Зүүн гараас шинэ заан Ч.Амартүвшин, Ч.Гочоосүрэн, Д.Цэнд-Аюуш,С.Хүрэлбаатар, шинэ начин Д.Батмөнх, Д.Дашжамц. Төв цэнгэлдэх. 1981.07.11

Монгол Улсын заан, гавьяат тамирчин Сарангэрэлийн Хүрэлбаатартай ярилцлаа.

-Цагаан сарын баяр хаяанд ирлээ. Хэн хүнгүй сар шинийн бөхийн барилдааны талаар таавар уралдуулж байна. Хоёулаа ч яриагаа эндээс эхэлье. Та цагаан сарын барилдаанд анх хэдэн онд зодоглож байсан бэ?

-1980 онд анх барилдаж хоёр даваад гурвын даваанд унаж байсан санагдана. Одоогоос гучин жилийн тэртээ юм даа. Би чинь сар шинийн барилдаанд хоёр ч удаа их шөвгийн дөрөвт шалгарсан юм шүү.

-Хэд хэдэн онд байх уу?

-1983,1985 онд юм. Наян гурван онд Д.Цэрэнтогтох аварга түрүүлж, Д.Амгаа заан үзүүрлэн, Х.Баянмөнх аварга бид хоёр их шөвөгт шалгарч байлаа. Наян таван онд Д.Хадбаатар, Д.Цэрэнтогтох, М.Мөнгөн бид дөрөв үлдсэнээс Хад аварга маань түрүүлж байсан юм.

-Өөрийг тань Буур Жамъян аваргын үед ид барилдаж байсан улсын заан Жамьянгийн удмынх гэж дуулсан юм байна. Энэ тухай тодруулахгүй юу?

-Аавын маань авга ах улсын заан “Пүг” Жамьян гэж хүн байсан. Манай Хөвсгөлийн Галт сумын уугуул бөх. Та сая хэллээ. Буур Жамъян аваргын үед барилдаж байсан гэж. Үнэхээр тийм юм билээ. Монголын бөхийн түүхэнд Буур аваргын үед ид барилдаж, бага залуудаа хийдэд шавилан сууж байсан хүчит заан хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Тэр лут хүнийг би муухан мэднэ. Аав минь том бөхийн удамтай ч барилдаж байгаагүй.

-Улсын наадамд барилдсан түүхээсээ хуваалцахгүй юу. Заан цолыг шууд хүртсэн байдаг?

-1979 онд анх барилдаж хоёр даваад гурвын даваанд улсын начин, бөх тайлбарлагч Ш.Чанрав багшид унаж байсан. Наян онд хоёрын даваанд Увсын Д.Төрмөнх начинд шороодсон юм. Тэр наадмаас хойш дараа жилийн наадам хүртэлх хугацаанд маш сайхан барилдсан байдаг. Ялангуяа заал танхимын барилдаанд тогтмол дээгүүр амжилт үзүүлж байсан. Ингээд ардын хувьсгалын түүхт жаран жилийн ойн наадамтай золгосон доо.

-Тэр жил өөрийгөө шууд заан болчихно чинээ бодож байв уу?

-Гурвын даваанд улсын начин Р.Даваадалайтай тунаж, дөрвийн даваанд аварга О.Балжиннямыг начин цолтой байхад нь мөн тунаж давсан. Тавын даваанд тухайн үед өндөр цолтой бөхчүүдийн зүрхэнд шар ус хуруулж явсан Дамдингийн Галдандагва начинг, зургаад Монгол Улсын заан Ёндонгийн Ишгэнийг начин цолтой байхад нь тунаж давж заан цолыг хүртсэн. Ойн жил байсан учир зургаа давсан бөхөд заан, долоо давсан бөхөд арслан цол олгож байв. Цолны давааг нэгээр урагшлуулдаг жишиг бий. Тэрхүү жишгийн дагуу л цол олгож байсан юм.

-Д.Галдандагва начинтай барилдсан барилдааныг тань сонирхож байна?

-Галдандагва гуай “Ах нь өнөө жил заан болох санаатай байгаа. Хэрвээ заан болчих юм бол ирэх жил дүүгээ заан цолонд хүргэнэ” гэсэн утгатай үг хэлж байлаа. Мань хашир намайг давчих юм бол зургаагийн даваанд Дамдин аварга баараггүй авна гэсэн бодолтой байсан болов уу. Дамдин аварга тэр хоёр их дотно байсан юм. Ер тэр жилийн наадамд бөхчүүд бүгд цолны төлөө зүтгэж байв. Улсын начин цолыг хоёрхон бөх авсан байдаг.

Зүүн гараас Б.Ганбаатар арслан, С.Хүрэлбаатар заан, Д.Цэнд-Аюуш заан,Ж.Ганболд заан

Д.Баяраа Өвөрхангайн Д.Дашжамц начинг улсын цолгүй байхад нь тавын даваанд амлаж барилдаад унаж байлаа. Хэрвээ давсан бол ааваараа зургаа даваад заан болох байсан даа. Галдандагва начинтай өмнөх жилийнх нь намар Баянхонгор аймагт болсон нэгэн барилдаанд барилдсан юм. Тэгэхэд би хутгаад давчихсан. Түүнийг санаад, намайг хутгах л байх гэж бодсон уу, хоёр хөлөө ээлжлэн хойш тавиад байсан. Ганц хүчтэй зайлахад их амархан уначихаж билээ.

-Зургаагийн даваанд Ё.Ишгэн зааныг начин цолтой байхад нь давсан. Мань хүн заан цолны төлөө зүтгэж байсан нь мэдээж?

-Өө, тэгэлгүй яахав. Дараа нь бодоод байх нь ээ, Ишгэн надтай туначихаад санаа нь жаахан уужирсан байж магадгүй юм. Давна гэдэгтээ хэт их итгэчихгүй юу. Тэр нь яаж илэрсэн бэ гэхээр намайг шуудагдаж, тэндээсээ өргөж цацаад хаяхдаа дутуудуулчихсан. Тэрхэн зуурт би тахимдаад давчихсан юм. Долоогийн даваанд Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох нарын аваргууд бас амлаагүй юм. М.Мөнгөнтэй туначихсан. М.Мөнгөн заан цолтой байв. Тэр хүнийг би үндэсний бөхийн багшаа гэдэг. Жилийн жилд наадмын бэлтгэлд хамт гардаг байлаа. Долоогийн даваанд гарч ирээд “Багш нь явчих уу” гэдэг юм. “Харгүй сайхан барилдчихъя аа, багш аа” гээд л золгосон. Давуулангуут нь сөргүүлээд цохичихсон чинь агаарт хөөрөөд явчихдаг юм. За ингээд шууд арслан болдог юм байжээ гэсэн бодол төрөөд явчихав. Тэгж бодоод л би Ишгэн шиг буруудсан даа. Дээшээ хөөрсөн хүн чинь нумарч бууж ирэхдээ яг дээр минь унасан. Ингээд Мөнгөн багш минь арслан, би заан болж байгаа юм.

-Аав, ээж тань амьд сэрүүн байв уу. Заан цол хүртэхийг тань мэдсэн үү?

-Ээж минь өнгөрчихсөн байв. Аав бол сэрүүн тунгалаг байсан. Нэг зүйлийг сонин болгож хэлэхэд, бөхчүүдийг нутаг усаар нь дуудахгүй, харьяа байгууллагаар нь дуудах шийдвэр гарсан юм. Хүрэлбаатар гэдэг нэртэй бөх олон. Нэг жилийн цагаан сараар долоон бөх барилдаж олны толгойг эргүүлж байсан талтай. Наян нэгэн оны наадамд Архангайн Хашаатын харьяат, улсын начин Б.Хүрэлбаатар бид хоёр хоёулаа аймгийн заан цолтой, Багшийн дээдээр овоглож зодоглосон юм. Тэгтэл Хашаатынхан радиогоор сонсоод нутгийн хүүгээ заан боллоо гэж баярлалдан, найр наадам болсон гэдэг. Харин “Багшийн дээд сургуулийн бөх, аймгийн заан Хүрэлбаатар улсын заан цолны болзол хангалаа” гэхийг сонсоод аавд нэг совин татсан гэдэг. Миний хүү л заан болчихов уу даа гэж боджээ. Тэгээд наадам шувтрах тал руугаа хандах үед шинэ цолтнуудыг овог нэртэй нь танилцуулахад бүх хүн мэдсэн байгаа юм. Өнөө найрлаж сүйд болсон Хашаатынхан гонсгор үлдсэн нь мэдээж. Заан цолыг хүртсэнээрээ аавынхаа далдын хүсэл мөрөөдлийг биелүүлсэн гэж боддог доо.

-Хүрэлээ зааны хувьд “ясны бөх” гэдгээ олон зүйлээр баталсан байдаг. 1997 онд дөчин нас шүргэж байхдаа төрийн наадамд зургаа давж дунд шөвөгт шалгарч байсан?

-Тийм ээ, ер нь харих тал руугаа хандчихсан үедээ Монгол Улсын заан Ж.Ганболдоор тав, залуу начин У.Балжиннямаар зургаа давж Б.Бат-Эрдэнэ аваргад унаж байсан. Олон жилийн туршлага, их спортоор хичээллэж, багагүй амжилт үзүүлж байсныхаа үр нөлөөг тэгэхэд гаргасан гэж боддог шүү.

-Та ер нь улсад хэд шөвгөрсөн бэ?

-Долоон удаа шөвгөрснөөс таван удаа зургаа давсан юм. Наян гурван онд Ё.Ишгэн, Д.Долгорсүрэн нарын хүчтэй заануудыг дараалуулж орхиод Х.Баянмөнх аваргад, ерэн онд Жамцын Даваажав начингаар зургаа давж Ж.Ганболд заанд унаж байсан. Тэр жилийн наймдугаар сард Хэрлэнгийн хөдөө аралд болсон Монголын нууц товчооны 750 жилийн ойн наадамд Өлзийн Сумьяа начингаар мөн зургаа давж Б.Бат-Эрдэнэ аваргад унаж байлаа.

-Их спортод үзүүлсэн амжилтуудаасаа дурдаач?

-1979 онд улсын шигшээ багийн тамирчин болсон. Цэндийн Дамдин, Жамсран, Ж.Ганболд, З.Дэлгэрдалай бид хэд нэг үеийн тамирчид. Амжилт гэвэл бас бий шүү. Ухаандаа, самбо болон жүдогоор улсын аваргын болзлыг 12 удаа хангасан байдаг. Олон улсын наадмаас алт, мөнгөн медалийн эзэн болж байсан. Харин нэг бахархууштай нь дэлхийн чанартай наадамд миний бие зургаан удаа оролцохдоо зургууланд нь медальтай ирж байсан. 1981 онд дэлхийн залуучуудын аварга болж байлаа. Наян гурван онд Киевт болсон самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас мөнгөн медаль, наян дөрвөн онд Испанийн Мадрид хотод болсон насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртээд, наян зургаа, наян долоон оны дэлхийн цомоос хошой мөнгөн медалийн эзэн болж байлаа. Мөн 1987 онд Францад болсон дэлхийн аваргаас хүрэл медаль авч байв. Самбо бөхөөр үзүүлсэн тэрхүү амжилтаа эргээд харахад сайхан л санагддаг. Энд нэг хүнийг онцолж хэлэхийг хүсч байна. УБДС (хуучнаар) – ийн физик, математикийн ангийн оюутан байсан намайг их спортод, бөхийн ертөнцөд хөтлөн оруулсан С.Хуушаан багшийгаа үргэлж дээдэлж явдаг юм. Багш минь намайг анх бөх болгосон түүхийг яривал барагдахгүй ээ.

-1994 онд Улс тунхагласны 70 жилийн ойн баяраар Пунцагийн Сүхбат гарьдыг заан цолтой ид байхад нь та алдарт бусгаа мэхээрээ хаяж түрүүлж байсан санагдана. Таны дархан мэх байв уу?

-Уг мэхээр олон хүчтэй бөхийг шороодуулж байсан. Тийм болохоор эвгүй л мэх байж. Том Сүхбатыг хаяж түрүүлж байсан гэснээс би 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталсны анхны барилдаанд Х.Баянмөнх аваргатай үлдэж түрүүлж байлаа. Улсын баяр болон цагаан сараас гадна болдог томоохон барилдаануудад хэд хэдэн удаа түрүүлсэн юм байна шүү.

-Нэг зүйлийг сонин болгож асуухад, 1998 оны наадмаар Д.Мөнх-Эрдэнэ арслан тавын даваанд таныг амлахад өөрөө ихэд уурлаж, барилдахгүй багагүй хугацаа авч байсан. Яагаад тэгсэн юм бэ?

-Яах юу байхав дээ. Мөнх-Эрдэнэ арсланг арай ч намайг амлахгүй байх гэж бодсон юм аа. Учир нь тэр жил (1998 он) – ийн хавар арсланг дагуулан өөрийн танил улсын нэртэй анчныд очиж гөрөөсний цус уун, үрээний засаа идэж хамт явсан юм. Тамир тэнхээ, хүч чадал авах гэж явсан нь мэдээж. Тухайн үед одоогийнх шиг хүч тамир оруулдаг элдэв янзын витамин, уураг зэрэг нь байсан биш. Амьхандаа, Мөнх-Эрдэнэ арсланд илүү хүч тамир оруулчих санаатай их л сэтгэл гаргасан юм. Мань хүн таван удаа үзүүрлээд байсан үе. Түрүүлж ч юу магад гэж дотроо бодож л байлаа. Тэгтэл намайгаа тавын даваанд амлачихдаг байгаа. Хэний ч уур хүрнэ биз дээ, бөх хүний жудаг гэж бас байна даа. Тэр жил нутгийнхаа нэг залууг дэмжих бодолтойг арслан мэдэж л байсан байхгүй юу.

-Та нэг хэсэг “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээг үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажилласан. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-Хөвсгөл нутаг монгол бөхийн өлгий гэдгийг Уйлган голоос төрсөн гурван аваргаараа батлан ойлгодог юм. Монгол бөхийн нэгэн үеийг эзэгнэж явсан гурван аварга (Д.Дамдин, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин)-ынхаа хөшөө цогцолборыг уугуул нутагтаа байрлуулж, залгамж халаа үеийг нь бэлдэх зорилгоор “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээг байгуулсан. Аваргуудынхаа хөшөөг бий болгосон тэр жил буюу 2007 онд Х.Мөнхбаатар маань төрийн наадмын түрүү бөхөөр тодорч биднийгээ баярлуулсан. Аваргуудын маань хийморь лундаа ус нутгийн зон олныг ивээлээ хэмээн ихэд сүслэн хүлээж авсан. Тэр цагаас хойш хоймор нутгийнхан маань эвлэлдэн нэгдэж, зөвхөн бөх гэлтгүй бүхий л салбарт манлайлж эхэлсэн. Үүнийг их аваргуудын минь хийморь гэж ойлгохоос өөр яах билээ. Дэвжээ байгуулагдсанаас хойш ус нутгаас минь гарсан эрхэм төрийн түшээд, дарга сайдууд бөхдөө анхаарал хандуулж, залуу бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилт хийх нөхцөл боломжийг хангаж, мөн ахмад бөхчүүдийнхээ ахуй амьдралд түшиг тулгуур болж яваад дэвжээний тэргүүний хувьд их баярладаг даа.

-Хөвсгөл нутаг бол яалт ч үгүй бөхийн өлгий. Нэг голоос гурван аварга төрсөн тохиолдол монгол бөхөд дахин давтагдахад бэрх болов уу. Танай сумаас ч гэсэн Д.Цэнд-Аюуш заан, Ганзоригийн Ганхуяг харцага гээд хүчтэй бөхчүүд төрсөн. Харин сүүлийн үед Ц.Содномдорж харцага олны анхаарлыг татаад байгаа даа?

-Манай Содномдорж бөх хүний олон шинжийг хадгалж төрсөн. Барилдаан нь жигдэрчихсэн сайхан бөх. Содномдоржийг юм дуулгана гэж алсдаа боддог.

-Та ингэхэд сар шинийн барилдааны түрүү, үзүүр бөхийг гадарлаж байгаа гэсэн?

-Гадарлах юу байхав. Гэхдээ дээгүүр барилдах бөхчүүдийг мэдэж байна. Мөн надаас бөхийн оноолт асуудаг найзууд бий. Тэдний ихэнх нь Бүрэнтөгсийг түрүүлнэ гэж таамаглаад байгаа. Би ч гэсэн Бүрэнтөгсөд саналаа өгчихөөд сууж байна, залуу арслан манлайлна биз дээ.

Ярилцсан Г.Лхагва