Монгол Улсаас ОХУ-д төлөх ёстой 174 сая ам.долларын өрийн 97 хувийг их өрийг шийдвэрлэсний адилаар тэглэж, үлдэх хувь буюу 3.8 сая ам.долларыг төлж барагдуулахаар хоёр улсын Засгийн газар тохиролцон 2010 онд хэлэлцээрт Сангийн сайд нар гарын үсэг зуржээ.

Уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор нэг удаагийн мөнгөн төлбөрөөр төлж барагдуулахаар тусгасан ба ОХУ-ын Төрийн Дум энэ оны нэгдүгээр сарын 27-нд тус хэлэлцээрийг баталсан юм. Энэ шийдвэр ОХУ-ын албан ёсны сайтад нийтлэгдэхтэй зэрэгцэн Монголын талаас төлөх дээрх өрийн өмнөх түүх, цаашдын үр дагаврыг Оросын хэвлэлүүдэд хөндөн бичиж байна.

 

Хоёрдугаар сарын 1-ны өдөр НСН мэдээллийн агентлаг бичихдээ Улстөрийн мэдээллийн төвийн ерөнхий захирал Алексей Мухины сонирхолтой байр суурийг уламжилжээ. Алексей Мухин дээрх өрийн хэлэлцээрийн талаар буюу 174 сая ам.долларын өрийн 97 хувийг тэглэсэн талаар сэтгүүлчид ярихдаа ОХУ Монголын баялгийн нөөцийг сонирхож байгаа гээд “ОХУ сайхан сэтгэлийн үүднээс өрийг чөлөөлөөгүй. Энэ нь ердөө прагматик тооцоо. Монгол бол зарим үйлдвэрлэлд шаардлагатай зэс, цөмийн элементийн асар их нөөцтэй. Монгол Улс өрийг тэглэсний хариуд Япон, Хятадтай өдгөө ширүүхэн өрсөлдөж буй Оросын компаниудад илүү боломж олгоно” гэж онцолжээ.

Харин өөр эх сурвалж “Монгол Улс одоогоор хүнд нөхцөлд байгаа. Тус улсад өөр өрүүд ч бий, иймд одоогоор энэ өрийг төлж чадахгүй биз. Харин ОХУ-аас эргүүлээд дахин зээл хүсч мэдэх юм. Санаж байгаа бол 2010 онд Сангийн сайд Алексей Кудрин санамж бичигт гарын үсэг зурсны дараа ОХУ Монголд 125 сая ам.доллар хүртэлх хэмжээтэй зээл олгох боломжийг судалж болох юм гэж байсан” хэмээжээ.

Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины хүрээлэнгийн Монголыг эрхэлсэн секторын эрхлэгч Владимир Грайворонский ярихдаа “Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд саарч, 2014 онд бүр унасан. Тэрчлэн хоёр ч том төсөл болох төмөр замыг хөгжүүлэх, ураны салбарт хамтран ажиллах талаарх яриа хэлэлцээ урагш огт ахиагүй” гэж онцолжээ.
Нэг үгээр хэлбэл, Оросын хэвлэлд өрийг шийдвэрлэсэн асуудлыг дэлгэрүүлэн үүний хариуд “ОХУ Монголын баялаг, тэр дундаа ураны салбарт хамтран ажиллах сонирхлоо зөрүүлэн тулгана” гэсэн таамаглал руу хөтөлжээ.

Монголын албаны эх сурвалжуудад ОХУ-ын дээрх сонирхол цоо шинэ зүйл биш байх. Үнэхээр ч сүүлийн арваад жилд хоёр орны хооронд хийгдсэн янз бүрийн түвшний айлчлалуудын хүрээнд “Монголросцветмет”- ын зээлийн өрийн асуудлыг “их өр”-ийг шийдсэн зарчмаар зохицуулах, ураны салбарт хамтран ажиллах, Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүнийг Оросын Холбооны Улсын Алс Дорнодын боомтуудад дамжин тээвэрлэх, түүний дотор төмөр замын урт хугацааны хөнгөлөлттэй тариф тогтоохтой холбогдсон асуудлыг тохиролцох, Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ үндсэнд нь Оросын Холбооны Улсаас импортоор хангаж буйг харгалзан түүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах болон Монголын талаас хийх экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудаар харилцан тохиролцсоныг баримтуудаас харж болох юм.

ОХУ-ын НСН агентлагийн мэдээлэлд ноён Грайворонский Монголын ураны салбарт хөл тавиад байсан канадууд Монголоос гарсан ч олон улсын Арбитрын шүүх канадуудын талд гарсныг онцолж буйг ч дурдсан байна. ОХУ-д төрийн аливаа бодлого, шийдвэрийг гаргахын өмнө судалгааны томоохон “тинк танк” байгууллагууд өргөн хүрээнд ажилладаг гэдэг. Тэгвэл Оросын хэвлэлүүд тэдгээр томоохон судалгааны хүрээлэнгүүд “Монголын нөхцөл байдал, ОХУ-ын сонирхол, эрх ашгийг хэрхэн томьёолж” байгааг эх сурвалжаа болгосон байгаа нь санамсаргүй зүйл биш юм.

Тэгэхээр энэ удаад их өрийн үлдэгдэл “Монголросцветмет” үйлдвэрийн гэх 174 сая ам.долларын үлэмж хувийг /97%/ тэглэсний дараа ОХУ бусад хуучин сэдвүүд, тэр дундаа ураны салбарт хамтран ажиллах сонирхлоо дахин идэвхийлэн сөхөхөд гайхах хэрэггүй бололтой.

Өглөөний сонин
З.Боргилмаа