Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ цагт хатан ухаант, хацар гоо монгол бүсгүйчүүдийн төлөөлөл “Монголоороо” төвийн тэргүүн, уртын дууч Г.Эрдэнэчимэгийг сэтгүүлээрээ дамжуулан уншигч тантай уулзуулж байгаадаа баяртай байна. Хамаг Монголын голомтыг сахиж, уртын дууны шуранхай хадаах хувьтай төрсөн монгол хүр бүрт энэхүү ярилцлага нэгийг бодогдуулах биз ээ.

TV ZONE: Сайн байна уу? Сар шинэ дөхөөд завгүй ч урилгыг маань хүлээн авсанд баярлалаа.

Г.Эрдэнэчимэг: Баярлалаа. Уулзах хүмүүс уулзаж, учрах хүмүүс учирдаг шүү дээ. TV ZONE сэтгүүлээрээ дамжуулан уулзах учиртай байж.

TV ZONE: Сүүлийн үед шинэлэх өдрийн хувьд маргаантай байх болсон ч Монгол ёс уламжлалаараа бахархдаг Үндэсний томоохон баяр. Танай гэр бүл хэрхэн тэмдэглэдэг вэ?

Г.Эрдэнэчимэг: Тиймээ, өвлийг өнтэй давсны баяр хэмээн тэмдэглэдэг утга учир нь байх болов уу. Тэмдэглэх өдрийн хувьд янз янзаар ярилцдаг. Цаг хугацааны шалгуураар уламжлагдсан үндэсний баяр маань байх ёстой бол байж л байна. Үүнийг цаг хугацаа л харуулна. Гэр бүлийн маань хувьд Сар шинээр хөгшчүүлдээ их хүндэтгэл үзүүлдэг. Энгийн үед бие биенийхээрээ ч орох завдалгүй байдаг бол жилд нэг удаа Сар шинийн баяраараа бүгдэд нь очиж золгон, амар мэндийг нь асуухыг хичээдэг.

TV ZONE: Монголоороо байх энэ сайхан ёс уламжлалыг зөвхөн залуус ч гэлтгүй Монгол түмэндээ харуулж, үлгэрлэж, уриалж байгаа гэр бүл тань сар шинийн гоёлоо хэрхэн зэхэв?

Г.Эрдэнэчимэг: Ер нь бид өдөр тутамдаа дээл хувцсаа өмсдөг болохоор тухайн өвөлдөө зориулсан үстэй дээлээ цэвэрхэн сайхан арчлаад л өмсчихнө. Баярын гоёл гэж тусгайлан бэлдээд байдаггүй ээ.

TV ZONE: Өдөр тутмын дээл хувцсанд нь хүмүүсийн хандлага ямар байна?

Г.Эрдэнэчимэг: Өдөр тутамдаа хөнгөн, богиновтор дээл өмсдөг. Ер нь эмэгтэй хүн бүсэлхийгээрээ дулаахан явах ёстой юм билээ. Бүх өвчний эх үүсвэр гэдэс, нуруугаараа даарснаас болдог гэж дуулсан юм байна. Үстэй дээлээ өмсөөд салхи авахгүй, өвдөхгүй, даарахгүй өвөлжих боломжтой. Одоо бол дэлгүүр хоршоо, энд тэнд дээлтэйгээ явахад хүмүүс хэдийнээ дассан байна лээ. Зарим нь хүлээн зөвшөөрөхгүй, дэндүү туйлширч байна гэж боддог байх л даа. Хүн болгон өөрийн бодолтой, сайхны үнэлэмж нь хүртэл өөр байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийг үгүйсгэх аргагүй. Би заавал таалагдах гээд байх ч албагүй. Үстэй дээл хувцас нүсэр санагдаж байвал тэр хүн нимгэн, хөнгөн хувцсаа өмсөөд л яваг. Ер нь хүмүүс монгол хувцсаа өмсөх хандлага илүү болсон. Загварын хувьд ч гэсэн өдөр тутамд өмсөхөд хялбар пельникээс ялгаагүй байхаар урлаж байна. Би үндэсний онцлог гэж байх ёстой гэж боддог. Монгол хүн өөрийн гэсэн өв соёл, түүхээ мэддэг, ганц нэг дээл хувцастай байж, үр хүүхдүүд нь дээлнийхээ ач холбогдол, яаж хийдэг гээд тэр болгоныг мэдэж өсөх хэрэгтэй. Би ярихаараа нэг л мэдэхэд хүүхдийн хүмүүжлийн талаар яриа уруу орчихоод байдаг юм. “Үлгэрлэхгүй бол үглээд хэрэггүй” гэдэг үгийг санаж хүүхдүүддээ үлгэрлэхийг хичээдэг.

TV ZONE: Тийм ч учраас үндэсний өв соёлоо дээдэлсэн “Монголоороо” төвийг байгуулсан байх? Хэр олон хүн зорьж ирж байна вэ?

Г.Эрдэнэчимэг: Жилийн өмнө нэгдэж байсан Монголоороо төвийг яг зорьж ирж байгаа хүмүүс монгол ёс уламжлалаа сурах чин сэтгэлтэй нь мэдрэгддэг. Бий биелгээний сургалтанд балетийн сургуулийг зорьдог шиг олноороо ирдэггүй ч хүү, охиноо үнэхээр үндэсний соёлд сургая гэсэн хүсэл аав ээжүүдээс мэдрэгддэг. Монголоороо төв дээр уртын дуу, бий биелгээ, монгол бичгийн анхан шатнаас уран бичлэгийн түвшний хичээл, Баясуулан ариусахуй монгол бясалгалын хичээл, эсгий урлалын чиглэлээр сургалт явуулж байна. Би өөрөө гар урлалд сонирхолтой. Тиймээс эсгийгээр ямар ч оёдолгүйгээр хэрхэн бүтээл хийдгийг сонирхож өөрөө ч гэсэн суралцсан. Үнэхээр сонирхолтой, гоё юм билээ.

TV ZONE: Үр минь үлдэх хорвоо гэсэн ухаанаар хүүхдүүдийнхээ хүмүүжилд их хариуцлагатай ханддаг юм байна. Охидтой нь танилцъя.

Г.Эрдэнэчимэг: Би хариуцлагагүй хандвал миний хүүхэд үр хүүхдээ буруу хүмүүжүүлнэ. Тэр үед миний хүүхэд зовох вий гэж их санаа зовдог. Үеийн үед удмынхаа үргэлжлэлд зөв хүмүүжлийг үлдээх тэр ухаан чухал. Эх хүн хүүхдийнхээ алдааг ч мэддэг, оноог ч мэддэг болохоор чамбай өсгөх ёстой юм шиг санагддаг. Хүүхдээ загнахдаа ч анхаарах ёстой. Ямар сайндаа хүүхдээ юм хийх тоолонд нь болохгүй гэсээр байгаад, “Миний нэрийг болохгүй гэдэг юм байх даа?!” гэж хүртэл боддог гэсэн сургамж байдаг. Хэрвээ болохгүй зүйл бол айлгах биш утга учрыг нь тайлбарлаж өгдөг. Хүүхэд өөртөө итгэлгүй болох, өөрийгөө голох, хүнд үнэн үгээ хэлж чадахгүй байх зэрэг сул тал бол энэ “болохгүй” гэсэн хоригоос үүдэлтэй байх. Хүүхдээ өөртөө итгэлтэй, өөрөөсөө гарч байгаа хүч чадлаа зөв юманд зарцуулдаг, цагийг үр дүнтэй өнгөрөөдөг, хөдөлмөрч, хүн зарах гэдэг биш өөрөө урд нь ороод хийчихье гэдэг болгож өсгөх юмсан гэж боддог. Тэгэхийн тулд би өөрөө юмнаас хойш суух ямар ч эрхгүй. Өглөө босоод л өөрийн ажлаа ингээд бүгдийг нь хийчих юмсан гэсэн эрмэлзэл, хурдтай өдрийг эхлүүлдэг.

TV ZONE: Аав ээжийнх нь хоорондын харилцаа үр хүүхдийн ирээдүйд нөлөөлдөг гэдэг. Та хоёр энэ тал дээр хэрхэн анхаардаг вэ?

Г.Эрдэнэчимэг: Хүүхдийнхээ нүдэнд ил, далд ч гэсэн бид нэг их муудалцаад байдаггүй. Жаахан үл ойлголцол үүсвэл “Яагаад?” гэж байгаад л хоорондоо ярилцдаг. Хоёулахнаа сууж байгаад л санасан бодсон, гомдсон, баярласан бүх юмаа бүтэн өдрийн турш ч ярих нь бий. Үүний дараа бүх бие хөнгөрөөд, бүх юмыг хайрламаар их гоё мэдрэмж төрдөг. Үжингүнж, Өдрийнцолмон хоёр маань 4, 5 настай. Аав нь охидтойгоо хамт тоглоно, үлгэр ярьж өгнө, нэг нь нуруунаас нь зүүгдээд л нөгөө нь хөлөн дээр нь суугаад тоглоё, тоглоё гэж гүйлдээд л... ёстой л уулын өвөрт өнхөрч унаад л эрхэлдэг шиг харахаар надад тийм сайхан мэдрэмж төрдөг. Аав хүн ийм л байдаг болохоор “Аавын минь нөмөр” гэх мэтчилэн сайхан дуу төрдөг юм байна даа гэж боддог.

TV ZONE: Эмэгтэй хүн ханьдаа эрхэлдэг, тунидаг. Жавхлан нэг 3 охинтой аав шиг л байдаг уу?

Г.Эрдэнэчимэг: Манай хүн бодь талдаа хүн. Учиргүй эрхлүүлж, энхрийлээд байхгүй ч хийж байгаа үйлдлээрээ цаагуураа хайр нь мэдрэгдэж байдаг. Ялангуяа шинэ уран бүтээлд орж байгаа энэ үед дууны сонголт, хөгжмийн найруулга, бүх юман дээр санаа зовоод л одоо яах гэж байна? одоо ингэчихвэл, тэгчихвэл гээд л санаа тавьж байгаа нь л их том хайр гэж би хардаг.

TV ZONE: Уран бүтээлдээ эрчимтэй орж, шинэ дууныхаа клипийг цацах гэж байгаа талаар дуулсан. Ер нь төслийн хэмжээнд томоор сэтгэж уран бүтээлээ хийдэг гэж би хардаг. Энэ удаад?

Г.Эрдэнэчимэг: Ер нь тэгдэг шүү. Миний хамгийн эхний ганцаарчилсан уран бүтээл гарлаа. Цаашлаад цомгийн ажил сайн явагдаад ирэхийн цагт дараа нь тоглолт төлөвлөсөн. Өвөр Монголын мартагдах шахсан “Зургаан ханатай гэр” бэсрэг уртын дууг сэргээж дууллаа. Өөртөө таарсан, сонсогчдын сонирхолд нийцсэн сайхан дуунуудыг шилж этник хэв маягийн уран бүтээл хийе гэсэн төлөвлөгөөтэй байна. Хамаг Монгол төслөөс хойш “Хамаг Монгол”-ын бүх дуунд би их дуртай болсон. Дараагийн уран бүтээл маань халимаг дуу байх болно. Бүгдийг нь чадах чинээгээрээ их гоё уран бүтээл болгохыг зорьж байна. Шинэ дууныхаа клипэнд өөрийн өсч төрсөн Монгол ахуйг тусгахыг зорьсон. Би Багадаа үхэр, тугал унаад л явдаг охин байсан. Заримдаа үүнийгээ их үгүйлдэг. Тиймээс ч шинэ клипдээ сарлаг унасан, энгийн нэг монгол бүсгүйн төрхийг тусгасан.

TV ZONE: Энэ бүгдийн цаана нэгдсэн Монгол гэсэн их том үзэл санааны үргэлжлэл оршиж байгаа болов уу гэж харж байна. Онцолмоор сонин түүх яривал сонсогчдод маань содон мэдээлэл байх болов уу?

Г.Эрдэнэчимэг: “Хамаг Монгол” төслийн ажлаар явж байхад Халимагууд мөрөөдлийн орон, Тэнгэрийн орон хэмээн Монголыг хүндэтгэдэг. Монголдоо очихыг хамгийн их хүсч, хүлээдэг төдийгүй баруун аймагт очоод үзчих юм бол тэр хүний энэ насных нь хүсэл биеллээ гэж үздэг юм билээ. Монгол хүнийг маш их хүндэлнэ. Нэг удаа би дэлгүүрээс юм аваад, бичүүлэх гээд урт дарааллын ард очоод зогсож байтал “Монгол хүн уу? Монгол хүнийг урт дараалалд зогсоож болохгүй, та урд ороод бичүүлчих” гээд арав гаруй хүн намайг урдуураа оруулсан. Мөн гудамжинд манай нөхрийг бүр тэвэрч аваад гарыг нь үнэрлэн “Монгол хүний үнэр ийм байдаг байх гэж бодож байсан. Яг тийм байна” гээд л... гайхалтай. Бид энд АНУ, Солонгос, Японыг шүтэж харийншаад байхад тэнд байгаа бидний мах цусны тасархай биднийг Тэнгэрийн оронд амьдарч байна гэдгээр төсөөлж, хайрлаж байдаг. Ээж нар нь өглөө болгон цайныхаа дээжийг Монгол нутагтаа өргөж, хэзээ нэгэн цагт өвөг дээдсийнхээ нутагт очих юмсан гэсэн халуун сэтгэл тээж явдаг юм билээ.

TV ZONE: Монгол ёс заншлаасаа өдөр тутамдаа авч хэрэгжүүлдэг ямар зан үйл байдаг вэ?

Г.Эрдэнэчимэг: Нүүдэлчний үр удам л юм болохоороо манайх гэр барьчихсан, тэндээ очиж хэд хононо, эргээд байшиндаа ирж хэд хононо. Таван ханатай гэртээ байгаа үедээ цай сүүнийхээ дээжийг сайн өргөнө. Манайх зул их өргөдөг. Хоол унд, мах шүүсээ дээжилж тавьдаг. Өвөг дээдэс маань тэр хоол цайны дээжийг мах нь хатаад дуустал, дээж нь ширгээд дуустал үнэрээр нь хооллодог гэдэг шүү дээ. Зарим хүмүүс үүнд нэг их ач холбогдол өгөлгүй тээр шаадаг байх. Гэхдээ бид ч гэсэн нэг өдөр махан биеэ орхих болохоор өвөг дээдэстээ хүндлэл үзүүлэх нь зүйтэй болов уу.

TV ZONE: Зовж үзээгүй хүн жаргаж байгаагаа мэддэггүй гэж бичсэн байсан л даа. Зовлонгийн талаар бодлоо хуваалцаач? Зарим хүнд энд байгаа юмыг тэнд аваад тавих нь хүртэл зовлон шиг бодогддог байх.

Г.Эрдэнэчимэг: Тийм шүү, яг тэгж бодож байсан юм байна. Яалт ч үгүй хүнд бэрхийг бол хүн сэтгэлийн хатаар л даваад гарна. Харин залхуу хүнд бүх л юм түвэгтэй, зовлонтой, хэцүү байдаг бол ажилсаг хүнд бүх юм амар байдаг. Хүн ер нь сэтгэлээрээ их зовдог юм шиг санагддаг. Шал дэмий болохгүй юманд санаа зовоод л, бүтэхгүй зүйлд санаашраад л, болоод өнгөрчихсөн зүйлд гутраад л, эсвэл маш амархан хийчих юманд шаналаад л хүнийг бодол нь ядраадаг. Хүн өөрийгөө сэдэлжүүлж байх ёстой юм билээ. Гоё сэдэл авдаг номоо үргэлж авч явж, залхуу хүрэх, гомдох үедээ ч юмуу нөгөө номоо эргүүлээд уншчихаар сэтгэл нь сэргэдэг. Жишээлбэл, би тэмдэглэлийн дэвтэртээ байнга хүмүүсийн хэлсэн гоё үг, өөрт буусан мэдрэмжээ бичдэг. Гоё зүйлээр эрч хүч авах, сайхан бодол, өөртөө бичсэн захиа, гоё номоос, гоё дуунаас хүн дандаа өөрийгөө хөглөж, эрчилж байх ёстой юм байна гэж боддог.

TV ZONE: Гоо сайхны будалт эмэгтэй хүнийг нэг зиндаа ахиулдаг гэдэг. Тиймээс ч эмэгтэй хүнийг будаггүйгээр төсөөлөх аргагүй гэж зарим нь үздэг бол будаггүй төрхийг магтан дуулагсад ч олон. Энэ талаар таны бодол?

Г.Эрдэнэчимэг: Хамгийн гол нь хүн өөртөө таалагдаж байх ёстой. Надад будагтай Эрдэнэчимэг байх нь таалагдаж байна уу? будаггүй Эрдэнэчимэг байх нь таалагдаж байна уу? гэдэг л байхгүй юу. Би огт буддаггүй биш л дээ. Арьсаа арчилна, жаахан тодотгох юм байна. Надад өөрт хэтэрхий их будчихсан Эрдэнэчимэг таалагддаггүй. Хааяа манай дүү нар ямар нэг арга хэмжээнд явах болоход намайг будаж өгдөг. Тааруулаад бага будна шүү гээд л будуулдаг. Найзуудтайгаа хамт хааяа гоо сайханд орно. Хамгийн эцсийн үр дүн нь би хэн нэгэнд таалагдах биш, би энэ биеэ ямар байлгавал надад тухтай, би өөртөө итгэлтэй байна гэдгээ л бодох хэрэгтэй. Магадгүй нүүрээ маш тод будчихаад тэгсэн мөртлөө сэтгэл дотроо өөртөө итгэлгүй хүн байж болно шүү дээ. Тэгэхээр тэр хүн нүүрнийхээ будгийг дүүргэх ёстой юу? Сэтгэлээ дүүргэх ёстой юу гэдгийг л маш сайн анзаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Нүүр будалтыг өөртөө итгэх итгэл болгож байж ч болно. Тэр итгэл бол нүүрнээс биш дотроосоо, сэтгэлээс, цээжнийх нь гүнд байгаасай гэж бодож, тэр тал дээр өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг.

TV ZONE: Хэрхэн хөгжүүлж байна.

Г.Эрдэнэчимэг: Би өглөө эрт босоод Баясуулан Ариусахуй Монгол бясалгалд суудаг. Багш маань оюун, ухамсрын ялгаанаас эхлээд өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах, хүлээн зөвшөөрөх талаар ярьдаг. Монголчууд дээр үед эмнэлэг, шоронгүй байх үедээ муу үйлдэл маш бага гардаг байсан гэдэг. Яаж тэгж зөв амьдраад байсан бэ? гэхээр хүн тус бүр дороо суурьтай, дотроо бодолтой, бүх юманд хүндлэлтэй ханддаг байсан гэдэг. Баясуулан Ариусахуй Монгол бясалгалын багш маань маш олон жил Төвд, Энэтхэг, Монгол ухаан судалж өөрөө бүх юмны зүй тогтлыг тайлан, монгол бясалгал гэдэг зүйлийг гаргаж ирсэн байдаг. Лекц хичээлийн дараа амьсгалын дасгалаар биеэ цэвэрлэх, өөртөө хүч хураах дасгалуудыг хийдэг. Зарим үед яалт ч үгүй тасрах болоход би дэвтрээ эргүүлж хараад, өөрийгөө сэдэлжүүлдэг. Тэгэхээр их гоё байдаг. Хүн өөрийгөө хайраар хөглөх ёстой юм билээ. Өөрийгөө, үр хүүхдээ, нөхрөө, эргэн тойрны эд юмсыг хайрлаад л хайраар хандах тусам бүх зүйл өнгө орж байдаг. Юмыг хийхдээ ч “түвэгтэй юм” гэхийн оронд гялс хийчихье гээд эергээр хийхээр тэр болгон амар, ажил хүртэл амттай, ажил биш зугаатай гоё зүйл болж хувирдаг. Бодол нь хүнд байхаар бие нь хүндрээд, царай зүс нь барайгаад л байна. Бодол хөнгөн байх тусмаа царай гэрэлтээд, арьс хүртэл зөөлхөн, цэвэрхэн болчихсон ч юм шиг мэдрэмж төрдөг. Хүн гадна талаасаа л шаваад, гадаад зүйлд л санаа зовоод байхаасаа илүү Би хэн бэ? Миний хийж байгаа зөв үү? Би хаачих вэ? Надад ямар мэдрэмж төрж байна? гэх зэргээр бодож бусдын зөвлөгөөг дагахаасаа илүү өөрөөсөө бүх гарцыг хайх ёстой. Энэ бол миний зарчим.

TV ZONE: Ярилцаж суухад сайхан байлаа. Ярилцлагаа таны үгээр жаргаая.

Г.Эрдэнэчимэг: Гал бичин жилдээ монголчууд маань нүдэндээ галтай нүүрэндээ цогтой, бүгд сэрж, бүгд гэрэлтэж, нэгнээ хайрлаж, хийморьтой, аз одтой, галтай цогтой байх болтугай гэж ерөөе.

TV ZONE: Ерөөл бат сайхан оршиг. Гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал хүсье.

 

Эх сурвалж: www.ubs.mn