв?

-“Сайн уу, амьдрал минь” дээр Цэнгэл хоёрдугаар курс, би төгсөөд дөрвөн жил болсон байсан үе. Бид хоёрын анхны кино. Хоёулаа кино гэж мэдэхгүй хамт тоглож байсан. Харин өнгөрсөн хавар хийгдсэн “Эр хүн болгож өгөөч” киноны хувьд цаг хугацаа өнгөрч, нас ч явсан байна. Хувь хүний өөрсдийн хөгжил насаа дагаад нэлээд нэмэгдсэн байсан. Өмнөхөөсөө арай туршлагатай болцгоосон байлаа. “Эр хүн болгож өгөөч” киноны зохиол нь их хүнд хэлбэртэй. Хүн хүнээ ойлгох, гэр бүлийн хайр гэдгийг харуулсан кино учраас хүмүүст их хүрсэн юм шиг байна. Над руу сүүлийн үед хүмүүс их ярьж байгаа. Уулзсан таарсан хүмүүс энэ киног их онцолж байна лээ. Үзээд уйлсан гээд сэтгэгдлээ илэрхийлсэн. Энэ киног сайн уран бүтээл болсон юм болов уу гэж хувьдаа тоогоод байгаа.

-“Эр хүн болгож өгөөч” кино таны хувьд хэцүү байв уу. Тэс өөр ертөнц шүү дээ?

-Жүжигчин хүн ямар ч дүрд хувирах чадвартай байх ёстой. Тахир дутуу залуугийн дүрийг би эхэндээ их амархан бодож байсан юм билээ. Төсөөлөхдөө болчихмоор л санагдсан. Сүүлд бодоод байхад би их наагуур бодсон байгаа юм. Зураг авалт үргэлжилж байхад их олон бэрхшээлтэй тулгарсан. Болохгүй юм их гарсан. Өмнөх энгийн амьдралтай кинонд гайгүй л байдаг юм. Тухайн үед дүрдээ амьдраад л явчихдаг байсан. Гэтэл “Эр хүн болгож өгөөч” киноны тахир дутуу залуугийн дүр амьдрал дээрх тахир дутуу хүмүүсийн сэтгэлд буух болов уу гэж бодсон. Тэр болгоныг бодож өөртөө их ачаалал өгсөн ч байж магадгүй. Тахир дутуу хүмүүсийг харж, эргэж санаж кинон дээрээ тусгахыг хичээсэн. Их хүнд хэсгийг хийхээр магадгүй тахир дутуу хүмүүсийг доромжлох гээд байгаа юм шиг зүйл их байсан. Аль болохоор үнэн харагдах гэж, тэр хүмүүсийн сэтгэл зүйг гаргахыг хичээсэн. Харагдах байдлаасаа ямар байгаагаа харуулахыг хүсээгүй. Тэрийг нь аль болох нуусан. Хамгийн гол нь сэтгэл санааны бэрхшээлийг нь харуулах гэж хичээсэн. Энэ маань хүмүүст харагдсан бол амжилттай л боллоо гэж бодож байна.

-“Аюултай харилцаа” киноны тухай яриач. Бас их сонин сэдэвтэй кино санагддаг?

-Энэ кино 2014 оны намар хийгдсэн кино. “Хас” медиа энтертайнментийн Хүсэлбаатар найруулагч зохиолоо бичиж найруулсан кино. Хүслээ ахыг би энэ сэдвийг хийх гэж олон сар, жил бодож, шатаж, шаналсан юм байна гэж бодсон. Сэдэв нь дэлхий дахинд гэр бүл нийгэмшиж амьдрахын тухайд маш их тулгамдсан зүйл. Хосууд гэр бүл болоод эхэндээ нэг нэгэндээ таалагдахын төлөө дэврүүн байдлаар бүх л сайн сайхнаараа харьцдаг. Хэсэг хугацааны дараа бие биенийхээ сайн, муу талыг илүү таньдаг. Хэн хэнийг нь өөрөөр задалж, тэр болгон дээрээс хоорондоо зөрчилдөнө. Магадгүй зарим дээр нь таардаг л байх. Гэр бүлийн харилцаа, салалт цаашилбал хүүхэд өнчрөлт, өрх толгойлсон эхчүүд гээд маш том асуудлуудыг хөндсөн кино. Ийм зүйл бага байгаасай гэдэг үүднээс бичиж, найруулсан хэрэг. Найруулагчийн энэ санааг би маш сайн ойлгож, хичээж ажилласан. Энэ бол амьдрал дээр байдаг зүйл. “Гарын таван хуруу” кинон дээр Шагдар гээд зогсч байдаг шиг өөрийгөө дэлгэцнээс толинд харж байгаа юм шиг өөртэйгөө ярилцаж, бодох хэрэгтэй. Тэр киног үзээд өөрийгөө засч чадвал уран бүтээлчдийн хийсэн зүйл нь амжилтад хүрч байгаа юм болов уу гэж би боддог. Тиймээс хүмүүс илүү ойр санагдах гэж л ажилласан.

-Гар нийлдэг найруулагч бий юу?

-Жүжигчин хүн ямар ч хүнтэй гар нийлдэг байх ёстой. Миний хоёр дахь дэлгэцийн уран бүтээл болох “Хайрын рекорд” киноны “Go” студийн найруулагч Д.Галбаяр ахыг нэрлэнэ дээ. Тухайн үед би ганцхан кинонд тоглоод жил шахуу завсарлаж байхад намайг тоогоод кинонд тоглуулсанд баярладаг. Галаа ахтай гар нийлж, ойлголцоход их амар байдаг. Намайг мэддэг, мэдэрдэг юм. Галаа ахтай “Хайрын рекорд”, “Тагнуулч аав”, “Тусгай ажиллагаа” болон ирэх онд нээлтээ хийх гэж байгаа “Шуугиан таригч” гээд кинонуудад хамтарч ажилласан. Галаа ах намайг “Миний жүжигчин” гэдэг юм. Ах нь кино хийх гэж байгаа шүү гээд л залгадаг. Өмнөх кинонуудад Галаа ах найруулагчаараа би жүжигчнээрээ ажиллаж байсан бол одоо нээлтээ хийх “Шуугиан таригч” кинон дээр Галаа ахтай хамтарч тоглож байгаа.

-Олны танил хүн биеэ зөв авч явах ёстой гэдэг. Гэхдээ сэтгэл бухимдах үе бий юу?

-Дэлгэцээр гараад хүмүүст танигдаад ирэхээр сайн, муу хоёр талтай байх юм. Зарим нь таараад сайхан кино болсон байна лээ баяр хүргэе, амжилт хүсье гэдэг. Нөгөө талаасаа илүү хараад эхэлдэг л дээ. Алдаа гаргах эрхгүй. Гудамжинд машин барьж байгаад тулахад би уурлаж болохгүй. Тэрний буруу байлаа гэхэд би олны танил хүн биш байсан бол уурламаар л байна ш дээ. Ухраач чи гээд орилмоор байна шүү дээ. Гэтэл хүн харж байгаа учраас чимээгүй өнгөрөхөд хүрдэг. Гэхдээ энэ байх л зүйл. Муу талаасаа илүү сайн, эерэг зүйл нь их.

-Сэтгэлдээ хүртэл тоглосон кино байгаа юу?

-Байхгүй. Тухайн үед кинонд тоглоход болоод байдаг юм. Тухайн үедээ сэтгэлд хүрчихээд нээлтэн дээр үзэхэд энэ үед тэгдэг байж гэх эргэлзээ төрдөг. Эсвэл нээлтэн дээр үзэхэд гоё санагдчихаад хэсэг хугацааны дараа өөрийгөө голдог. Одоогоор ханасан дүр алга байна.

-Гэр бүлээ танилцуулаач. Эхнэртэйгээ яаж танилцаж байв?

-Эхнэр, хоёр хүүхэдтэй. Хоёр хүүтэй. Том хүү маань гуравтай. Бага маань ойтой. Ганцаардаж, ханьгүйдээд юм жаахан утгагүй болдог үе байдаг шүү дээ. Миний хувьд шаналаад өөртэйгөө зөрчилдөж байх үед эхнэртэйгээ танилцаж байлаа. Эхнэр маань миний шаналал, зөрчлийг үргээж зөв тийшээ чиглүүлсэн хүн дээ.

-Э.Мөнхтөр гэдэг хүн өөрөө ямар үзэл бодолтой хүн бэ?

-Үнэн, зөв байх юмсан гэж боддог. Багаас эмээ, өвөө, ээж, аав маань тэгж л өсгөсөн. Хүн ер нь тэр үгээр нь явдаг юм шиг санагддаг. Заримдаа асуудал тулгарахад бага байхад эмээ, өвөөгийн хэлж байсан үг л бодогддог юм билээ. Би анх удаа гадаад орон руу буюу урагшаа Хятад руу явахаар болоод өвөөд хэлсэн юм. Тэгсэн чинь өвөө “За миний хүү хүний газар нэрээ, олны дунд үгээ бодож яваарай” гэж хэлж билээ. Өвөө маань одоо 94-тэй хөгшин бий. Одоо болтол тэр үгийг нь би бодож явдаг. Үхэхдээ харамсах зүйлгүй байхсан гэж боддог.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Ерөнхийлөгчийн мэндчилгээнд оролцсон. Нэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийх “Шуугиан таригч” кинонд оролцсон байна. Энэ кино маань инээдмийн кино учраас он гарсны дараа стрессээ тайлж, шинэ оноо инээд хөөртэй, итгэлтэйгээр угтаасай гэж хүсч байна. Тэгж уриалмаар байна.

Миний хувьд өнгөрсөн онд хэд хэдэн уран бүтээлд тоглосон байна. Зун зургадугаар сард СУИС-ийг хамт төгссөн Хөгжимт театрын ангийнхан маань арван жилийн ойдоо зориулж уран бүтээл хийсэн. Энэ киноны арын ажил нь дуусаад хэзээ гарах нь тодорхойгүй байна. Он гараад нээлт хийх байх. Дээрээс “Prime pictures”-ын уран бүтээлд тоглосон. Тэр маань одоо удахгүй гарах байх. Өнгөрч буй оноо нэлээд хэдэн уран бүтээл дээр ажиллаж өнгөрөөлөө. Мөн шинэ ондоо энэ уран бүтээлүүдээрээ угтаж байгаадаа баяртай байна. Шинэ он гараад ч уран бүтээлийн санал ирчихсэн байна. Он гарсны дараахан уран бүтээлдээ орох байх.

-Ирээдүйн төлөвлөгөө?

-Төгсөөд арван жил боллоо. Дэлгэцийн уран бүтээл дээр ажиллаад долоон жил болж. Олон ч студи, продакшнтай хамтарч ажиллалаа. Тэр болгон дээр хүмүүсийн шинээр сэтгэж байгаа ололт амжилтыг харлаа. Энэ бүхний дүнд өөрийнхөө нэг бүтээлийг хийе гэж бодоод байгаа юм. Тэр нь дэлгэцийн уран бүтээл байх болов уу. Өөрийгөө жаахан сорих гэсэн юм. Хүний уран бүтээлд ороод яваад байхаар амжилт гаргасан ч хүнийх, алдаа гаргасан ч хүнийх л болоод байна.

Эх сурвалж: ddn.mn