Нийслэлд бараг хамгийн олон салбартай гэх “Миний” сүлжээ дэлгүүрийн хариуцлагагүй, эрүүл ахуйн хяналтгүй, сэтгэлгүй байдал хэрээс хэтэрлээ.

Үнэндээ байсхий­гээд л араасаа нэхэл, гомдол дагуулж байдаг тус сүлжээ дэлгүүрийн худалдаалж буй бүтээгдэхүүнээс болж дахиад л хэрэг мандав. Бид энэ талаар нэхэн сурвалжилсан юм.

“МИНИЙ” СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР ДАХИАД Л МУУДСАН ЖИМС ХУДАЛДААЛЖЭЭ

Өчигдөр гэхэд Баянзүрх дүүр­гийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний хайпермаркет”-д зарж байсан жимс, хиам дотор муудсан бүтээгдэхүүн олон байсныг нэгэн хэрэглэгч утасныхаа камераар баримтжуулж авчээ. Тодруулбал уг салбарын жимсний лангуунд тоор, хиам зэрэг бүтээгдэхүүнүүдийн муудсан хэсгийн зургийг авсан байна. Мэргэжлийн хяналтын байгуул­лагаас өмнө нь сануулга өгч, торгож бүр гурван салбарыг нь хааж байсан удаатай. Мөн хэвлэл мэдээлэл иргэд ч уг дэлгүүрийн үйл ажиллагааг үргэлж шүүмжилдэг атал тэд яагаад ийм хариуцлагагүй байна вэ, тэд. Элэг нэгт монголчуудаа хордуулж хорвоог орхиулах гээд байна уу, аль эсвэл байнга донгодуулсаар байж чих нь дөжирчихсөн үү. Уг нь монголчуудын ходоод хогийн сав биш л юмсан. Дэлгүүрийн худалдагч, хариуцсан менежрээс яагаад ийм муудсан, хугацаа нь дууссан бүтээдэхүүн худалдаалж байгааг асуухад “Ийм олон барааг бид нэг бүрчлэн тоолохгүй шүү дээ. Хэрэглэгчид ч гэсэн хугацаа нь дууссан барааг хэлж байх хэрэгтэй” хэмээхээс өөр үг цухуйлгахгүй.

Мөн нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, олны нэрлэж заншсанаар аравдугаар хорооллын “Миний зах”-д ажилчид нь уржигдар худалдаалах төмс буулгажээ. Гэтэл худалдагч нь “Бас л муу төмс байна шүү дээ. Одоо яана” гэж байсныг миний хоёр танил дуулснаа хэлж байв. Нэг хэсэг “Миний” дэлгүүрийн 117 дугаар салбарын цагаан будаанаас үхсэн хачигны сэг илэрсэн талаарх мэдээ олныг цочроож байсан. Түүнчлэн  Баянзүрх дүүргийн “Миний хай­пермаркет” сүлжээ дэлгүүрт худалдаж байсан хоёр килограммаар савласан цагаан будаанд шалгалт явуулахад тутраганы шөвгөр хошуут цох амьдаар илэрч байжээ. Тус дэлгүүрийн сүлжээ дэлгүүрүүд хариуцсан дарга н.Нямсүрэн гэж хүнтэй холбогдоход “Гадуур явж байна. Бид үйл ажиллагаагаа сайжруулах гээд хичээгээд л байна шүү дээ. Чи манай маркетингийн мэргэжилтэнтэй холбоо барь” гэлээ. Гэвч тэр мэргэжилтэн нь утсаа авсангүй.  Энэ сүлжээ дэлгүүр шиг олон худалдааны байгууллага нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ тэр болгоноос үргэлж асуудал гараад байдаггүй. Харин “Миний” сүлжээ дэлгүүрээс яагаад байнга “хариуцлагагүй” гэх нэр зүүгдэнэ вэ.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХАН “МИНИЙ” СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙГ ШАЛГАХДАА НҮДЭЭ ТАГЛАДАГ УУ

Тэгэхээр иргэдийн хэрэглэж буй хүнсний аюулгүй байдал зэргийг хянаж, шалгаж байх ёстой байгууллага нь нийслэлийн болон дүүргүүдийн мэргэжлийн хяналтын газрууд. Чухам эдгээр газруудын нүд, сонорт “Миний” сүлжээ дэлгүүрийн муудсан, хугацаа нь дууссан бараа ер тусдаггүй бололтой. Бид тус сүлжээ дэлгүүрт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хэрхэн шалгалт хийж, хянадаг талаар лавлалаа. Уг газрын Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Улсын ахлах байцаагч Г.Эрдэнцэцэгээс холбогдох асуудлуудыг тодруулахад “Бид сар шинийн өмнөхөн хуваарийн дагуу хүнсний бүх дэлгүүрүүдэд шалгалт хийсэн. “Миний” сүлжээ дэлгүүрээс ямар нэгэн муудсан, шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдаалж байгаа гэх нэг ч зөрчил гараагүй. Шалгалтын дүгнэлт дотор ч зөрчилтэй гэсэн ямар ч үг, өгүүлбэр алга” хэмээн нэлээд уцаарлангуй хэлэв. Мөн уг дэлгүүрт өнгөрсөн 2012 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд ганц, хоёр зөрчил илэрснийг мэдээлж байсан. Гэвч дээрх ахлах байцаагч дэлгэрэнгүй хариулт өгөхийг хүссэнгүй. Тэрбээр цааш нь “Бидэнд одоогоор ямар нэгэн гомдол ирээгүй” гэж байна. Хэрэв иргэдээс гомдол ирэхгүй бол тэд зүгээр суугаад байх юм гэж үү. Уг нь төрөөс тэдэнд цалин, хөлс өгдөг. Ямар нэгэн алдаа дутагдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй барааг хэрэглэгчид хүрэхээс нь өмнө шалгалтаараа илрүүлэх ёстой байгууллага. Гэтэл энэ газрын үйл ажиллагаа тийм биш бололтой. Зөвхөн томоохон баяруудын үеэр л шалгалт хийдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, шинэ жил, Цагаан сар, наадам, хүүхдийн баяраар л шалгалтаа явуулдаг аж. Иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстой байгууллагын үйл ажиллагаа ийм хязгаарлагдмал байж болох уу, та минь. Нөгөөтэйгүүр Эрүүл мэндийн салбар бас мэргэжлийн хяналтынхан зөвхөн хэвлэлээр гарсан мэдээний хүрээнд ажлаа хийдэг байгууллагууд юм уу гэх хардлагыг төрүүлэх боллоо.

Л.БААТАРХҮҮ