УИХ өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн чуулганаараа хэд хэдэн чухал хуулийг баталлаа. Энэ талаарх мэдээллийг багцлан хүргэе.

 

ХЭН НЬ ПОП УЛС ТӨР ХИЙВ

 

Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ч.Сайханбилэг, гишүүн Г.Уянга нарын хэрүүлийг долоо хоногийн онцлох үйл явдлаар нэрлэж болохоор байв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долоо хонгийн эхээр Г.Уянга гишүүн Ерөнхий сайдыг огцруулах тогтоол өргөн барьсан нь жинхэнэ шок болж чадсан. Учир нь, манай улс дэлхийн зах зээлээс өндөр хүүтэй их хэмжээний бонд босгох гэж байсан бөгөөд эцсийн байдлаар үзэглэхээс хэдхэн цагийн өмнө Г.Уянга гишүүн “бөмбөг тэсэлсэн” нь олон хүний эгдүүг хүргэж буй. Эрхэм гишүүний улс төр ингээд ч зогсоогүй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарын аавуудад хаяглан, хүүхдүүдийнх нь авир болохгүй байгааг дуулгасан захиа илгээсэн нь дарга нарын дургүйг ихээхэн хүргэсэн бололтой юм. Ч.Сайханбилэг сайд хамгийн эхний боломжоор микрофон ашиглан, Г.Уянга гишүүнийг ёстой нэг “бут ниргэв”. Тодруулбал, чуулганаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн ч ирц хангалтгүйн улмаас АН-ын бүлэг завсарлага авлаа. Учир нь, цөөнхийн бүлгийн гишүүн Ц.Нямдорж саналаа хэлэх гэтэл УИХ-ын дарга ийм боломж олгоогүй учраас МАН-ынхан хурал хаяж гарсан юм. Харин Гацууртын ордын хэлэлцүүлгийн шатанд гишүүн Г.Уянга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ширүүхэн маргалдсан юм. Тухайлбал, Г.Уянга гишүүн энэ маргааныг эхлүүлсэн бөгөөд “Хүннүгийн үеийн булш бунхнаа сүйтгэн байж Гацууртын ордыг ашиглахаар Монголын эдийн засагт ямар үр дүн авчрах вэ” гэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Одоо арай дэндлээ, Г.Уянга гишүүн ээ. Огцруулна, гацаана л гэх. Энэ улс орон яаж хөгжих юм бэ. Манай аав 80-тай, С.Баярцогт сай- дын аав бас 80 настай. 40- тэй хүүхэн 80-тай хөгшин рүү захиа бичээд байгааг нийгэм юу гэж ойлгох юм бэ. Боль л доо. Энэ хүмүүсийн хийсэн бүтээсэн нь таниас илүү. Амьдралынхаа ханийг алдчихаад гэртээ сууж байгаа хөгшнийг тааваар нь байлга. Хөгшчүүлийг амраагаад өг. Тав алхахгүй улс төр битгий хий. Улс төр чинь арай дэндлээ. Дөрвөн жил гангарлаа. Хүмүүс наад улс төрийг чинь дэмжихээ байсан. Засгийн газар Ноён уулаа хамгаалалтад авсан. Гацууртын ордыг үр- гэлжлүүлж ашиглаж дуусгах гэж байна. Ингэснээр татвараар дамжаад 240 сая ам.доллар орж ирнэ. 50 тонн алтны нөөцтэй болно. Долларын ханшийг буулгахад хэрэг болно. Эдийн засгаа явуулахгүй байна гэж та нар огцруулах асуудал тавьдаг. Та нарын наад улс төр хэтэрлээ” гэсэн бол Г.Уянга гишүүн ч мөчөөгүй өгсөнгүй. “Эцэг, эхийнхээ 25 жил хийсэн хөдөлмөрийг та нар нураасан. 1000 ажлын байрны төлөө, 240 сая ам.долларын төлөө Хүннүгийн булшийг ухдаггүй юм. Та бүхэн 600 сая ам.долларын зээлийг 10 гаруй хувийн хүүтэй зээлэх гээд явж байна. Та нар 25 тэрбум ам.долларын өр тавьсан. Гэтэл та нарын аав 11 тэрбум ам.долларын өрөөр энэ Монгол орныг босгосон. Одоо надтай хариуцлага ярих юм биш. Таны өөртөө оноо цуглуулах гэсэн популизм” хэмээж байлаа. Ямартай ч Засгийн газрын тэргүүн, гишүүн хоёр ийнхүү чуулганы индрээс ширүүхэн маргалдаад амжив. Харин энэ хэрүүлийн цаана хэн нь поп улс төр хийгээд байгааг мэдэхэд бэрх байсныг дурдах нь зүйтэй. Учир нь тэд бие биенээ л олонд таалагдах гэж популизм хийдэг хэмээн буруутгаж байсан юм.

 

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ БҮХ ХҮҮХДЭД ХЭВИЙН ОЛГОНО

 

Баасан гаригийн нэгдсэн чуулганаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 85.7 хувийн саналаар дэмжин анхны хэлэлцүүлгээр баталлаа. Харин энэ нь хүүхдийн мөнгө олгох тогтоол байсан бөгөөд амьжиргааны төвшнөөр нь ангилан, хүүхдүүдэд мөнгө олгохоор болоод байсныг залруулсан явдал байв. Ямартай ч УИХ-аар энэхүү тогтоолыг баталснаар хүүхэд бүрт алагчлахгүй сар тутам 20 мянган төгрөг олгохоор боллоо. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд 2016 оны төсвийн тодотголыг хамтад нь оруулж ирэхгүй болохоор нэг хүүхдэд 20 мянга биш, 12 мянган төгрөг оногдохоор болж байгааг дурдаж байсан. Тиймээс энэ асуудлыг яаж шийдвэрлэх, хэзээ төсвийн тодотголыг оруулж ирэх та- лаар тодруулж байлаа. Харин гишүүдийн энэхүү асуултад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Батлагдсан төсвийнхөө хүрээнд хүүхдийн мөнгийг бууруулахгүйгээр 20 мянган төгрөг олгоод явах боломжтой. Дутагдсан эх үүсвэр дээр нь төсвийн тодотголыг Засгийн газар оруулж ирнэ” гэсэн хариултыг өгсөн юм. Ямартай ч хууль тогтоогчид ийнхүү шийдвэрлэсэн учраас сар бүр олгодог хүүхдийн 20 мянган төгрөгийг цаашид саадгүй олгохоор болж байна.

 

ИРЭЭДҮЙН ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНГААР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ

 

Харин чуулганаар шийдвэрлэсэн дараагийн нэг чухал асуудал нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль байлаа. Уг хуулийг чуулганаар хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Харин энэ нь он гарснаас хойш хэн бүхний ярианы гол сэдэв болоод байсан ипотекийн зээлийн хүүг бууруулж, таван хувь болгох эрх зүйн орчин бүрдлээ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, уг хуулийг баталж Монголбанкны зүгээс 2.5 их наядтөгрөгийгшилжүүлснээр Ирээдүйн тэтгэврийн нөөц санг бий болгох юм. Ингэхдээ бусад орны нэгэн адил энэ санг ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд ашиглана гэсэн үг. Гишүүдийн тайлбарласнаар энэ нь хоёр талын ач холбогдолтой аж. Нэгдүгээрт, тэтгэврийн санг арвижуулна. Тэр хэрээр өнөөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн ирээдүй баталгаатай болж байгаа юм. Нөгөө талдаа ипотекийн зээлийг санхүүжүүлэх урт хугацаат найдвартай эх үүсвэр бий болж байгаагаараа ач холбогдолтой аж. Харин хэлэлцүүлгийн шатанд зарим гишүүн цаашдын эрсдлийн талаар асууж байлаа. Тухайлбал, гишүүн Ё.Отгонбаяр “Ипотекийн зах зээл гэнэт нурвал яах вэ, энийгээ дагаад энэ сан байхгүй болбол дагаад төрөөс хөрөнгө гаргах юм руу орчих вий” гэхэд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “Одоо байгаа тэтгэврийн сан эрсдэлд орсон. Үе үеийн Засгийн газар санг яаж мөнгөжүүлэх вэ гэдэг асуудлыг судалсаар ирсэн. Эцэст нь Ирээдүйн тэтгэврийн нөөц санг бий болгож, мөнгөжүүлэхээр болсноор энэ хуулиар зохи- цуулахаар оруулж ирж байна. Ингэхдээ ямар хөрөнгө оруулалт хийж болох вэ гэхээр ипотек байгаа. Хамгийн эрсдэл багатай нь ипотек. Мэргэжлийн байнгын хороодоос санал авсан. Сан- гийн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө явна” гэлээ.

 

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАНА

 

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн сүүлийн хуралдааны үеэр ирэх долоо хоногт ээлжит бус чуулган зарлан хуралдуулна гэдгээ УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдлээ. Учир нь, баасан гаригийн үдээс хойшхи чуулганаар Засгийн газрын мэдээллийг сонссоны дараа ирцгүй болсон учраас чуулганыг өндөрлүүлэхээс өөр аргагүй болсон юм. Энэ нь хурлын даргатай холбоотой бөгөөд Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэлэлцэх үеэр Ц.Нямдорж гишүүн үг хэлэх гэсэн боловч спикер “Хэлэлцэж буй асуудалтай холбоогүй үг байна” хэмээн түүний микрофоныг хаасан учраас цөөнхийн бүлэг үүнийг эсэргүүцэн, хурал хаясан юм. Уг нь уг хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай / шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд дараа нь төслөөр санал хураах байсан юм. Түүнчлэн Ноён уулын асуудлыг ч мөн эцэслэх байлаа. Ийнхүү өнгөрсөн долоо хоногт УИХ товлосон асуудлаа хэлэлцэж амжаагүй учраас энэ долоо хоногт ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар болов.

 

 

М.ӨНӨРЖАРГАЛ