Монголын уламжлалт цагаан сар болоход яг нэг сарын хугацаа үлдээд байгаа билээ.

Өмнөх жилүүдэд цагаан сар болохоос нэг сарын өмнө гэхэд Замын-Үүдийн хилийн боомтод ид хүн бужигнаж, хөл тавих зайгүй шахам байдаг байсан гэдгийг манайхан мэднэ. Гэтэл одоогийн байдлаар тэнд эзгүй шахуу байгаа бөгөөд Хятад руу явж буй ганзгын наймаачид байхгүй болж буйг хилийн боомтод ажилладаг хүмүүс хэлж байна.

Иргэдийн худалдан авах чадвар эрс буурч, мөнгөний хомсдол бий болсонтой холбоотой ч учир мэдэх зарим наймаачид үүнийг арай өөрөөр тайлбарлаж байгаа юм байна. Тодруулбал тэд хэлэхдээ “Зарим цөөхөн хувь нь залхаад хаясан байх.Үнэхээр гандан буурдаггүй цөөхөн хэд нь хааяа нэг Эрээн явдаг. Ганзагчдын залуу халаа гэж мэдээж одоо бараг төрөхгүй. Одооны залуусаас ч ганзгын наймаанд явах зоригтон ховор олдох биз дээ” гэжээ. Мөн энэ их хямрал мөнгөний урсгалыг эх орондоо төвлөрүүлж, үндэсний үйлвэрлэлээ дэмжиж, улс эх орноо хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг монголчуудад ойлгуулж буй он жилүүд ч байж болох юм.

Н.Ганаа